Ажил, амьдралын амтыг мэдрүүлсэн МАРТАГДАШГҮЙ НАМАР

2021 оны 09 сарын 30

Харсан зүг бүрт чарлаа улаан капатал хойш урагш уухичиж хөрс нь хөндийрсөн шороог сэндийлж боловсорч гүйцсэн төмсийг  бөндийтөл  нь гаргах ажээ. Ажлын байрагшуу хувцас өмссөн залуучууд борви бохисхийлгүй ил гарч ирсэн төмсийг шуудайлцгаана. Талбай бүрт 40 килограммын саарал шуудайтай төмс эгнэн бөндийлдөнө. Хүдэр чийрэг биетэй залуус төмөр утсаар дангинатал уясан мөнөөх шуудайтай төмсийг  мөрөн дээрээ тэвхийтэл өргөөд зоорь руу зөөнө. Тэнд зүгээр сууж байгаа хүн нэг ч алга. Нарны эртэд ургацаа хурааж авах гэж цаг нартай уралдах ажээ. Цаг агаарын мэдээгээр ойрын үед цас орно гэсэн сурагтай тул ийнхүү яарч буй нь тэр ээ.  Энэхүү ажлын талбар бол Төв аймгийн Жаргалант сумын тариалангийн талбай юм. Энд Батлан Хамгаалах их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэл зэрэг их дээд сургууль, коллежийн хоёр мянга гаруй оюутан ажил хөдөлмөр хийхээр цуглажээ. Залуусын дуу шуугиан, ажил хөдөлмөр буцалсан оюутны намрыг ийнхүү сурвалжлав.

ОЮУТНУУД ӨДӨРТ 40-50 МЯНГАН ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙЛАА

Намрын хяруу өвсөө даран бууралтаж, Сүмтэй уулын цаанаас шинэ өдрийг эхлүүлж шаргал наран мандлаа. Гэгээ орж эхлэхэд машин, техникийн чимээ гарч үдшийн бүрий тасартал төмстэй машины цуваа тасрахгүй. Газар тариалангийн бүс нутаг Жаргалант суманд намрын намарт ургац хураалтын ажил ундарч байдаг.  Төв аймгийн Жаргалант сум нь 9000 гаруй га-д төмс тариалжээ. Үүний 10 хувь нь зуны бороонд үерт автжээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 70 хувьтай байна. Тариалангийн бүс нутгаар өнгөрсөн зун хур тунадас олон жилийн дунджаас ч их унаж нар хангалттай үзээгүйн улмаас ургацын хэмжээ муу байгаа ажээ. Жаргалантын тариалангийн талбайд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэргэжилтнүүд ирж судалгаа, дүгнэлт хийгээд явжээ. Энэ жилийн хувьд чийгнээс  болж төмс хадгалалт даахдаа муу байгаа аж. Ирэх жил ч мөн тарьсан талбайдаа тарихгүйгээр өөр газар сэлгэн тарьж үрээ ариутгах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөөд явжээ. Төмс чийгшил ихтэй байгаа учраас хадгалах явцад муудаж болзошгүй гэж тариаланчид санаа зовниж байв. Жаргалант сумаас зүүн хойш байрлах Харанхуй хэмээх талбайд Батлан хамгаалах их сургуулийн оюутнууд ажиллаж байсан юм. Тэд талбайгаас төмсөө хураана, шуудайтай төмснийхөө амыг уяна, том машин дээр ачна, грашинд үр тавораар нь ялгах, зоорилох гээд олон шат дамжлагатай ажлыг түүртэлгүй хийж байлаа. Төмс хураана гэдэг хүн хүчний оролцоо их шаарддаг тул ажил голохгүй хэн бүхнийг орон байраар хангаж, хоол ундыг нь бэлдэж, цалинг нь тохирч ажиллуулдаг байна. Нэг шуудайг нь 1500 төгрөгөөр бодож хөлсийг нь олгодог гэсэн үг. Оюутнууд өдөртөө багцаагаар 40-50 мянган төгрөгний ажил хийдэг юм байна. Ургац хураалтанд мөн цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг оролцуулж байлаа. Хөвсгөл, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Ховд, Хэнтий аймгаас ч ажиллахаар хүмүүс иржээ. 

 

АЖИЛДАА ЯДАРЧ ШАНТРАХ ҮЕ БАЙСАН Ч ҮЕИЙНХЭНДЭЭ ДАСААД БУЦМААРГҮЙ САНАГДДАГ БОЛСОН

 

Загдал багийн “Үтрэм”-ийн хашааны зүүн талд оюутнууд байрлаж байлаа.  Хоёр цагаан гэрийн баруун талд цөөнгүй залуус цуглажээ. Тэд төмс ачих машинаа хүлээнгээ хэсэг зуур амарч байлаа. Зарим нь тамхи татна, зарим нь биесээ явуулан наадна. Наранд борлосон хөрслөг царайтай туранхай бор хүү бол Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан З.Наранбаатар юм. Тэр ангийнхантайгаа хамт ирсэн болохоор уйдах завгүй байна хэмээн баяртай өгүүлсэн юм. Тэрбээр “Би багаасаа л Ховд аймгийн Дарви суманд төрж өссөн. Тарвас хурааж явсанаас биш төмс хурааж үзээгүй. Анх ирээд ажилдаа шантрах, ядрах үе зөндөө байсан ч одоо дассан. Үеийн олон найзуудтайгаа дасаад ирэхээр эндээс явмааргүй санагдаж байна. Нэгдүгээр курсийн оюутан болоод хоёрхон сар танхимаар хичээллэсэн. Энэ хугацаанд ангийнхаа гурав, дөрөвхөн хүүхдийг таних төдий л байсан. Харин одоо энд ирээд 13 хоноход хэзээ ч мартагдахааргүй найзууд болж чадсан” гэж сэтгэл догдлонгуй хэллээ. Тэдний анги 30-аад хүүхэдтэй, төмс хураалтанд 22 хүүхэд иржээ. Үүнээс гурав нь охин ажээ. Төмс хураалтын ажилд дайчлагдаж байгаа залууст өдрийн гурван удаа хоол өгдөг юм байна. Оюутнуудын зарим нь хоолондоо цадахгүй үе  гардаг гэж байлаа. Их хөдөлж, хөдөлмөрлөж байгаа болохоор хоол нь амархан шингэдэг биз ээ. З.Наранбаатар “Нэгдүгээр курсийн дүү нартаа хандаж хэлэхэд намрын ургац хураалтанд явж улс эх орондоо хувь нэмэр болоод, ажил хийж сураад, ажлын ачаалал даах чадварт суралцаж, эрүүл чийрэг бие бялдартай болоорой. Дараа жил заавал оюутны намрын ажилд явж үзээрэй. Олон сайхан найзтай болдог юм байна гэж хэлмээр байна” гэж уриалаад ажилдаа яаран гарлаа. Түүний өмссөн “цөлийн шар” гутал төмсний шороонд элэгдэж, гартаа угласан ажлын цагаан бээлий нь халтардсан ч нүдэнд нь тодрох оч илүү гэрэлтэж байлаа. Энэ гэрлээс ирээдүйд итгэх их хүсэл мөрөөдөл мэдрэгдэв.

ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ ЗАХ НЬ ХАРАГДАХГҮЙ УРГАЦЫН ТАЛБАЙГААС ХАРЖ БОЛНО

Үдийн хоолоо идэхээр оюутнууд дугаарлажээ. Зарим нь хөлсөө арчин сууж байхад зарим нь алчуураараа нар халхлан сэрүүцнэ. Гадаа намрын нар ээгээд түр амарч буй залуус хоорондоо юм ярин инээж хөхрөлдөнө. Өдөрт нэг га талбайд ангиараа ажиллаж дуусгах нь тэдний зорилго. Тэд бие биетэйгээ өрсөн хэн нь хэдэн шуудай төмс зөөх вэ хэмээн битүүхэн өрсөлдөн цагаахан хор шар буцалгана. Өглөө 9.00 цагт цайндаа орчихоод үдийн хоол хүртэл ажиллаж гарна даа. Нэг мэдэхэд хоолны цаг болсныг илтгэж дохио дуугарна. Ажилдаа улайрсан залуус энэ л дохиогоор өлсөж ундаассанаа сая л нэг мэдэрдэг аж. Яриа хөөрөө сайтай, нүдээрээ инээдэг шар царайтай залууг Б.Дашням гэдэг. Тэрбээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төгсөх дамжааны сонсогч. Түүний сурдаг сургууль нь жил бүрийн намар ургац хураалтаар Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж сургуульдаа хөрөнгө оруулалт хийж мөн тариаланчдадаа тусалдаг уламжлалтай аж. Мөнөөх сонсогч “Намрын ажил бидний хувьд их дурсамжтай үйл явдал болдог. Ядрах, шантрах үе байдаг ч залуусын баяр хөөр энэ бүхнийг мартуулдаг. Үе тэнгийхэнийгээ хараад л дороо л сэргэчихдэг дээ. Энэ суманд ирээд л хөдөлмөрийн амт ямар байдгийг мэдэрсэн. Хөдөлмөр гэж юу болохыг зах нь харагдахгүй ургацын талбайгаас харахад бэлхэн. Энд шороотой хувцастай, халтар царайтай байх хэнд ч хамаагүй тэр тусмаа л нэг нэгэндээ илүү дотносож байдаг. Гурван давхар цамц нэвт хөлөртөл ажиллаад түр зуур амсхийхэд хүртэл аз жаргалыг мэдэрдэг юм. Магадгүй бид төгсөөд зүг зүг тийш явцгаасан ч хөгширсөн хойноо дурсаад суух дурсамжаа энэ цаг үед бүтээж байна” гэж бахархалтай өгүүллээ.

Үнэхээр л цэл залуухан 20 хэдтэй оюутнуудын эрч хүч, бяр тэнхээг сорьсон ажлын талбар өөрөө тэдний хэзээ ч мартагдашгүй намрын дурсамж болж үлдэнэ. Тэдний үерхэл жирийн л үерхэл... Гэхдээ хэзээ ч мартагдашгүй ажил, амьдралын амтыг мэдрүүлсэн амттай үерхэл. Яг л  “Мартагдашгүй намар” кино шиг. Энэ киноны хэсэгт хөөрхөн Сарнай усан борооноор саравчин дор Ганзоригтой уулзаж суухдаа “жирийн л үерхэл” гэж хэлдэг дээ. Есдүгээр сарын 11-нээс аравдугаар сарын 2 хүртэл тэд тариалангийн талбайдаа бужигнана. Ургац хураалтын их ажлыг оюутнууд нугалж, хариуд нь залуучууд тэндээс сэтгэл дүүрэн дурсамжтай, дуутай буцах биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Л.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top