Б.Амарсанаа: Унасан навч органик бордооны гол түүхий эд болдог

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

УНАСАН НАВЧ НЬ ОРГАНИК БОРДООНЫ ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛДОГ,

ЭНЭ БОРДОО НЬ ТАРИМАЛЫН УРГАЛТЫГ 30-50 ХУВЬ НЭМЭГДҮҮЛДЭГ

 

Намар болж хаа сайгүй навч шарлан унаж, хөлөөр нэг хөглөрдөг билээ. Навчсыг хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гээд дор нь шүүрдээд цэвэрлэчихдэг шүү дээ. Тэгвэл сүүлийн үед навчийг “хог биш алт” гэж үзэн байгалиар нь, унасан чигээр нь хөрсөнд шингээж бордоонд ашиглахыг уриалдаг болжээ. Энэ тухай Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар тариалан хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Амарсанаагаас тодрууллаа.


-Намрын унаж хаягдсан навчинд байгальд ашигтай ямар элемент байдаг вэ?

-Ургамал нь шаардлагатай тэжээлийн бодисуудаа агаар, ус, хөрснөөс шингээж авдаг. Ургамал навчаараа ба үндсээрээ энерги багатай бодисыг шингээж нарийн найрлагатай органик бодис болгон хувиргаж хооллоно. Ургамал хооллолтондоо нэн чухал 16 элементийг хөрс, ус, агаараас  шингээж авдаг ба энэ элементүүд түүний аль ч эрхтэнд агуулагддаг. Ургамлын хооллолтын нэн чухал элементүүд ургамлын хуурай жинд азот, фосфор, кали, магни, фосфор, хүхэр, кальци, устөрөгч, нүүрстөрөгч зэрэг элементүүд багтдаг. Үүнээс хамгийн их хувь нь нүүрстөрөгч 40 хувь, хүчилтөрөгч 40 хувь агуулагддаг. Энэ нь модны үндсийг тэтгэх амин дэмийг агуулдаг ашигтай элементүүд л дээ.

-Жил жилийн намар газраар хөглөрсөн навчсыг бордоо болгож ашиглаж болох уу?

-Хөдөө аж ахуйн шинжлэх ухаанд болон ХАА-н тарималд малын өтөг бууц органик материалыг аль болох хаягдал багатай, өртөг багатай, агаарт сөрөг нөлөөгүй био-бордоо болон органик бордоо гаргах нь өнөө үед хамгийн чухал асуудал болоод байна. Унасан навч нь органик бордоо хийх гол түүхий эд материалд ордог. Үүнд, багсармал бордоо, био ялзмагийн бордоо, ургамлын шингэн бордоо хийж хөрсний үржил шимийг сайжруулах, экологид ээлтэй бордоог гаргаж авч болно. Малын бууц, ургамлын үлдэгдэл материалыг хольж зөв ялзруулснаар өвчин үүсгэгч нян тархахгүй, ялзмаг ихтэй цэвэр бордоо гарна. Мөн унасан навч, ургамал, амьтны гаралтай органик үлдэгдлийг чийгийн улаан хорхойгоор үйлчлүүлэн био ялзмагийн бордоог гарган авдаг. Энэ бордоо нь 25 хувийн ялзмаг агуулдаг учир тарималын ургалтыг 30-50 хувь нэмэгдүүлж, тарималын болцыг 7-10 хоногоор түргэсгэдэг чухал органик бордоо болно. Төрөл бүрийн шимт бодисоос гадна азот, фосфор, кали, кальци, магни зэрэг эрдэс бодисыг ихээр агуулдаг учир ургамлын өвчин, хортон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг.

-Намрын унасан навчийг шүүрдэхгүй хөрсөнд шингээх нь олон талын ач холбогдолтой байх нь ээ...

-Тийм. Нэгдүгээрт, навчсыг шүүрдэж хаялгүйгээр бөөгнүүлж модны үндсийг хучих, зулах маягаар үлдээх нь бордоо болдог гэдгийг сая дурдлаа. Хоёрдугаарт, навчийг хөрсөнд шингээх нь тухайн талбайн газрын хөрсийг хучиж хөрсний өнгөн хэсгийн шороог дарж нарийн тоос дэгдэхээс сэргийлдэг. Мөн хөрсний чийгийг  хадгалах, дулааны горимыг хадгалах давуу талтай юм. Гуравдугаарт, навч нь хөрсөндөө шингэж задарч ялзарснаар найрлаганд нь байгаа эрдэс бодисууд хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хөрсний өнгөн хэсэг навчаар хучигдсан учраас хаврын хүчтэй салхины элэгдлээс хамгаалдаг. Тэгэхээр унасан навчийг хамж цэвэрлэх, шүүрдэх ба  шатаах нь маш буруу технологи юм.

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.214) 2021 оны 10 сарын 02

Бордооны төрөл ялангуяа органик бордооны үйлдвэрлэл хөгжиж байна. Гэвч олдвол өлдөнө гэж болох вий дээ

0  |  0
Top