Коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоо энэ сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширчээ.
Орны ачаалал, хүлээгдэл ихэссэн тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журмыг баталсан. Энэ дагуу ор зохицуулах баг байгуулагдаж, даргаар нь НЭМГ-ын дарга томилогдсон бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цаг ажиллаж эхэлжээ.
Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байна.
Эхний ээлжинд ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа ба цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх эмнэлгүүдээс мэдээллийг авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )