КОВИД-19: Ор хүлээх хугацаанд тавих хяналтыг сайжруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Ор зохицуулах багаас хэвтэн эмчлүүлэх орны тоонд нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд ЭМДЕГ-аас санжүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарчээ.

Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл чирэгдэл буурах чухал ач холбогдолтой аж. Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах, тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай талтай.

Энэ хүрээнд энэ сарын 26, 29-ний өдрүүдэд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад орны мэдээлэл тогтмол өгөх, өвчтөнийг зөв эрэмбэлэх талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн түрүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч буй бөгөөд эмнэлгүүдээс суларсан орны мэдээлэл, хэвтүүлэх нэн шаардлагатай хүний мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч, хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байна.

Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлт хийж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top