Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь сургагч багш нарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Багш хөгжлийн цаг” сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулахад 53 гэрээт сургагч багштай хамтран ажилладаг. Харин энэ удаагийн сургалтад 26 сургагч багш хамрагдлаа. Нийт сургагч багш нарын 80-аас илүү хувь нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажилладаг болон ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан албан хаагчид, үлдсэн 20 орчим хувь нь тухайн мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль, сургалтын байгууллагад ажилладаг мэргэжилтэн, судлаачдаас бүрддэг.
Сургалтын үеэр Сургалт судалгааны төвийн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтыг хэрхэн үр өгөөжтэй зохион байгуулах, сайжруулах талаар багш нартай санал солилцов. Төвийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болсон багш нараа сонссон, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх үнэтэй санал зөвлөмж, шийдлийг харилцан ярилцсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах сургалт хөгжлийн үйл ажиллагаа, төвийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нийслэлийн удирдлагуудын зүгээс өндрөөр үнэлэн шилдэг есөн сургагч багшийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Жуух бичиг, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын сургалт, судалгааны төв
Сэтгэгдэл ( 0 )