Эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсдог Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай санаачилга гаргаж, ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна.
Нийтээрээ хуримтлалтай, хуримтлал үүсгэх сэдэлтэй байхад тухайн улс орны нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл байдал чухал нөлөөлдөг, тэр хэрээрээ дадал тогтоход хугацаа шаардагддаг учраас төрөөс ийм бодлогын арга хэмжээнүүд авч болно л доо.
Гэхдээ нөгөө талаас аваад үзэхэд төр өөрөө өнгөрсөн жилүүдэд иргэдээсээ хуримтлал үүсгэх боломжуудыг нь хулгайлсаар ирснийг сануулъя.
Хүүхдийн мөнгийг үе шаттайгаар татан төвлөрүүлэх гэж буй “Ирээдүйн өв сан”-г анх байгуулах болсон үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Гэвч Хүүхдийн мөнгийг хуримтлуулдаг сан болгож өөрчлөх тухай яригдах хүртлээ энэ сан үнэндээ үүргээ гүйцэтгэж чадаагүй юм.
Монгол Улсын уул уурхайн салбар 2000 оноос хойшхи хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан талаар эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бий.
Орлогыг цалин, ашиг, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж ангилах бөгөөд сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас шууд хэлбэрээр төлсөн татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9 тэрбум ам.долларт хүрчээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалах замаар 8.7 тэрбум ам.долларын зээл авсан байдаг.
Түүнчлэн Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ.
Гэсэн ч эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байсан. Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл гэдгийг эдийн засагчид сануулдаг.
Тэгвэл уул уурхайн салбарын орлогоосоо өнөө ба хойч үедээ тэнцвэртэй хуваарилах үүрэгтэй Ирээдүйн өв сангаа хуулийн хүрээнд нь ашигладаггүй эрх баригчид ээлжит нэгэн шийдлээ танилцуулж буй нь Хүүхдийн мөнгийг энэ санд төвлөрүүлэх юм.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хадгаламж руу, хөрөнгө оруулалтын хуримтлал руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулаад, 6-18 нас хүртэл нь хуримтлал үүсгэлээ гэхэд тухайн хүүхэд 18 нас хүрэхдээ 19-20 сая төгрөг авна, хөрөнгө оруулагч иргэн болно гэсэн үг. Халамжаас салж, ийм бүтээлч хуримтлалыг дэмжсэн бодлого руу шилжинэ” гэсэн.
Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд “Ковид-19 цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хадгаламж нээлгэсэн хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тодруулбал, 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-ээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгална.
Харин 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус олгохоор хуулийн төсөлд тусгалаа.
Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болно” гэжээ.
Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийжээ. Улмаар тус сангаас Хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ.
Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож оруулж ирээд байна.
ТӨГСГӨЛД НЬ: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cангаас өгч буй Хүүхдийн мөнгөний талаарх мэдээллийг эшлэн хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
төр ч найдваргүй шүү мөнгөгүй болохоороо хэзээ өгөх нь мэдэгдэхгүй авч иддэг болохоор хүмүүс итгэхгүй л байна шүү