Сайд нарын өмнөөс иргэд хариуцлага хүлээдэг хачин жишиг тогтлоо

2021 оны 10 сарын 06

-Г.Ёндон, Н.Тавинбэх нар үүнийг үлгэрлэн харуулав-

Сүүлийн хэд хоног төрийн албаныхан дарга цэрэггүй хот даяар сайжруулсан түлш хайв. Хэн нь ч олж чадсангүй. Тэд олон зуун иргэн өдөр хугаслан урт дараалалд зогсож, зургаан шуудай түлшний нормоо хоёр болгон бууруулан авч буйтай таараагүй бололтой. Харин Эрчим хүчний сайд бол үүнийг олоод мэдчихэж.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ талаараа дуулиантай мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Иргэд нэгэн зэрэг сайжруулсан түлш олон шуудайгаар авч, зохиомол хомсдол үүсгэсэн” гэж мэдэгдээд байгаа. Мөн “Сүүлийн үед дараалал, хомсдол үүсэж байгаа шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Бид борлуулалтын цэгийг тухайн сард, өнгөрсөн оны мөн үед ямар хэмжээний сайжруулсан шахмал түлшийг борлуулж байсантай харьцуулж нэмэх үү, бууруулах уу гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд хэрэглээ  өсөж байна. Нэгд, төрөөс төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотойгоор хэрэглээ өсөж байна. Хоёрт, аравдугаар сар гаргаад цаг агаар хүйтэрч байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ өссөн. Ний нуугүй хэлэхэд, зарим айл өрхөд шахмал түлш олгох картыг давхардуулж олгосонтой холбоотойгоор хэрэглээ өссөн байна. Энэ хэрэглээнээс болж цэгийн тоо цөөдөж, хэрэглэгчдэд дараарал үүсч хүндрэл гарсан. Ер нь бүх л юманд оочер дугаар байдаг шүү дээ. Гол нь хэм хэмжээгээ алдахгүй л байх ёстой. Сая гарсан гол хүндрэл иргэд дугаарлаж, зарим цэгийн түлш дуусгасан” хэмээн бусдад буруугаа нялзаасан.

Гэсэн ч сайдын энэхүү мэдэгдлийн араас байдал дээрдсэнгүй. Өчигдрийн байдлаар бүхэл бүтэн дүүргийн хэмжээнд хоёрхон цэг ажиллаж байгааг иргэдийн гомдолд дарагдсан УИХ-ын зарим гишүүн мэдээлэх болов.

Тэгвэл өнгөрсөн хавар, зун, намрын турш өвлийн нөөц бүрдүүлсэн гэдэг “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар Засгийн газар сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь ийм хүндрэлд орууллаа хэмээн сайдаа загнаад зогсож байх юм. Энэ мэтээр сайжруулсан түлшний асуудлаар сайд дарга нар битгий хэл монгол төр бүхэлдээ учраа олохгүй байна. Учраа олохгүй байгаа учраас дарга нар өөр хоорондоо буруугаа чихэцгээж, арьсаа хамгаалахыг оролдов. Зангиатай дарга нар ингэж мунгинах хооронд гадаа хасах хэмийн хүйтэн хонох болсон бөгөөд есдүгээр сарын 15-наас худалдаанд гарах ёстой байсан сайжруулсан түлш өнөөдөр ч ховрын бараа хэвээр байна. Улмаар олон айл өрх төрийнхөө шийдвэрээр хөлдүү гэрт хоног төөрүүлэх болов. Ийнхүү дааж авсан ажлаа гүйцэтгэж чадалгүй, хариуцлага алдсан хэн нэгэн албан тушаалтны өмнөөс нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх хариуцлага үүрлээ. Сайд нарын өмнөөс иргэд хохирч, хариуцлага хүлээдэг хачин жишиг давтагдлаа.

Үүний өмнө улс даяараа шатахуун түлшний хомсдолд ороход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мөн л энгийн иргэд рүү буруугаа чихэж, нийтээрээ хонон өнжиж дараалал үүсгэснээр улсын нөөцийг дундалсан талаарх хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Эрхэм сайд ингэснээрээ иргэдэд буруугаа үүрүүлж болдгийг бусдадаа үлгэрлэсэн гэж болно.

Тэрбээр салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас эхлэн шатахууны хомсдол нүүрлэх магадлалтай талаарх сануулга өгсөөр ирснийг нуусан бөгөөд байдал хүндэрмэгц Монгол Улс шатахууны дөрөвхөн хоногийн нөөцтэй болсныг зарласан. Танхимаа бүхэлд нь сандаргасан тэрхүү мэдэгдлийнхээ үеэр “Иргэд шатахуун их хэмжээгээр нөөцлөх болсноор хомсдол үүссэн” гэж байлаа. Үндсэндээ улс орон олон хоногийн турш самуурахад, гол буруутан салбарын сайд уснаас цэвэр гарсан дэлхийн анхны тохиолдол бараг энэ байх.

Улсын шатахууны нөөц бүрдүүлэх ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй Г.Ёндон сайд сүүлдээ импортлогч компаниудад буруугаа тохох гэж оролдсон ч тэдний хооронд шийдэлцсэн албан бичиг ил болсноор удаан хугацааны бугшсан асуудал байсан гэдэг нь тодорхой болсон юм. Сүүлдээ салбарын сайд хоёр хөрш үүргээ биелүүлээгүй гэх тайлбар хэлж эхэлсэн бөгөөд Монголын шатахууны нөөцийг геополитикийн асуудал болгож хувиргасан. Энэ мэтээр хариуцлагаас бултаж, өөр дээр нь хариуцлага ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар дотроо хариуцлага тооцохыг даал­гасан гэж хэлж зогссон. Зас­гийн газар хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны нөөц бүрдүүлэлтэд хайнга хандсан, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг УУХҮЯ-нд даалгажээ. Уг нь Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ алдаа гаргасан салбарын албан тушаалтанд хариуцлага тооцох гэдэгт Г.Ёндонд сайд ч хамаарч байгаа. Гэвч Г.Ёндон сайдын суудалдаа үлдэж, шатахууны хомсдолоос үүссэн хор хохирлыг иргэд амсаад өнгөрөх шинжтэй.

Иргэд өчигдрөөс эхлэн дахин шатахуун түгээгүүр дээр урт дараалал үүсгэж эхэлсэн бөгөөд АИ92 төрлийн шатахууны хомсдол арилаагүй байгаа юм. Энэ хачин жишгээр бол сахилга хариуцлага гэдэг зүйл төрийн өндөр албан тушаалтан бус зөвхөн энгийн иргэдэд үйлчилдэг ёс зүй тогтох нь дээ.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(59.153.112.231) 2021 оны 10 сарын 06

Тавинбэх ажил хийж чадахгүй

0  |  0
Иргэн(66.181.161.89) 2021 оны 10 сарын 06

Энэ 2 дээр нь Халтар гэх нөхдүүд \n ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй байнадаа.

1  |  0
Top