Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарагдаж буй. Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа өнгөрсөн тавдугаар сараас энэ сарыг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаар Шадар сайд С.Амарсайханд өчигдөр /2021.10.06/ мэдээлэл өгсөн юм.
Хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах урьдчилсан тооцоололтой уг төслийн хууль эрх зүйн орчин, геодезийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан гэх мэдээллийг төслийн багаас өгч байна.
Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард Дорнын Эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явагдаж байгаа талаар мэдэгдсэнийг ТАСС эш татан мэдээлж байсан.
Ер нь бол бидний хувьд нөхцөл байдлаа аваад үзэхээр хийн хоолой нутаг дээгүүрээ дамжуулах уг төслөөс хэрхэн яаж тогтвортой өгөөж хүртэх вэ гэдэг нь л үндсэн анхаарах асуудал. Ийм хэмжээний аливаа төслийг хэрэгжүүлэх талаар ярьж байгаа л тэртээ тэргүй ТЭЗҮ-ийг шийдэх л ёстой.
Хорин жилийн өмнө ч манай газар нутгаар дамжуулах хийн хоолойн ТЭЗҮ тооцоолол гарч л байсан байдаг. Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани Монголын нутгаар дайруулан Хятадын хил рүү хүргэх байгалийн хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахдаа, Трансмонголын төмөр зам болон авто замын дагуух тал нутгаар дайруулан байгуулах талаар тусгаж байсан билээ.
Энэ төслийн тухайд ТЭЗҮ боловсруулна гэдэг бол энгийнээр хэлэхэд газар орныхоо хэмжилтийг хийгээд, хэд хэчнээн гол ус, даваа гүвээг сэтлэх шаардлага үүсэх вэ гэдгийг тооцоолох, маркшейдерийн зургийг гаргах, тооцоон дээр суух ажил. Үүнийг улс төрчид биш инженер техникчид, эдийн засагчид хийнэ.
Үнэндээ хийн хоолойн ТЭЗҮ-ийг ОХУ бидэнтэй бидэнгүй хийчихнэ гэдэг нь ойлгогдож байгаа. Тэгэхээр эрх баригчид юу хийх вэ гэхээр энэ төслөөс Монгол Улсын хүртэх урт хугацааны үр ашгийг бодлогын түвшинд томъёолж, тодорхойлохын тулд мэргэжилтнүүдийнхээ үгийг анхааралтай сонсох шаардлагатай.
Төслийн бусад оролцогч талууд болох хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийхдээ ямар бодлого барих вэ? Яаж харилцан үр ашигтай байх вэ гэдэг талаар тооцоо, судалгаа бүхий байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой.
Тухайлбал, хоёр том гүрний харилцаанд чухал нөлөөтэй хийн хоолойг газар нутгаараа дамжуулж, гүүр болж өгснийхөө хариуд бид хийн хоолойг салаалж, хүн ам илүү төвлөрсөн хотуудынхаа ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд, халаалт, дулааныг шийдвэрлэх хэмжээнд хий татаж авч болно. Өөр бусад хувилбарууд ч байж болно.
Хамгийн гол нь Монгол Улс хийн хоолойн төсөл дээр тодорхой байр суурьтай, бодлоготой, тактиктай байх нь чухал. Эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл гэдэг яриа бол олон жил яригдсан. Төслийг үр өгөөжтэй байлгахын тулд бид өөрсдийн бодлогоо даацтайгаар гарган ирж, талуудтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх ёстой. Тэгэхгүй бол хөрш ах нар манайхыг тоолоо гэж хөөрцгөөгөөд л, өөрсдийгөө энэ төслийн автор болгож өргөмжлөөд л, сонгуулиар пиараа хийдэг бусад сэдвүүдтэйгээ л ижил түвшинд үлдээж мэднэ.
Сэтгэгдэл ( 0 )