Шатахууны нөөц хэвийн болсон хэмээн албаныхан тайлбарлаж байсан ч үгүй бололтой. Иргэд шатахуун авахын тулд ахин урт дараалал үүсгэлээ. Шатахуун үнэхээр хомсдов уу, зохиомол хомсдол үүсээд байна уу гэх таамгууд хөвөрсөөр. Иргэдийн зүгээс шатахуун түгээх станцуудыг ашиг олохын тулд зохиомол хомсдол үүсгэж, улмаар шатахууны үнэ нэмэгдэнэ хэмээн хардаж байгаагаа хэлж байна. Тэгвэл шатахуун түгээх станцуудаас иргэдийн дунд шатахууны хомсдол үүснэ гэх худал мэдээллээс үүдэж ахин дараалал үүсгэж байна хэмээн мэдэгдэж байгаа юм. Сар хүрэхгүй хугацааны өмнө шатахууны хомсдол орон даяар үүссэн. Ингэхдээ арваад хоногийн турш АИ-92 шатахуун дуусаж, АИ-95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн юм. Иргэд ч урт дараалал үүсгэж, шатахуун авахын тулд багадаа л дөрвөн цаг дугаарлаж байсан.
Ц.ЭРДЭНЭБАЯР: АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
ОХУ-ын "Роснефть" компаниас импортлох АИ-92 шатахууны ачилт хязгаарлагдсан тул өчигдрөөс эхэлж АИ-92 шатахууны нөөц дахин хангалтгүй хэмжээнд хүрсэн. Шатахууны нөөц хангалтгүй болсон уг асуудалд Ашигт малтмалын газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ашигт малтмалын газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэдийг тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж байна. Дараалал үүсгэж, иргэдийг бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс хүлцэл өчье. Нэг шатахуун түгээх станц хоногт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг. Гэвч тухайн шатахуун түгээх станцад дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, шатахуун дуусахад хий соролт үүсэх, агуулахаас шатахуунаа цэнэглэх гэх мэт үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг иргэд шатахуун дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй” хэмээн тайлбар өгсөн. Харин уг асуудалд иргэд арай өөр байдлаар хандаж байна. Тухайлбал, Баянбүрдийн тойрог дэх “Тэс Петролиум” компанийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар өчигдөр дараалалд зогсож байсан жолооч Н.Батсайхан “Шатахуун авахын тулд цаг орчим хүлээлээ. Харагдаж байгаачлан олон машин дараалласан байна. Шатахууны хомсдол дахиад үүсэж байгаа бололтой. Машинаараа амиа зогоодог над шиг хүмүүст хэцүү шүү дээ. Шатахууны хомсдол үүсвэл таксины үнэ дагаад л нэмэгдэнэ. Үнэ нь нэмэгдсэн гээд хүмүүс ч олигтой үйлчлүүлэхгүй. Өнгөрсөн сард юу болсныг мэдэж байгаа биз дээ. Хурдхан шиг л шатахуунаа татаасай” гэв. Харин иргэн Б.Мөнхзул “Цайны цагаараа шатахуун авах гэтэл урт дараалал үүсчихсэн байна. Бараг 30 гаруй минут өнгөрлөө. Нэг өглөө босоод ирэхэд л шатахууны асуудал яригдах юм. Татан авалт хийж байгаа юм бол нөөц хангалттай байгаа гэсэн үг. Гэтэл ингэж дарааллаж байна гэдэг чинь хангалттай нөөцгүйн шинж биз дээ” хэмээн үзэл бодлоо хуваалцсан юм.
ЭХ СУРВАЛЖГҮЙ МЭДЭЭЛЛЭЭС БОЛЖ ДАРААЛАЛ ҮҮССЭН ҮҮ
Манай улс БНХАУ-аас энэ сарын нэгнээс зургааны өдрүүдэд 150 вагон 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 50 вагон шатахуун энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод буусан байна. Хоёр дахь ээлжийн 50 вагон АИ-92 шатахууныг энэ сарын 6-ны өдөр буулгахаар төлөвлөж, улсын хилээр оруулж иржээ. Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” Төрийн өмчит үйлчилгээний газар 24 цагаар шилжүүлэн ачиж байгаа аж. Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас энэ сарын 2-ны өдөр 13 вагон 787 тонн, 3-ны өдөр таван вагон 302 тонн, 4-ний өдөр 368 тонн, 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ачжээ. Эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч шатахуун түгээх станцууд цөөн тооны салбартаа шатахуунгүй талаараа мэдэгдсэн.
*
Тухайлбал, “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран ““Шунхлай” компанийн хувьд энэ сарын тавны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 31 станцаар АИ-92 шатахууныг хэвийн борлуулж байсан. Тухайн өдрийн 16.00 цагаас хойш шатахуун түгээх станцад ачаалал нэмэгдэж, урт дараалал үүссэн юм. Оройны 20.00 цаг гэхэд дөрвөн станц шатахуунгүй болсон байсан. Иргэд шөнөдөө дарааллаж, ихэнх шатахуун түгээх станцуудын шатахуун зарагдаж дууссан. “Шунхлай” компани агуулахаасаа ачилт хийх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 28 салбар хэвийн ажиллаж байгаа” гэв.
*
Харин “Петровис” компанийн төлөөлөл “Иргэд АИ-92 шатахуун авах гэж дугаарлаж байна. Шатахууны татан авалт хэвийн байгаа. Гэтэл иргэд зохиомол хомсдол үүсгэж, 5-ны оройн цагаар ачаалал ихтэй ажиллаа” гэсэн юм. Тэгвэл “Магнай трейд” компанийн зүгээс “Хэрэглэгчдийн үүсгэж буй гэнэтийн эрэлт шатахуун түгээх станцуудын өдөр тутмын борлуулалтын хэвийн хэмжээнээс давж байна. Энэ нь дараагийн татан авалт хүртэлх хугацааны тооцоолсон нөөц дуусах эрсдэлийг дагууллаа. Мөн агуулахаас шатахуун түгээх станц бүрд татан авалт хийхэд хүндрэл учруулж байна” хэмээн тайлбар өгөв.
*
“Сод монгол” группээс уг асуудалд “Энэ сарын 5-6-нд шилжих шөнө нийгмийн сүлжээнд шатахууны борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэлсэн хэмээн үндэслэлгүй мэдээлэл тарсан. Үүнээс улбаалж шатахуун түгээх станцуудад шаардлагагүй дараалал үүсээд байна. Дараалал үүссэнээс үүдэж шатахуун түгээх станцууд шатахуунгүй болсон. Станцуудаа цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байгаа. Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут болдог. Нийт 65 салбарыг шатахуунаар хангахад тодорхой цаг ордог” хэмээн мэдэгдсэн юм.
ТАВ ХОНОГИЙН НӨӨЦ ГЭДЭГ...
Шатахуунд дараалласан иргэдийн бухимдал, шатахуун түгээх станцууд ачаалалтай ажилласан нь шатахууны нөөцтэй шууд холбоотой. Нөөцийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа. Цаашид шатахууны нөөц нэмэгдэнэ. Улаанбаатарт 900 гаруй тонн шатахуун байгаа тул хомсдол үүсэх асуудал байхгүй. Зарим компанийн нөөц багассан. Хоорондоо зохицох асуудал. Иймд шатахуун түгээх станцууд хоорондоо зохицуулалтыг хийсэн. "Роснефть" компанийн захиралтай өчигдөр утсаар ярилаа. Компанийн зүгээс шатахууныг тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Энгийн нөхцөлд гэлтгүй нийслэлийн хэмжээнд тав хоногийн нөөцтэй байна гэдэг нь өөрөө асуудал болж байгаа юм. Наад зах нь энгийн нөхцөлд 30 хоногийн нөөцтэй байж шатахуунтай холбоотой татан авалт хийхэд саадгүй байх болно гэдгийг салбарынхан хэлдэг. Тийм болохоор тав хоногийн нөөц гэдэг нь наана ч үгүй, цаана ч үгүй зүйл. Үүнийг нөөц хэмээн тодорхойлоход ч хэцүү. Тиймээс л иргэдэд “Шатахуунгүй болох нь” гэсэн ойлголтыг төрүүлснээс дахин шатахууны дараалал үүсэхэд нөлөөлсөн биз ээ.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )