Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Монгол Улсын арслан Батжаргалын Ганбат ухаалаг, хэрсүү, ноён нуруутай чанар, дайчин барилдаанаар бусад бөхчүүдээс ялгардаг нэгэн. Монгол бөхийн түүхийг нэг үе А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Ганбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох гэсэн хүчтэнүүд эр бяр, омог чадлыг жинхэнэ утгаар нь харуулан барилдаж, нааддаг байсан цаг саяхан мэт. Бөх сонирхогчдын хайрлан хүндэлдэг улсын заан цолтой зургаан залуу бөх хамгийн сүүлд 2000 оны төрийн их баяр наадмаар хамтдаа ЗААН хэмээн цоллуулан барилдаж, наадамчин түмнээ баясгажээ.
Ардын хувьсгалын 79 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дунд шөвөгт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.МөнхЭрдэнэ нар зургаан залуу заантай үлдсэн байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга шинжигнэсэн зургаан зааныг хамтад нь үлдээн, улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг амалсан. Тухайн үед цолны эрэмбээрээ Ц.Цэрэнпунцаг Б.Гантогтохыг, Г.Өсөхбаяр Б.Ганбатыг амалснаар А.Сүхбат Д.Сумъяабазар хоёр долоогийн даваанд тунан барилдсан юм.
Тэр л жилийн наадмаас хойш Баруунтурууны хүү, улсын хүчит залуу заан Б.Ганбатыг улсынхаа их баяр наадмын түрүү бөхөөр тодрохыг ард түмэн бүтэн арван жил хүлээсэн.
НЭГ.Ганбатыг бөхөд эцэг нь хөтлөн оруулжээ
Хувьтай хүн хур борооноор гэгчээр бөх болох хүүхэд улсын их баяр наадмын өмнөхөн, эсвэл бүр баярын өдөр ч юм уу, дараахан нь төрдөг гэж монголчууд билэгшээдэг. Батжаргалын Ганбат 1976 оны долдугаар сарын 10- нд Увс аймгийн Баруунтуруун суманд “Өндөр” Батжаргал хэмээх комбайнчны гэр бүлд мэндэлжээ. Ганбатын эцэг нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Баянтэс сумын залгаа нутаг “Зайгал” хэмээх уул, ус, ургамал тэгширсэн үзэсгэлэнт сайхан нутагт төрсөн, гарал үүслээрээ Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч Вангийн хошууны хүн ажээ.
Х.Батжаргал 1.90 см орчим өндөр нуруутай тул “Өндөр” хэмээгдэх болж.Тэрбээр волейбол сайхан тоглодог, залуудаа шаггүй барилддаг эр байж. Б.Ганбатын ээжийн талынхан ч их биерхүү хүмүүс байсныг бодоход, арслангийн нуруулаг байдал нь удмынх бололтой. Б.Ганбат хүү сумынхаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх үедээ эхлээд чөлөөт бөхийн спортыг л сонирхон хичээллэсэн. Харин түүнийг наймдугаар ангид байх үед нь сургуулийн биеийн тамирын багш, аймгийн арслан Н.Эрдэнэтогтох үндэсний бөхөөр хичээллүүлэв. Угийн бие томтой, мөч урттай Б.Ганбат хүү төдөлгүй үе тэнгийнхээ гаргаахгүй болох үедээ бөх барилдах хялбар бус болохыг ойлгов.
ХОЁР.Улсын цолтонд унасан анхны барилдаан
1992 онд дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүчит бөхчүүд Баруун туруун суманд барилдсан байна. Тэр барилдаанд тус сумын дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч,16 настай Б.Ганбат хүү нэгийн даваанд аварга О.Балжиннямын аманд гарч зодогложээ.Үе тэнгийнхнийгээ байнга унагаадаг болсондоо эрэмшиж, зоригжсон Б.Ганбат аваргад мэх хийх гэж оролдсон хэдий ч, юу ч болсонгүй, нэг мэдэхэд уначихаж. Тэр жилийн зун Баруунтуруун сум түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн.Ойн барилдааны нэгийн даваанд Б.Ганбат нутгийн ах,өдгөөгийн улсын начин Б.Эрдэнэбилэгтэй барилдаж, сээрээр чанга гэгч нь унахдаа бөхийн дэвжээ хатуу гэдгийг анх мэдэрсэн удаатай.
1993 онд сумынхаа дунд сургуулийн есдүгээр ангийг дүүргээд шууд сумандаа ачигчийн ажил хийх болсон бөгөөд 1995 оны зун дархан аварга Х.Баянмөнхийн алдрыг тэмдэглэх ёслол түүний төрсөн нутаг Хяргас суманд зохиогдсон байна. Эцэг Х.Батжаргал сумынхаа наадамд шөвгийн дөрөвт үлдэж, аймгийн заан цолтой бөхөд өвдөг шороодсон ч гэр бүлийнхнийгээ баярлуулсан 19 настай хүүгээ тэрхүү алдар тэмдэглэх ёслолын барилдаанд барилдуулахаар хамт очиход төвөггүйхэн хоёр давчихжээ. Аз болоход, гурвын даваанд түүнийг дархан аварга Х.Баянмөнх амалжээ.Аз болоход гэдгийн учир нь, Х.Баямөнх аварга тахимаа аваад буцахдаа залуу бөхийн засуулд “Надтай барилдсан энэ хүүгийн аав, ээжтэй уулзмаар байна. Миний саналыг дамжуулна уу?” гэжээ. Эцэг нь ч сонссон даруйдаа Х.Баянмөнх аваргатай уулзахаар наадмын талбай, сумын Засаг даргын Тамгын газрыг зорьсон ч аваргад хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээр дүүрэн. Аварга ч юун хүнтэй уулзах манатай.
Эцгийн ёсоор Х.Батжаргал бага зэрэг гомдолтой нутаг буцсан ч хэзээ нэгэн цагт хүүгээ их аваргатай холбож өгнө гэсэн сайхан мөрөөдөлд умбаж явсан нь лавтай. Энэхүү явдлаас хориод хоногийн дараа Баруунтуруун суманд “Өндөр” Х.Батжаргалынд “УАЗ-469” машин хөлөглөсөн хүмүүс иржээ. Дархан аварга Х.Баянмөнх,гэргий Б.Дэжинбээ нар тэднийд зочлон ирэх нь тэр. Тэднийг ирсэн тухай мэдээлэл суманд тэр дороо л тарчихаж. Өөрийнхөө алдар тэмдэглэх барилдаанд Х.Ганбат хүүтэй барилдахдаа аварга түүний барилдах эв дүйтэй,авъяаслаг,өсөх ирээдүй байгааг мэдэрсэн хэрэг.
Залуу бөх Б.Ганбатын гэрт зочлохдоо эцэг Х.Батжаргалтай хөдөө нутгийн амьдрал,ахуй болон бөх тойрсон халуун яриа өрнүүлж,өөрийн үүсгэн байгуулсан бөхийн “Шонхор”дээд сургуульдаа Б.Ганбатыг суралцуулахыг эцэгт нь зөвлөсөн байна. Удалгүй тэр жилийнхээ намар 19 настай залуу Б.Ганбат Улаанбаатар хотыг зорьсноор эрдмийн аян, бөхийн замнал шуударсан түүхтэй.
ГУРАВ. Үе тэнгийн залуу бөхчүүдтэй барилдаж эхэлсэн нь
Б.Ганбат бөхийн “Шонхор” дээд сургуулийн оюутан болж, ном эрдэмд шамдан суралцахын дээр нийслэл хотын хөгжил цэцэглэлт, соёлыг биширч гайхсаар нэг л мэдэхэд гурван сарыг ардаа орхичихсон байж. Тэрбээр үндэсний бөхийн бөхийн барилдаан үзэх, боломж олдвол өөрөө ч барилдах хүсэлд умбан явснаа дурсан ярих дуртай. Сургууль дээр оюутнуудын ярьдаг сэдэв гэвэл бөх. Бөхийн талаар бас ч гэж “А” үсэг танихтайгаа болсон оюутан 1995 оны 11-р сарын 13-нд тухайн үеийн АУДС-ийн спорт танхимд зохиогдсон аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд анх удаа зодоглож, нэгийн даваанд Ховд аймгийн Үенч сумын уугуул, аймгийн заан Б.Батмөнх-(1999 онд аймгийн арслан цол хүртсэн)-д унаж, нийслэл хот дахь бөхийн барилдаанаа эхэлжээ.
Долоо хоногийн дараа болсон тус барилдаанд Б.Ганбат нэгийн даваанд АУДС-ийн бөх Н.Баярааг давж, хоёрт Завхан аймгийн уугуул, аймгийн арслан Б.Адъяахүүд өвдөг шороодов. Б.Ганбат ч тухайн үед долоо хоног бүр АУДС дээр зохиогддог байсан уг барилдааны үр өгөөжийг бусад бөхчүүдийнхээ нэгэн адил өндөр үнэлж явдгаа илэрхийлж байна лээ. 1996 оны нэгдүгээр сарын 28-нд АУДС-д зохиогдсон барилдаанд “Шонхор”-ын залуу бөх тэрбээр улсын харцага Г.Элбэг, аймгийн арслан Ц.Болдбаатар, улсын заан Ц.Мягмарсүрэн, аймгийн арслан Д.Отгонбаатар (тухайн үед дээрх бөхчүүд аймгийн цолтой байлаа) нарыг дараалан өвдөг шороодуулснаар анх удаа нийслэл хотноо заал танхимын барилдаанд түрүүлсэн нь өөрийгөө өсөх ирээдүйтэй, сайн бөх болохоо нотолсны дээр цаашид улам сайн барилдах итгэл төрүүлжээ.
ДӨРӨВ. Олны итгэл оломгүй далай
1996 оны хавар гэхэд бөх сонирхогчдын дунд “Увсын “улаан” Ганбат чангарч байна шүү. Овоо чацтай, бяртай юм” гэсэн яриа тархах болсон. Гэвч Б.Ганбат энэ жилийн улсынхаа их баяр наадмыг өөрийн багш Х.Баямөнх аваргын зөвлөснөөр өнжиж,барилдсангүй. Харин төрөлх аймагтаа зодоглож, зовлонгүй түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Тэр жилийн аймгийнх нь наадамд өдгөөгийн улсын начин, Зүүнговь сумын уугуул ,”Дунд шар” Д.Төрмөнх үзүүрлэж байжээ. Бөхийн хүрээнийхэн ч аймгийнхаа наадамд түрүүлсэн шинэ арслан Б.Ганбатад урам хайрлаж, том цолны эхлэл хэмээн билэгшээж хүлээн авлаа.
ТАВ. Байнгын бэлтгэл сургуулилтын ачаар улсын цолтнуудтай эн тэнцүү барилддаг боллоо
Аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цол хүртсэн Б.Ганбатын бяр, хүч, арга мэх өдрөөс өдөрт нэмэгдсээр 1996 оны сүүл 1997 оны эхэн үе гэхэд эр бяр тэгширч,түүнд хаяж үзээгүй улсын цолтон нэг ч үлдээгүй. Тэрбээр заал танхимын барилдаанд ихэвчлэн үзүүр,түрүү,их шөвөгт үлдэж, бөх сонирхогчдоо баясгаж, итгэл хүлээх болсон.
1997 он. Шороон барс жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн арслан Б.Ганбат Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын ирээдүйн заан, арслан, аварга цолтнуудыг өвдөг шороодуулсаар цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй үзүүр,түрүүнд шалгаран үлдэж, урам зоригтой сайхан барилдаж, сүүлийн арваад жил бараг л хазайж үзээгүй дархан аваргыг нилээд тэнцвэр алдуулаад ялимгүй алдаа гаргаж, өвдөг шороодож билээ.
Аймгийн арслан Б.Ганбатын энэ амжилтыг өмнө нь сар шинийн барилдаанд аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс хэн нь ч үзүүлж байгаагүй гэдэг.Энэхүү амжилтаараа Б.Ганбат хэр зэргийн бөх болохоо ахин нотолж, улсын цолонд ойрхон яваа гэдгээ баталж өгсөн байна.Чухам энэ он жилүүдэд эсрэгээр энэ туранхай шар бандийг бөх болно гээд хаа холын аймгаас дагуулан ирж байх гэж халагласан, Х.Баянмөнх аваргын бөх таних гэж юу байх билээ гээд л шоолсон хүмүүс амаа үдүүлсэн мэт болж, зарим нь бөх таньдаг аваргад талархлаа илэрхийлж байсан. Олны итгэлийг дааж явах сайхан.
ЗУРГАА. Өвдөг шороодсон анхны улсын их баяр наадам
21-хэн настай гал цогтой, наадамчдын харааг булаасан айм гийн арслан Б.Ганбат ардын хувьсгалын 76 жилийн ойн их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ анх зодоглож, хоёр давсан. Гэтэл гурвын даваанд 28 дээр босч ам авсан (63 бөх ам авах учиртай) улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцаг аймгийн арслан Б.Ганбатыг амлах нь тэр. Ц.Цэрэнпунцаг гарьдын ам авалтад тун ч олон хүн гайхаж, зарим нь бүр үнэмшиж ядаж байсан. Үнэнийг хэлэхэд Ц.Цэрэнпунцаг гарьдад амлаад авчих, Б.Ганбатаас доогуур зиндааны бөх 50 орчим байсан гээд бод доо. Барилдаан ч сонирхолтой, өрсөлдөөнтэй, наадамчдыг шуугиулан болсны эцэст Ц.Цэрэнпунцаг гарьд давлаа.Ц.Цэрэнпунцаг гарьд улсын их баяр наадамд ийм доод даваанд бөх сонирхогчдын улсын начнаар тогтохгүй гэлцэж, таавраа өгч суусан, бяр хүч нь тэгширч яваа, аймгийн арслан Б.Ганбатыг амлан барилдсан нь гарьдын сайн бөх болоосой гэсэн хүсэлтэй холбоотой гэж хожим нь ярьж байсан. Б.Ганбатад энэ нь баяр наадмын дэвжээ хатуу, улсын цолны босго өндөр гэдгийг мэдрүүлсэн сургамжтай наадам болжээ.
ДОЛОО. Ээлж дараалан улсын цол хүртсэн наадам
Ардын хувьсгалын 77 жилийн ойн их баяр наадамд Увс аймгийн улсын цолтой бөхчүүд нь “тэтгэж” улсын заан С.Сүхбаатар, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Х.Баянмөнх нар амлан авч барилдаж, тахимаа өгснөөр аймгийн арслан Б.Ганбат төрийнхөө их баяр наадамд тав давснаар улсын начин болжээ. Тэрбээр наадмын зургаагийн даваанд даян аварга А.Сүхбатыг начин цолтой байхад нь тунаж барилдаад өвдөг шороодсон юм. Цол дагаж бяр сууна гэдэгчлэн жилийн дараа буюу 1999 оны улсын их баяр наадамд мөн л Д.Жавзанжамъян, Ө.Тулгаа, Ж.Ганболд, Булганы И.Доржсамбуу нараар даваагаа ахиулан, долоогийн даваанд нутгийн ах, улсын аварга О.Балжиннямтай барилдаж, давснаар улсын заан цолтны эгнээд бичигдэх болсон нь нэгэн амжилт. Наймын даваанд улсын шинэ заан дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй барилдаж унаж билээ.
НАЙМ. Төрийн наадамд тогтвортой амжилт үзүүлж байна
Улсын арслан Б.Ганбат төрийн баяр наадмаас бусад ойн болон нэрэмжит барилдаануудад тэр бүр барилдаад байдаггүй нэгэн. Гэхдээ тэрбээр төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд харьцангүй тогтвортой, амжилт арвин барилдаж буй өдгөө цагийн улсын цолтой цөөхөн бөхчүүдийн нэг юм.Улсын заан цол хүртсэний дараах жил буюу ардын хувьсгалын 79 жилийн ойн их баяр наадмаар Б.Ганбат заан цолоо батлах долоогийн даваанд өдгөөгийн даян аварга Г.Өсөхбаярт шууудагны барьцнаас татаж мордуулан унаж, үлэмж бадрах чимэг нэмж хүртсэн. Б.Ганбатын тосгуулж хавсрах мэх даацтай гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. 2011 оны түүхт ойн жилийн төрийн их баяр наадамд 1024 хүчит бөх зодоглосон.
Зургаагийн даваанд Б.Ганбат нутгийнхаа Хяргас сумын уугуул,улсын начин О.Одгэрэлийг амалж, нутгийн бөхөө даваа ахиулж өгсөн. О.Одгэрэл ч долоогийн даваанд мөн л нутгийн бөх,улсын заан Ж.Ганболдыг орхиж, улсын заан цолтнуудын гэр бүлд хөл тавьж байсан байна. 2002 оны улсын их баяр наадамд аймгийн заанц.Мөнхзориг (аймгийн арслан), аймгийн арслан Р.Ганхуяг (улсын начин), улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, М.Жамъянпүрэв нарыг өвдөг шороодуулсан улсын заан Б.Ганбат цолоо батлах долоогийн даваанд улсын гарьд Б.Гантогтоход улсын заан цолтойд нь амлуулан барилдаж, тахимаа өгч,үнэн зоригт хэмээх чимэг хүртжээ. Гэмтэл бэртэл түүнийг тойрсонгүй.
Гэвч эр зориг гарган байж, 2003 оны улсын их баяр наадамд зодоглож, тавын даваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул,цэргийн заан Ш.Уламбаяртай барилдаж, тахимаа өгснөөр улсын заан Б.Ганбат анхныхаа улсын начин цолтонг төрүүллээ. 2003 оны улсын их баяр наадамд зургаагийн даваанд Ховд аймгийн Мөст сумын уугуул, улсын заан Ц.Мягмарсүрэнг харцага цолтой байхад нь барилдаж, унаснаар түүнийг улсын заан цолд хүрэхэд дөрөөлүүлсэн. Эр зориг,бяр хүч орсон Ц.Мягмарсүрэн долоогийн даваанд даян аварга А.Сүхбатыг өвдөглүүлж, улсын заан цол хүртэж байсан. Цолныхоо хэмжээнд хангалттай барилдахгүй байна гэсэн шүүмжлэл хүлээх болсон тэр хүчит 1024 бөх зодоглосон их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн их баяр наадмаар нутгийн дүү С.Мөнхбат (улсын харцага)-ыг тавд, Говь-Алтай аймгийн уугуул, шинээр начин цолны болзол хангасан Н.Баярмагнайг зургаагийн даваанд, долоогийн даваанд дөрөв дэх удаагаа гарахдаа улсын заан Ц.Мягмарсүрэнг амлан барилдаж давжээ.
Дунд шөвөгт залуу аварга Д.Сумъяабазар/ гарьд цолтой /-тай барилдаж ширүүн, огцом, хүчтэй дайралтыг зогсоож, нэг хазайлгасан ч өвдөг шороодсоноор өлзий бадрах чимэг хүртжээ. Ардын хувьсгалын 86 жилийн ойн их баяр наадам түүний хувьд яалт ч үгүй эмгэнэл болсон. Тэрбээр хоёрын даваанд Дорноговь аймгийн уугуул А.Цацабширт унаж, олны гайхлыг төрүүлэх шиг болсон. 2008 оны улсын их баяр наадамд Б.Ганбат мөн л улсын заан цолтойгоо зодоглож, долоогийн даваанд улсын харцага цолны болзол хангасан Ховд аймгийн уугуул Т.Амартүвшин начинг өвдөг шороодуулснаар хоёр дахь удаагаа төрийнхөө их баяр наадамд заан цолоо баталсан байна. Наймын даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг харцага цолтойд нь амлан барилдаж, санамсаргүйгээр зайлж дугтрах мэхэнд нь унаж билээ.
ЕС. Улсад 14 жил барилдаж, төрийнхөө их баяр наадмыг манлайллаа
Б.Ганбат төрийнхөө их баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмаар ГовьАлтай аймгийн Чандмань сумын уугуул, улсын начин Д.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, улсын начин Ч.Баянмөнх, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул,улсын заан М.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул,улсын арслан Х.Мөнхбаатар, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул,даян аварга Г.Өсөхбаяр нарыг ээлж дараалан өвдөг шороодуулж, олон жилийн хөдөлмөр зүтгэлийнхээ үр шүимийг үзэж, Монгол төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж,улсын арслан цол хүртэж, наадамчин түмнийхээ олон жил хүлээсэн итгэлийг биелүүлж, баярлуулсан билээ.
Улсын арслан Б.Ганбат монгол үндэсний бөхийн улсын арслан цолыг хүртсэн 65 дахь хүчтэн болсон. Эдгээр 65 хүчит арслан цолтны 17 нь аварга цол хүртсэнээр Б.Ганбат 48 дахь улсын арслан цолтой бөхчүүдийн эгнээнд бүртгэгдсэн байна. Бөх хүн жудаг сайтай, ухааны иртэй байх ёстой гэж ахмад үеийнхэн сургамжилдаг. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын долоогийн даваанд улсын арслан Б.Ганбатыг өмнөх жил нь улсын заан цолтны босгоор алхаж орсон улсын заан М.Өсөхбаярыг амалчихна гэж наадамчин олон таагаагүй байсан. Түрүүлэх гээд л од, аз нь багтаж ядаж байсан Б.Ганбатаар бахархмаар. Монгол бөхийн дэвжээг цалгитал дүүргэж явсан “зургаан залуу заан” тэрхүү наадмаас хойш бүгд улсын гарьд, арслан,аваргын энтэй хүчтэнүүд болж, монгол бөхийн түүхийг чимсээр явна.
Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул,”Алдар” спорт хороо,Зэвсэгт хүчний 310-р ангийн тамирчин, дэд хурандаа,”Өндөр” Батжаргалын гурав дахь хүү Б,Ганбатыг монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээж, энэ жилийн түүхт ойн наадамд одтой барилдаж, цолоо ахиулж, наадамчдаа цэнгэн баясгахын өлзий дүүрэн ерөөлийг мянга мянган бөх сонирхогчид өргөн дэвшүүлснийг “ТЦ” хамтатган уламжилж байна. Дашрамд дурдахад, энэхүү тэмдэглэлийг бэлтгэн бичихэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Увс аймгийн уугуул,улсын арслан Б.Ганбатын “хуурай” ах ”Улсын драмын Эрдмийн театрын захирал, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбууд талархлаа илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )