Их хотын төвд иргэд шатахууны хомсдол, шахмал түлш, оффшор данс, жагсаал цуглаан, сонгууль ярьсаар. Гэтэл уул даваад тэс өөр ертөнц, тэс өөр амьдрал үргэлжилнэ...
Тэдэнд дээрх асуудлууд огт хамаагүй, мэдэх ч үгүй, мэдээлэл авах боломж ч үгүй. Хоногийн хоолоо хогийн цэгээс залгуулахын төлөө зүтгэж буй орхигдсон хотын, мартагдсан иргэд. Энэ бол улай бутарсан шороо тоос, хог новшинд дарагдсан, эгээ л улиг болсон гэх Улаанчулуутын хогийн цэг.
Тэвш дүүрэн хог ачсан том машинууд минут тутам ээлж, ээлжээр ирнэ. Ингэх бүрт хэдэн хүн машины араас гүйн, зүүгдэж, тэвшин дээрх хогоос амьдралыг нь өөрчлөх ямар нэг ид шидийн зүйл эрэх шиг.
Тэднийг харан зогсож байтал 20 орчим насны нэг залуу өвсөн дундаас зүү олсон мэт баярлаж, бусдадаа мэдэгдэхгүйн тулд сэмээрхэн гэтсээр машинаас холдов. Юу олсныг нь мэдэхгүй ч түүний өдрийн хоолыг аргацаах зүйл байсан нь лавтай.
“Дараагийн машин ирлээ. Хурдан түүгээч.. Хэдэн хүүхдэдээ хоолтой очъё..” гэх дуунаар эргэн хартал өөрөөсөө том шуудайнд ундаа, усны сав хийж буй 50 орчим насны эр байв. Хажуугийн эмэгтэй нь харин хуванцар сандал, тогоо шанаганы хаягдал бөөгнүүлж байгаа харагдана.
Очоод уулзлаа. Гэр бүлийн хүмүүс гэнэ. Тэд таван хүүхэдтэй, хүүхдүүд нь эхнээсээ тусдаа гарчээ.
“Хотод шатахууны хомсдол үүсээд, иргэд дугаарлаж бензин авч байна” гэхэд тоосон шинжгүй “Машин тэрэггүй болохоор мэдэх юм алга. Ямартай ч барааны үнэ нэмэгдээд хэцүүхэн байна. Эхнэр бид хоёр хоёулаа энд ажилладаг. Өдөржин ажиллаад, 20 мянган төгрөг олдог юм. Дэлгүүр ороод хамгийн хямдаар нь таташ авдаг” гэв.
Ундаа, усны хуванцар сав нэг килограммыг нь 300 төгрөгөөр тушаадаг аж. Хажууд нь байгаа өнөөх том шуудайнд хийсэн савнуудаа “Энэ 10 кг хүрэх болов уу” гээд хашир эр эхнэрээсээ асуув. Гэр бүлийн хоёр ингэж амьдраад есөн жилийн нүүрийг үзжээ. Тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, олсон хэдэн төгрөгөөрөө гэртээ хүлээж суугаа үрсдээ таташ авч ордог байна. Харин хүүхдүүд нь аав, ээжийгээ хоолтой ирэх эсэхийг нь харуулдан өдөржин хүлээнэ. Гэртээ ороход хамгийн түрүүнд гар руу нь хардаг гэнэ. Хэрэв гартаа тор бариад орвол тэр айлын нэг орой жаргалтай өнгөрнө.
Анх удаа ийм амьдрал харсан миний хувьд сэтгэл эмзэглүүлэм байлаа. Энд амьдрал тэс өөр...
Улаанчулуутын хогийн цэгт ирэх машинуудыг зохицуулах дөрвөн ажилтантай. Хот тохижилтын газрын цэнхэр, шар хослолтой улаан бороохойгоор машин зогсох газрыг зааж буй эмэгтэйтэй ярилцав. Түүнийг Б.Мягмарсүрэн гэдэг бөгөөд тэрбээр энд 10 жилийн турш ажиллаж байгаа аж.
“Харин ч хогийн цэг маань цэгцтэй, сайхан болчихсон байна. Та нар гоё өдөр ирлээ” гэж зохицуулагч шоолонгуй ярив. Тэрбээр “10 жилийн өмнө 400-500 хүн байдаг байсан. Харин одоо хашаа босгоод орчин нь ч цэгцэрсэн, хүмүүс ч цөөрсөн. Өдөрт 200 орчим хүн л ирж байгаа байх” гэлээ.
Энд өдөрт зургаан дүүргийн 150 орчим машин ирдэг. Нийслэлд өдөрт 4000-5000 тонн хог гардгийн 50-53 хувийг нь Улаанчулуутын хогийн цэгт хүлээн авдаг байна.
Хогийн цэгийн зохицуулагч Б.Мягмарсүрэн 24 цаг ажиллаж, гурав хоног амардаг. Бүсгүй нэг л зүйлд гомддог аж. Тоос, шороо манарсан, хогны дунд ажиллахдаа нэг ч удаа хортой нөхцөлийн тэтгэмж авч байгаагүй гэнэ. Тэрбээр “Энэ олон жил ажиллахдаа зургаан даргын нүүрийг үзсэн. Удирдлага солигдох бүрт хортой нөхцөлийн тэтгэмжийн талаар хэлдэг. Гэвч хүний урамд ядаж нэг аяга сүү ч өгч байгаагүй. Миний дотор муухайраад хоол идэж чаддаггүй ” хэмээн гомдлонгуй хэлэв.
Дулааны улиралд ажиллах харьцангуй амар байдаг аж. Харин өвөл бол хог шатааж, галын илчинд нь дулаацдаг байна.
Зохицуулагчтай ийн ярилцаж зогстол бульдозерын оператор гайхсан шинжтэй ирлээ. Түүнийг З.Тэмүүжинбаатар гэдэг. Ажлыг нь энгийнээр тайлбарлавал машинуудыг асгасан хогийг далан руу түлхдэг байна. Тэрбээр “Зовлон яриад байвал барагдахгүй шүү дээ” гээд саяхан овоорсон их хогны дундаас машин ч ялгахгүй дайрч байсныг дурсав.
Машин ч ялгах боломжгүй тийм их хогон дундаас хүмүүс өөрөө өөрийгөө л хамгаалахгүй бол хогтой хамт булагдах эрсдэл өндөр юм.
З.Тэмүүжинбаатар хэлэхдээ “Манай улс хогоо ангилах, дахин боловсруулах тал дээр анхаардаг ч болоосой. Жишээлбэл картон цаасыг дахин боловсруулах бүрэн боломжтой. Гэтэл манай улсад ганц өндөгний сетка л хийж байна шүү дээ. Энд өдөрт хамгийн багадаа 10 тонн картон асуудалгүй булагдаж байгаа” гэсэн юм. Тэрбээр мөн л хортой нөхцөлийн нөхөн төлбөр авдаггүй гэнэ. Хүнд техник жолоодож байгаа гэдгээрээ л нэмэгдэл авдаг аж. Энд хавар гал их гардаг. Тухайн үед нь “гахайн утсан мах шиг” болдог хэмээн тэрбээр ярьж байлаа.
Гал юунаас болж гардаг талаар З.Тэмүүжинбаатар “Гэр хорооллын айлуудаар сард ганц, хоёр удаа л хогийн машин ирдэг гэсэн. Ирсэн дээр нь өгөхийн тулд яарч сандрахдаа цогтой үнсээ хүртэл өгчихдөг юм шиг байна лээ. Улмаар энд ирээд гал гарахад хүргэж байна” гэв.
Түүний хэлснээр энэ мэт тоочоод байвал Улаанчулуутын “зовлон” дуусахгүй...
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүс хөдөө гарч ажиллахад яана даа. Хөдөө аймгийн төв, сумын төвд малын гэдэс янзлах хүн олдохгүй, мянга, мянгаар нь гэдэс толгойг хогийн цэгрүү хаяж байна шүү дээ.
амьдрал бол тэмцэл.
Зах зээлийн энэ нийгмийн анхны мэдэгдхүүнгүй иргэд энэ л юм даа энэ нийгмээс суралцнаа тэгээд хөл нийлүүлнэ