Ганцхан ширхэг элс нийлээд элсэн манхан болдог, ганц дусал ус нийлээд үлэмж далай болдог. Тэгвэл бийрний үзүүр хүрэх төдийд цаасан дээр буух өнгө өнгийн цэг нийлэн нийлсээр бүхэл бүтэн уран зураг болон амилдаг аж. Зураачийн бийрийг гарын аясаар таталж, сэтгэлийн долгисоор жирэлзэж байдаг бүжиг лүгээ төсөөлдөг байв. Гэтэл Д.Дуулалын бийр морз үсгийн дардас адил цэц, цэг, цэг... Энэ олон цэгүүд өөр өөрийн өнгө будгаар ялгарснаар утгаа илэрхийлдэг бөгөөд орчлон хорвоогийн хураангуйг томьёолно. Ерөөс ертөнцийн бүхий л юмс үзэгдэл, байгаль, амьд биет, тэр ч бүү хэл оюун санаа, сэтгэлгээ ч нэг л цэгээс эхэлж бүрэлдэн бий болж, томрон биежиж, тодрон гэрэлтдэг ажгуу. Хүн төрөлхтөн эр, эм нэг нэг эсээс нэгдэн буй болсон. Тэр эс хуваагдан хуваагдсаар хүн үүсдэг шиг Д.Дуулалын дуулал бусад зураачдаас онхи ондоо. Түүний уран бүтээлийн амин сүнс нь цэг бүхэндээ шингэжээ. Нэг цэгийг нь л аваад хаячих юм бол утгаа алдаж, эрэмдэг болно.
Зураас бүсгүй маань 2016 оноос эхэлж уран бүтээлээ тасралтгүй туурвиж, бүтээлээс бүтээл рүү чанаржин, чамбайрч ийнхүү дөрөв дэх үзэсгэлэнгээ дэлгээд буй нь энэ ээ. Өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан авдар, ширээ, судар ном гэх мэт эдлэл хэрэглэлийг нь анх олж үзээд л түүний сэтгэл ер бусын ертөнцөд зочилж тэндээ гацчихсан мэт санагдана. Эртний эд зүйлд тухайн цаг үеийн түүх, дурсамж, зовлон, жаргал шингэчихсэн болоод ч тэр үү үнэ цэнээ алдахгүй улам хүчирхэгжин байдаг аж. Өвөг дээдсийн амьдарч асан ахуй өдгөө ч бидэнтэй зэрэгцэн оршиж, эмгэд өвгөд минь ч үр удмынхаа хажууд сахин хамгаалдаг гэдэгт тэр итгэдэг. Түүний үзэсгэлэн “Мэдрэхүйд эс тогтох оршихуй” гэдэг утгыг агуулж бидний оршин буй нь байхгүйг илэрхийлж, одон явагсад нь байгааг нь мэдрүүлж буйг сануулна.
Д.Дуулал “Байна” гэдэг үг өөрөө их хоосон юм. Би уран бүтээл бүхэндээ байгаа эсэх, байхгүй эсэхийг асуулт болгон үлдээсэн. Миний зургууд огт нэргүй. Би уран бүтээлдээ нэр өгч бусдын сэтгэлгээг хайрцаглах дургүй. Зургийг минь үзсэн хүн бүхэнд өөрийнхөө мэдрэмжээр сэтгэж, задалж, шинжилж бодох эрхийг нь олгосон” гэж даруухан өгүүлэв. Үнэхээр л түүний бүтээлийг Д.Төмөрхуяг “Дурсамж гэдэг цаг хугацаа, орон зайд нуугдаж болох ч бодит оршихуйгаас замхраагүй гэдгийг зураач мэдэрчээ. Тэрбээр ямар нэг учир шалтгаанаар мэдрэмжинд нь эргэн ирсэн дурсамжийн тодорхойлшгүй оршихуйг цэгт урлал, абстракт урлаг, реализм, холимог техникийн аргаар өөрийн итгэл, төсөөллөөр тодруулан илэрхийлжээ. Түүний бүтээлийг тогтож харвал цэг бүрийн далд холбоос зэргэлдээ орших шалтгаан мэдрэгдэнэ. Уламжлал, шашин, сүсэг бишрэл, түүх соёлын элементийг өнөө цагт авчирч, сьюрреаль төсөөллийн ертөнцийг хослуулан харуулах аж” хэмээсэн байв.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд заларсан зураг бүхэн нэгэн цул атлаа нөгөө зурагтайгаа холбогдож бүтэн утгыг илэрхийлнэ. Хамгийн эхэнд нүднээ туссан бүтээл бол өвгөн хүний дүр төрх байлаа. Гол дүрд маань нүд, хамар, ам байхгүй атлаа л харц нь гүн, бологошронгуй гэдгийг шууд танин мэдэрч болмоор. Энэ мэдрэмжийн холбоосыг мөнөөх цэгүүд өгнө. Мөнөөх цэгийг даган хөөсөөр аварга том модтой холбогдоно. Энэ мод өвгөнөөс үүссэн үү, энэ өвгөн модноос үүссэн үү гэдэг асуулт ургаж тархины эд эс бүрийг байж ядсан хөдөлгөөнд оруулна. Басхүү гурван хүүхдийн зураг намайг өмнөө удаан уяв. Магад миний хүүхэд нас ч юм шиг. Эгч, дүү , бид гурав ч юм шиг. Эгч, дүү, бид гурав ийнхүү тоодойсон дээлтэй дэрвэж явсан. Амьдралыг таниа нь үгүй алдрайхан сэтгэлээр харыг цагаан гэж харж, цагааныг хар гэж сэтгэж байв. Бидэн гурав мөнхөд хамт байх юм шиг олдсоноо хувааж явсан тэр цаг алсран холдсон ч эрх багын танхи сэтгэл хэвээрээ. Яг л энэ зураг шиг. Юухан дээр ч биесээ хүлээж харж, гомдон туньж, шархлан шаналж, зовнин дэнсэлж, баярлан хөөрдөг. Түүний бүтээлд буй энэ гурван хүүхэд хүйн холбоотой нэг гэр бүлийн хүүхдүүд гэж бат нот итгүүлэв.
Дараагийн бүтээлийг “Үнэн” сонины тасархай дээр урлажээ. Бүдэг бадаг хүний дүр төрх ямар нэг хаалт, хоригийг зад татаж, эрх чөлөө эрэлхийлэх мэт харагдана. Мөнхүү “үнэн” гэж хаа байна хэмээн хашхирч байх шиг. Оочин цоочин үсэгнүүд мөнөөх өнгө өнгийн цэгний цаанаас “үнэн” гэж байх, байхгүйн дунд бий гэх шиг цухалзана. Бүүдгэр дурсамжаас амилсан бүтээлийнхээ санааг уудлан олсон өвөөгийнх нь авдар урланд нь заларчээ. Авдар, сандал дээр ч түүний цэгүүд тодорч, цэг бүхэнд нь амь оршиж буй. Хамгийн их юм бодогдуулсан бүтээл бол үндэсний дээл хувцас бүхий зураг. Энэхүү бүтээл нь дөрвөн хэсэгтэй. Эрэгтэй хүний төлөв даруухан дээл, эмэгтэй хүний намирсан аальгүй дээл, настай хүний элэгдсэн дээл, нарийн оёдолтой гоёлын дээл миний сэтгэлд ургав. Дээлний янз байдлаар эздийг нь төсөөлөхөд бэлхнээ дүр нь бууна. Ерөөс хүний өмсөж хэрэглэж байсан хувцаст энерги нь шингэчихсэн байдаг шүү дээ. Тэр л энерги нь амьд халуунаараа, хэв янзаараа үлджээ.
Д.Дуулал нягтлан бодогч мэргэжилтэй. Турк улсад магистрт сурч байхдаа зургийн сургалтанд сууж зураг зурах авьяасаа нээсэн гэхэд болно. Энэ авьяас нь гэнэт нисэж ирээд түүнд наалдчихсан юм биш. Төрсөн цагаасаа л дотор нь нуугдаж байсан юм. Тэр нууцыг өвөөгийнхөө авдарнаас олсон. Олох олохдоо өвөг дээдсийнхээ дахин давтагдашгүй зан заншил, өв соёл, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, монгол сэтгэхүйтэй нь цуг олжээ. Бийрийг татлах хийгээд бэхэсийг шигтгээ мэт өрөх хоёр адилгүй. Нэг нь дэндүү их тэвчээр, ур, ухаан шаардсан ажил. Зураач бүсгүй бүтээлээ хийж байх үедээ бясалгалын түвшинд ордог аж. Асар их амгаланг олж, агуу их гэгээрлийг таньсан хүн л ийнхүү сая живаа цэгээр орчлонг дүүргэж, сац цэг бүхэнд орчлонг багтаах буй за.
Сэтгэгдэл ( 1 )
woow yamar goy uzesgelen bee, amjilt husyee