"Самар түүх зөвшөөрөл олгосоор байгаа БОАЖ-ын сайд Н.Уртнасанг АТГ-т шалгуулна"

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ 2020 онд гаргасан судалгаагаар Монгол орны нийт хуш модны 40 хувь нь доройтолд орж, цаашид нөхөн төлжих боломжгүй болсон байна. Гэтэл тус байгууллагаас энэ жил дөрвөн аймгийн есөн суманд 14 мянган тонн самар түүх зөвшөөрлийг олгожээ.

Манай улс хуш модны самрыг зуун хувь БНХАУ руу экспортолдог. Байгаль сүйдэж, хуш мод их хэмжээгээр гэмтэж байхад БОАЖЯ-наас самар түүх зөвшөөрөл олгосон хэвээр байгаа юм. “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-аас үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргалаа.

"Тэнгэрлэг Монголын газар шороо" ТББ-ын тэргүүн Б.Бямба-Очир  “Манай байгууллага байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг.  Өнгөрсөн жил самар их ургасан. Улмаар Монгол улс 25 мянган тонн самрыг гадагшаа экспортолсон байдаг.  Энэ жил ургац муу байхад БОАЖЯ-аас 14 мянган тонн самрыг түүх зөвшөөрлийг олгосон байна.

Нэг модноос 300 грамм самар ургадаг гэж бодоход 14 мянган тонн самрыг бэлтгэхэд ойролцоогоор 60-70 мянган модыг гэмтээх юм. Тиймээс байгаль орчныг гэмтээж байгаа энэ зүйлийг зогсоож, самар түүх зөвшөөрөл бүү олгооч гэсэн шаардлагыг Н.Уртнасан сайдаас шаардсан.

Бид Байгаль орчны сайдыг самар ургахгүй байгааг олж хараад самар түүх зөвшөөрөл олгохгүй байх гэж итгэсэн. Гэтэл зөвшөөрөл олгочихлоо. Тиймээс үүний цаана ямар нэг ашиг сонирхол байна гэж харж байна” гэлээ.

Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Манай улс хуш модны самрыг дотооддоо ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэдэггүй. Зуун хувь БНХАУ руу экспортолдог. Самрыг дотоодын хэрэгцээндээ ашиглах боломжгүй байхад гадагшаа гаргахын тулд зөвшөөрөл олгосоор байгаа гэж харж байна. Тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах, самрыг экспортод гаргах сонирхолтой этгээдүүдээс хээл хахууль авсан эсэх асуудлаар АТГ-т шалгуулахаар хуулийн дагуу гомдол гаргаж байна.

БОАЖЯ-ны өөрсдийнх нь гаргасан судалгаанаас харахад хуш модны 40 хувь нь доройтолд орж, цаашид нөхөн төлжих боломжгүй болсон байна. Гэтэл энэ нөхцөл байдлыг мэдсээр байж дахин 14 мянган тонн самар олборлох зөвшөөрөл олгоод байгаа нь хэн нэгэнд давуу байдал олгох, үүнтэй холбоотой сонирхогч этгээдээс хахууль авсан байж магадгүй гэх хардлага төрүүлж байна. Тиймээс БОАЖ-ын сайд Н.Уртнасанг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байгаа юм” хэмээв.

Энэ жил дараах дөрвөн аймгийн есөн суманд 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ.

  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал
  • Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top