В.Үнэнбат: Ургац хураалт арваннэгдүгээр сарын эхээр дуусах төлөвтэй байна

2021 оны 10 сарын 12

Ургац хурааалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.


-Ургац хураалт хэдэн хувьтай явж байна. Улсын хэмжээнд энэ жил хэр хэмжээний нөөц бэлтгэхээр төлөвлөсөн бэ?

-Ургац хураалт өнгөрсөн тав дахь өдрийн нэгтгэсэн мэдээгээр 40 гаруй хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар тариалангийн газар дээр 50 хувьд хүрсэн байгаа. Хүнсний ногоо болон төмсний хураалт 75 хувь, тосны болон тэжээлийн ургамал 27 хувьтай явж байна. Энэ жил 389 мянган га-д улаанбуудай, 420 мянган га-д үр тариа, 19 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100 мянган га-д тэжээлийн ургамал, дөрвөн мянган га-д жимс жимсгэнэ, нийт 660 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 560 орчим мянган тонн улаанбуудай хурааж авахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 230-аад мянган тонн улаанбуудай хурааж аваад байна.

-Ургац хураалтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж байна?

-Энэ жил өнгөрсөн жилүүдийг бодоход харьцангуй хүйтэн байгаа. Тийм ч учраас ургац хураалтын ажил 10-15 хоногоор хойшилсон. Зарим газрын хувьд болц оройтсон. Одоо ургац хураалтын ажил жигдэрсэн байна. Ерөнхийдөө аравдугаар сарын 15-ны үеэр ургац хураалтын ажил дуусдаг. Энэ жилийн хувьд ургац хураалтын ажил арваннэгдүгээр сарын эхээр дуусах төлөвтэй байна.

-Хураалтын хугацаа хойшлох нь ургацын чанарт сөргөөр нөлөөлөх үү?

-Улаанбуудай жил бүр өөр өөр байдаг. Тухайлбал гантай жилийн улаанбуудай чанартай байдаг. Мэдээж чийгтэй жилийн улаан буудай чанарын хувьд дутмаг байна. Гэхдээ чанарын стандартыг хангасан буудайг гурилын үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйг дэмжих сан авж байгаа. Бид дотоодынхоо хэрэгцээнд 344 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвлөгөөтэй байна.

-Нийт газар, тариалангийн талбайн 30 хувьд нь цас орсон гэх мэдээлэл байсан. Газар тариалнгийн нөхцөл байдал хэр байна?

-Энэ жил хур тунадас ихтэй байгаа. Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн тариалалтын талбайд цас их орсон. Үүний улмаас тус аймгийн тариалангийн талбайн ихэнх хувь нь цасанд дарагдсан. Бусад нутгаар ургац хураалт хэвийн үргэлжилж байна.

-Энэ жил тосны ургамлын тариалалт хэр хэмжээний га талбайг хамарч байна. Уг тариалалт хөрсөнд сөргөөр нөлөөлдөг шүү дээ?

-Энэ жил нийтдээ 100 мянган га тайлбайд рапс буюу тосны ургамлын тариалалт хийсэн.Га-гийн дундаж нь 5-6 центнер ургац авч байгаа. Тариаланчид маань рапс болон улаанбуудайг сэлгэж тарьдаг. Тиймээс хөрсөнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хэрвээ олон жил дараалан тариалбал хөрсөнд муугаар нөлөөлөх үр дүнтэй.

-Ургац хураахад хүн хүчний нөөц, техникийн хангамж хэр байна?

-Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх зорилгоор тус ажилд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг оролцуулахаар болсон. Үүний дагуу оюутан, цэрэг гэх мэт 10 гаруй мянган хүн ургац хураалтын ажилд туслахаар аж ахуйн нэгтжтэй гэрээ байгуулаад ажиллаж байна.

-Манай улсад ургац хадгалах агуулахын хангамж, хүрэлцээ хэр байна?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд 180 мянган тонн, хувийн аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүдэд 340 мянган тонн агуулах сав байна. Мөн улсын нөөцийн агуулах байгаа. Ямар ч байсан дотоодоосоо авах ургацанд хангалттай хүрэлцэхээр байна.

-Энэ жил ургац хураалтын баланс сайн гарсан. Цаг агаарын таатай нөхцөл байдлаас гадна авч, хэрэгжүүлсэн ажил байгаа юу?

-Энэ жилийн ургац сайн байгаа нь цаг агаарын таатай нөхцөлтэй холбоотой. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн үрийн 30 хувийг шинэчилж чадсан. ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр оруулж ирээд аж ахуй нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр өгсөн. Хоёр тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг аж ахуй нэгж болон иргэдэд хүлээлгэн өгсөн билээ. Ажлын байр хадгалах 10 их наядын зээлийн хүрээнд тариаланчдад 100 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг олгосон юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ыг чөлөөлснөөр аж ахуй нэгж болон иргэд маань өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулж ирэх боломжтой болсон. Энэ жилийн хувьд 40 гаруй комбайныг авсан байна.

-Шатахууны хомсдол газар тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна?

-Бид энэ талаар холбогдох байгууллагаас тодруулсан. Ямар ч байсан ургац хураалтын үед түлш таслахгүй,  хангалт сайн байгаа.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top