Л.Цандэлэг: “Алтан тариа”-н П.Цэнгүүн тэргүүтэй дөрвөн гэр бүл улаанбуудайг үнэгүйдүүлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Монгол Улс энэ жил урьд жилүүдээсээ арвин ургац хурааж авах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч тариалан эрхлэгч нарын аж ахуй, улаанбуудай борлуулалтын ажилд хүндрэл бэрхшээл тулгамдсаар байгаа аж. Ялангуяа өнгөрсөн хавар ОХУ-аас импортоор өндөр үнэтэй улаанбуудай оруулж ирсэн нь тариалан эрхлэгчдийн намрын ажлын бор­луулалтад сөргөөр нөлөөлөх болжээ. Энэ тухайд газар тариалан эрхлэгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.


-Газар тариалангийн бүс нутгаар намар сайхан болж, ургац арвин байна уу?

-Хур бороо ихтэй, нарлаг, сайхан намар болж байна. Монгол Улс энэ жил хэрэглээнээсээ илүү гарсан улаанбуудай хурааж авах тооцоотой байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тооцоолсноор 600 орчим мянган тонн улаанбуудай хурааж авна гэсэн.

-Ургац хураалт ямар байна. Энэ жил хугацаандаа ургацаа хурааж амжих болов уу?

-Бороо орсон чийгтэй холбоотойгоор тариа хураац бага зэрэг хойшлоод, “подгон” буюу шинээр тариа соёолох зэргээр газар газарт ургац хураалт харилцан адилгүй байна. Ургац хураалт ерөнхийдөө 50 хувьдаа хүрч байгаа. Цаг агаар сайхан байвал товлолт хугацаандаа ургацаа хураалгүй яахав.

-Танай аж ахуйн хувьд ургац хураалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Ургац хураалтын ажил 50 хувьтай явж байна.

-Гурилын үйлдвэрүүд тариаланчдын буудайг хэдээр үнэлж байна вэ. Тариаланчид, гурилын үйлдвэрүүдийн хооронд ямар асуудал үүсээд байгаа талаар танаас  дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна?

-Монгол Улс жилдээ 450 орчим мянган тонн улаанбуудай тариалдаг. Гэтэл өнгөрсөн хавар ковид-19 халдвартай холбоотой буудай дутагдалтай байгаа гэдэг нэрийн дор нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас импортын квот олгосон. 200 орчим мянган тонн улаанбуудайнд валют төлж, ОХУ-аас худалдаж авсан. Энэ нь замбараагүй худалдан авалт болсон. Дотооддоо улаанбуудай хурааж авахаа мартсан мэт аашилсан. Дотоодын зах зээл ханатай. Монголчууд жилд 450 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг бол түүнийгээ л хэрэглэнэ. Цар тахал боллоо гээд илүү хэрэглэхгүй. Одоогийн байдлаар тэр импортоор оруулж ирсэн 200-гаад мянган тонн улаанбуудай зах зээлд илүүдэл болоод байна. Гурилын үйлдвэрүүдийн агуулах сав импортын буудайгаар дүүрсэн. Одоо хүртэл борлогдоогүй байж байна. Энэ жил дотооддоо 600 орчим мянган тонн улаанбуудай хурааж авна гэхээр ОХУ-аас оруулж ирсэн 200 мянган тонн буудайг нэмэхээр 800 мянган тонн болно. Монгол Улс буудайн хоёр жилийн нөөцтэй болчихлоо. Энэ нөөцөө хийх агуулах байхгүй. Улаанбуудай илүүдэл болоод ирэхээр гурилын үйлдвэрүүд тариаланчдаас нэг тонн улаанбуудайг 650 мянган төгрөгөөр авна гэж тариф тогтоосон. Энэ тарифыг “Алтан тариа” компанийн П.Цэнгүүн анх тогтоолоо. П.Цэнгүүн хамгийн бага үнэ хэлснээс болж, “П.Цэнгүүн ийм үнэтэй авч байгаа учраас бид ч гэсэн тэр үнээр авна” гэдэг байдлаар гурилын үйлдвэрүүд хандаж байна. Тариаланчид хийж бүтээснээсээ доогуур үнээр яаж борлуулалт хийх юм бэ.

-Нэг тонн улаанбуудайг 650 мянган төгрөгөөр үнэлснээр тариаланчид хэдий хэмжээний алдагдал хүлээх вэ?

-Монголчууд ОХУ-аас оруулж ирсэн улаанбуудайг 800-900 мянган төгрөгөөр худалдаж авсан байдаг. Гурилын үйлдвэрүүдийн тогтоосон 650 мянган төгрөгийн үнэд хорогдол тооцохоор 500 мянган төгрөг рүү орчихно. ОХУ-ын хувьд нефтиэ дотооддоо боловсруулдаг, газар тариалангийн трактороо, ургамал хамгааллын бодисоо өөрсдөө хийдэг. Газар тариалангийн хөрсний хувьд ч манай улсаас хоёр дахин илүү шимтэй. Ийм улсаас нэг тонн улаанбуудайг 800-900 мянган төгрөгөөр гааль, НӨАТ-аа тэглүүлж авчихаад дотоодын үйлдвэрлэгчдийнхээ буудайг маш доогуур үнээр, ОХУ-ын үнээс бараг 50 хувиар бага ханшаар авъя гээд байгаа юм. Яагаад доогуур үнэ хэлээд байна вэ гэхээр зах зээлд илүүдэл бий болсон гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. Үйлдвэрүүд агуулах савандаа будаатай байгаа учраас тариаланчдаа дээрэлхэж байгаа юм уу, доромжилж байгаа юм уу, мэдэхгүй. Дотооддоо техникийн ганц боолтоо ч хийж чадахгүй учир тариалангийн салбарын бүх хэрэгслээ импортоор авч байна. Бордоо, үрээ хүртэл гаднаас оруулж ирдэг. Үрийг 1.3-1.5 саяаар өмнөхөөсөө үнэтэй худалдаж авсан. Ингэж илт зарлага гаргасан боловч буудайгаа 650 мянган төгрөгөөр үнэлнэ гэдэг яагаад ч байж болохгүй зүйл. Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд нэг тонн улаанбуудайг 750 мянган төгрөгөөр үнэлээч ээ гэсэн санал тавьсан, саналынхаа хариуг хүлээж байна.

-Тариаланчдын санал хүсэлтэд хэзээ хариу өгнө гэсэн бэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ долоо хоногтоо шийдвэрлэнэ байх. Яамныхан хөдөө, орон нутгаар явж байна. Энэ үед ч санал хүсэлтээ хэллээ. Ургац хураалтын цаг хугацаа хойшлох тусмаа тариаланчдын нөхцөл байдал хүндэрнэ. Тариа цасанд даруулах, норох, муудах, адаглаж тагтаа, шувуу овоорох гээд хүндрэл гарч болзошгүй байдаг. Тиймээс стратегийн бүтээгдэхүүн гурилын түүхий эд улаанбуудайн асуудалдаа зайлшгүй анхаараач гэж хэлмээр байна.

-Энэ бүх асуудал явж явж гурилын үйлдвэрүүдийн эзэдтэй холбоотой юу?

-Монголын газар тариалангийн улаанбуудайг дөрвөн гэр бүл 30-аад жил атгаж байна. “Алтан тариа”-н П.Цэнгүүн, “Улаанбаатар гурил”, ХААН банкны Ц.Баатарсайхан, Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар “Ургац” гурилын үйлдвэртэй, “Милл хаус”-ын женко Х.Баттулга гэсэн дөрвөн гэр бүл Монголын тариаланчдын амь амьдралыг шийддэг болсон. Монголын шатахууныг хэдэн колонкууд атгаад байгаа шиг энэ дөрвөн гэр бүл гурилын үнээ огт буулгадаггүй, зах зээлдээ нөлөөтэй барьчихдаг. 650 мянган төгрөгөөр улаанбуудайгаа зарахгүй гэхээр тариаланчид талбай дээрээ дүүрэн будаатай, хаашаа хандах, хэнд өгөхөө мэдэхгүй, гацаанд ороод байна. Дээрээс нь бараг бүх тариаланч хэд хэдэн банкны зээлтэй, өр зээл асуудал ихтэй байдаг.

-Газар тариалангийн сал­барт нүүрлээд буй энэ байдлыг яаж засаж залруулах ёстой вэ?

-Монголчууд дотооддоо өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа ургацаа монополь байдлаар хэдхэн гэр бүлд атгуулмааргүй байна. “Улаанбуудайгаа импортоор авч болдог юм чинь экспортолж өгөөч” гэсэн саналыг бид бас яаманд хэлж байгаа. Дэлхий дээр буудайгүй, хүнсний хомсдолд орсон олон орон байна. Улаанбуудайн үнэ унах нь ихээхэн хор уршигтай. Жишээлбэл, рапс буюу тосны ургамал хамаагүй зардал багатай тариалдаг ургамал. Гэтэл өнөөдөр үнэ нь 2.3 сая төгрөг болоод Хятад улс руу гарч байна. Улаанбуудай рапсаас дөрөв дахин хямд үнээр үнэлэгдэж болохгүй. Ирэх жил бүх тариаланч үнэтэйгээр нь рапс таривал яах вэ. Амьдрахын тулд сонголт хийхээс аргагүй шүү дээ. Дөрвөн том гэр бүл эх оронч бус, сэтгэлгүй, эрээ цээргүй хандаж байна. Импортоор буудай оруулж ирэх байсан юм бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Дотооддоо буудайгаа тариалахаа зогсоо, багасга” гэдэг ч юм уу хэлэхгүй яасан юм бэ. Ямар нэг уялдаа холбоо гэж байна уу. Би өнгөрсөн хавар ч хэлж байсан. Импортын улаанбуудайг замбараагүй оруулж ирэх гээд байна, Монголынхоо тариаланчдыг мартав уу гэдэг талаас сануулж хэлсэн л дээ. Ер нь Монгол Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Нэг жил тариа сайн ургана, нөгөө жил муу ургана. Тиймээс нэг улс байна даа жилийнхээ улаанбуудайг хадгалах нөөцтэй болж шийдэх арга байна. Эсвэл экспортоор шийдэж болох юм. Энэ асуудлыг төр, засгаас шийдээд өгөөч. Гурилын үйлдвэрүүдэд монополь байдлаар эрх өгөхгүйгээр бусад жижиг үйлдвэрүүдэд ч үйл ажиллагаа явуулах боломжийг нь олгоосой. Монополь байдлыг задлаач ээ. 500 төгрөгөөр авсан улаанбуудайгаа гурав нугалж 1500 төгрөгөөр зарж байгаа бизнес Монголд өөр хаана байгаа юм. Улаанбуудайн гадна талын хальс хивэг хүртэл 1000 төгрөг хүрчихлээ. Гэтэл ганц зуд болоход л хямд авсан улаанбуудайн хальс хивэгний үнээ гурилын үйлдвэрүүд нэмчихдэг. Энэ мэт дэндүү монополь байдалтай асуудалд ханддаг, засаг төрд хүртэл дарамттай. Уг нь хэрэглэвэл манайд монополийн эсрэг хуулийн зохицуулалтууд ч байдаг.

-Улсаас улаанбуудай нөөцлөх асуудлаа шийдчихэж болох юм?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд 120 орчим мянган тонн улаанбуудай хадгалах нөөц байдаг. Бусдыг нь тариа­ланчдынхаа саванд хийгээд өөрөө хадгалж бас болох юм. Долоо, найман жилийн өмнө ингэж арга хэмжээ аваад буудайгаа хадгалж болж байсан. Стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай тав, арван жил хадгалсан ч мууддаггүй онцлогтой. Хадгалаад хэдэн ч жил ашиглаж болох хүнсний ховор бас сайн бүтээгдэхүүн бол улаанбуудай шүү дээ. Улаанбуудайн тариалалтын цаана хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч байгаа олон мянган гэр бүлийн амьдрал, аж ахуй байдаг гэдгийг сануулъя. Дотоодын зах зээлээ бид хамгаалж, дэмжих ёстой.

-Энэ жил дотоодын улаан­буудайн чанар ямар байна вэ?

-Жилийн жилд дотоодын улаанбуудай чанар сайтай байдаг. Тариаланчид олон жил буудайгаа тариаллаа. Талх, гурил бүх л юм сайхан байна, амттай байна. Улаанбуудайг стандартынхаа дагуу тариалж, бүх үйл явц ном журмын дагуу явагддаг.

-Тариалан эрхлэгч нарт ковид-19 халдвар, цаг үеийн байдлаас шалтгаалсан өөр ямар бэрхшээл үүсэж байгаа вэ?

-Хил гааль дээр тоног төхөө­рөмж, бордоо, ургамал хам­гааллын бодисууд гацах асуудлууд үүсэж байсан. Сайн ажилладаг тариаланчид маань ковид-19 тусаад, ургац хураалтын үед хүний нөөцийн хүндрэлүүд ч үүсэж байна. Мөн шатахууны хомсдолд орчих юм. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнөөдөр /өчигдөр/ шатахуун байх­гүй. Шатахуунгүй техникээр яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.

-Жил болгон ажиллах хүч дутагддаг. Тиймээс энэ жил оюутнууд, цэргийн албан хаагчдаас ургац хураалтад Засгийн газраасаа үүрэг өгч ажиллуулахаар болсон. Танай тариаланд оюутан, цэргүүд очиж ажилласан уу?

-Мэргэжил сургалт үйлдвэр­лэлийн төвийн оюутнуудыг ажиллуулсан. Оюутнууд шаардлага биелүүлэх талдаа хүндрэлтэй юм байна лээ. Сая Хилийн цэргийн дээд сургуулиас 10 сонсогч ажиллуулсан. Тэд сайн ажиллаж байгаа. Өнөөдөр борлуулалт хийж байгаа тариаланчид алга. Бид борлуулалтаа хийгээд ажилчдынхаа цалинг тавиад амьдармаар байна.

-Дотооддоо тариалдаг ч гурил, талхны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шүү дээ. Гурилын үйлдвэрүүд дангаараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй баймаар. Улаанбуудайг нь тариалж, борлуулдаг тариаланчаас асуухад гурилын үнэ тогт­вортой байх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Үйлдвэрүүд ашиг олох зорилготой. Гурилын үнээ хэзээ ч бууруулдаггүй. Ард түмний өдөр тутмын хэрэгцээ гурилын бизнесийг төрөөс тодорхой хянаж, ард түмэндээ хямд хүргэх талаас нь бодлогын зохицуулалт хийж явмаар байна. Зохицуулж чадахгүй бол төр оролцохоо нэгмөсөн больж, зах зээлийнх нь жамаар явуулах хэрэгтэй.

-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” хөтөлбөрийн хүрээнд тариалан эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Зээл олголтын талаар сураг чимээ сонсов уу?

-Миний хувьд Улаанбаатар хотод хэд хэдэн байр барьцаанд тавьж байж хэдэн төгрөгийн зээл авсан. Тус хөнгөлөлттэй зээлийг авахад тариаланчдаас заавал үл хөдлөх хөрөнгө шаарддаг, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотод байх шаардлагатай. Үнэлүүлсэн байх ёстой. Сайхан нэртэй зээлүүд гардаг боловч нэр шигээ сайхан байж чаддаггүй. Тавьж байгаа шаардлагууд нь өндөр байдаг. Уг нь бол Монгол Улс мах, гурилтайгаа байхад дэлхийгээс өөр гуйгаад байх юмгүй шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.13) 2021 оны 10 сарын 13

Зөв шүү. Страгегийн гол бүтээгдэхүүн мах, гурил, шатахуунаа төр мэдэлдээ авч суурь үнийг тогтвортой байлгахгүй бол 3-4 гэр бүл ханшаар тоглоод ард түмнийг ядууралд оруулаад, төрийг ч тогтворгүй болгож, улс орны эдийн засгийг сүйрүүлэх бодлого явагдаад байна.

0  |  0
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 13

энэ ч бас худал ярьдаг бүтэхгүй гар даа

2  |  1
зочин(202.72.240.53) 2021 оны 10 сарын 13

амжилт

1  |  1
Энжи(64.119.23.61) 2021 оны 10 сарын 13

Сахалтай байцаа минь гоншигноод яахав.зах зээлийнхээ хөгжлийг дагаж мэдэрч л амьдарна шдэ

1  |  1
Top