400 сая жуулчин даах “ХҮЧИРХЭГ” үндэстэн хэдхэн хөрөнгө оруулагчаас айв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Сүүлийн хэд хоног Төрийн ордны их тайзнаа “Гадаадын хөрөнгө оруулагчид хадны мангаа”  гэдэг жүжиг улстөрчдийн дэглэлттэйгээр тоглогдож байна. Төв талбай дээр төлбөртэй үзэгч фенүүдээ цуглуулахаа мартсангүй. Ядуу монголчууд гуймтхай мөртлөө голомтгой гэж. Дээр нь загасны ой санамжтай. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ шалдаа бууж, гадаадын хөрөнгө оруулалт татарсан явдал хэдхэн жилийн өмнө тохиосон. Бүр тодруулбал, 2011 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө цойлон гарч ирсэн хэний ч мэдэхгүй Монгол гэх буурай улс 2013-2016 онд уул уурхай гэх тэжээгчээ алдсаны улмаас томоохон сорилттой тулгарч байлаа. Экспортын орлого үндсэндээ тасарч, уул уурхайд найдсан гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсанаар Засгийн газар зээл, тусламжаас өөр найдлагагүй болж хоцорсон үе 2017 он. Экспорт, зээл тусламж, хөрөнгө оруулалт гэсэн валютын орох үндсэн гурван урсгал бүгд хаагдсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэр үед ОУВС Монголын эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж, долоон төрлийн татвар нэмж гол ачааг улстөрчдийн биш ард түмний нуруун дээр өнөөдрийг хүртэл үүрүүлж буй. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүдийн олонх тэр үеийг мартжээ. Үүнтэй ард иргэдийн дийлэнх олонх эвлэрч.

Улмаар бөх, хөтлөгч, авто засварчин, наймаачин тэргүүтэй эдийн засгийн алуурчин популис­туудаас бүрдсэн УИХ-ын олонх өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт огт хэрэггүй зүйл мэт аашилж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр энэ өвчин онц сэдрэв. Жишээ нь, үндэсний бөхийн дархан аварга гишүүн нутгийнхаа эсрэг зүг харж суугаад Тамсагийн ордоо санагалзаж харууссан бол төрөөс төрсөн тэрбумтан үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байгаа харагдана билээ.

Гадаадын хөрөнгө оруулалт татах нь битгий хэл нэг хүн цалинжуулж үзээгүй тэдгээр эх орончдоос гадна хуулийн төслийг дэмжиж УИХ-д оруулсан дөрвөн гишүүний хоёр нь эргэж мэлзсэн. УИХ дахь хөтлөгч гишүүн П.Анужин ганцхан хуудас цаас уншиж ойлголгүй  гарын үсэг зурснаа хүлээсэн бол нэгэн цагт солонгосын бэр болж явсан Д.Өнөрболор гишүүн хүртэл хужаа гэж хэлэгдэхээс айв. Өчигдөр л гэхэд эрх баригчдын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эргүүлэн татах талаар хэлсэн. Тэрбээр мөн хужаа нэр зүүхээс эмээж байгаа нь илт. Улмаар Хөрөнгө оруулалтын хууль дахь хөрөнгө оруулагчдад тавьсан босгыг бууруулах санаачилга гаргасан гишүүд гадаад, дотоод томилолтоор явсан нэрээр хуулийн төслөө хаяад алга болсон. Ингэж жилдээ 400 сая жуулчин даана гэж даналзсэн “хүчирхэг” үндэс­тэн хэдхэн хөрөнгө оруулагчдадаа эдийн засгийн үүдээ хаав.

Хэдхэн хөрөнгө оруулагч маллаж чадахгүй ядруу төртэй гэдгээ үүгээр харуулж байгаа. Улс төрд нөгөө л “цэвэр цусны банхар” технологи явж байгаа нь үүнээс харагдана. Улстөрчид үүнээс айж арьсаа хамгаална гэж жигтэйхэн. Харин улс орноо бодох нь ховорхон юм. Яагаад гэвэл, орчин цагт дан ганц Монгол гэлтгүй аливаа улсын үндэсний аюулгүй байдал эдийн засгийн чадавхтайгаа шууд уялдаж байгаа. Дэлхийд тэргүүлэх  Хятад хүртэл гадаадын хөрөнгө оруулагчдыг хадаг бариад угтаж байна шүү. Эдийн засгийн чадавх нь хэр хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татаж буйгаас шалтгаална. Иргэд нь ажилтай орлоготой байх амьжиргааны асуудал ч үүнээс хамаардаг. Түүнээс биш ухаад гаргачихсан бэлэн нүүрсээ экспортлох чадваргүй монголчууд өөрсдийнхөө хүчээр гадаад хөрөнгө оруулалтын дийлэнхийг шингээдэг уул уурхайн салбараа өндийлгөсөн гэвэл худлаа.

Ер нь Монголд орж ирж буй нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70-аас илүү хувь нь уул уурхайн салбарт орж ирдэг. Уул уурхайн түүхий эдийн ханш өндөр тогтож буй өнөөдрийн хувьд Монголд 2011-2012 онд тохиосон шиг гадаадын хөрөнгө оруулалт татах цонх үе тохиогоод байна. Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт ойрын хоёр жилдээ өндөр байх төлөв ч гарсан. Яг л ийм үед Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо илүү уян хатан, нээлттэй байлгах хэрэгтэй. Эсвэл уул уурхайн супер циклийг ашиглаж чадаагүй алдаагаа давтаж мэднэ.  Түүх сөхөхөд, 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.8 тэрбум болж дээд амжилт тогтоож байсан бол 2014 онд 276 сая ам.доллар, 2015 онд 182.69 сая ам.доллар болж татарсан байдаг. 2016 онд тоймтой өсөөгүй ч 2017 онд хоёр тэрбум, 2018-2020 онд гурван тэрбум орчим болж эргэн сэргэсэн. Эдийн засгийн өсөлт үүнээс шууд хамаарч ирсэн.

Өөр бусад салбарт ч гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрчим хүч, өндөр технологи гэх мэтийн Монголд дутагдаж буй салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж, ноу-хау, техник технологийн дэвшил орж ирдгийг санах хэрэгтэй. Гэтэл цэвэр цусныханд хөрөнгө оруулалт, ур чадвар, дэвшилтэт техник технологи аль аль нь алга. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх сонирхолтой улстөрчдөд үүнийг нутагшуулах сонирхол бүр алга. Харин Монголын эдийн засагт байгаа боломж гэвэл Оюутолгой ба бусад төслүүдэд орж буй гадаадын хөрөнгө оруулалт юм.  Үүнийг дараах тоо баримтаас харж болно.  Монгол Улсад 1990 оноос 2020 оны хооронд 123 орноос 29.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Нийт 123 орны 15,008 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдсэнийг улсаар нь авч үзвэл, Канад улс Монголд 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр тэргүүлж байна. Дараа нь 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар БНХАУ удаалдаг. Харин эдгээр хөрөнгө оруулалтаас орж ирсэн татварын мөнгөөр амь зуудаг улстөрчид  муулж, олон нийтээс оноо цуглуулдаг төдий. Ийм популизмын нөлөөгөөр Монгол хөрөнгө оруулагчдад халтай, хууль эрх зүйн орчин тогтворгүй улс болж хувирсан.  Уг нь зан сайтай айлд хүн бүхэн цугладаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(66.181.160.83) 2021 оны 10 сарын 13

Zuw yag ogoo gadñi hurungu oryylàgchid us agaar shig neregtei BNA uls orni hugjjil dewshil boomilson hooson tolgoitoi hiirhegchid amaa tat

0  |  0
1(202.179.26.182) 2021 оны 10 сарын 13

нөгөө 6.2 мэтээ санаарай

0  |  0
ЭМЭЭ(66.181.185.29) 2021 оны 10 сарын 13

ГАНЦ ЖИИПНИЙ ҮНЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ЗӨВ ГЭХ ҮҮ ???? МОНГОЛЧУУД ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ГЭНЭН ТЭНЭГҮҮД БИШ БАЙХАД ХАРИН Ч БАЯРЛАЖ БАЙНА . ТАВ АРАВХАН ТӨГРӨГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛСАН НЭР ЗҮҮГЭЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ ТАВЬ ЖАРАН ЦАГААЧИД ЭХ ОРНООР МИНЬ ДҮҮРЭХ ЁСГҮЙ

0  |  0
Top