Хуульч, өмгөөлөгч Ц. Монголтой уулзаж, олны анхаарлыг татаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодруулга авлаа.
-“Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-аар хэлэлцсэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй тулж байна. Та хуульч хүний хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудалд олон нийт маш их эмзэгээр хүлээн авч, шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байна. Иргэдийн энэ эсэргүүцлийг би дэмжиж байгаа. Ер нь ганцхан уг хуулийн тухайд бус Монгол Улсад батлагдаж байгаа бүх хуулийг хуульч хүний хувьд ажиглаж, судалдаг. Сүүлийн 30 гаруй жил хууль тогтоож ирсэн, одоогийн хууль тогтоож байгаа “гаж” тогтолцоог өөрчлөх талаар би маш их бичиж ярьж байсан хүмүүсийн нэг. Манай улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар үндэсний эрх ашиг сонирхолд харшилсан, монголчуудад ашиггүй, хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулиуд батлагдан гарах боломжтой, тийм нөхцөл бүрдсэн гэхэд хэн ч эсэргүүцэхгүй байх. Тухайлбал: Ашигт малтмалын тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль гээд олон хуулиудыг нэрлэж болохоор байна. Үүнийг дээр доороо бүгд л мэдэх болжээ. Гэвч харамсалтай нь энэ тогтолцоог өөрчилж, хоёр танхим бүхий хяналтын тогтолцоог бүрдүүлэхийг хэн ч хүсэхгүй байгаа нь эмгэнэл. Харин ард, олон нийт энэ нөхцөл байдлыг илүү ихээр ойлгож эсэргүүцэж байгаа нь “гаж” тогтолцоог өөрчлөх чухал эхлэл болов уу гэж найдаж байна.
-Хуулийн төслийг хэн гэдэг гишүүн өргөн барьсан юм бол?
-“Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д өөрчлөлт оруулах гэж байгаа энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х. Булгантуяа, Х. Ганхуяг, Д. Өнөрболор, П. Анужин нар энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр УИХ-ын даргад “хуулийн төсөл өргөн барих тухай” албан бичигт гарын үсэг зурж өргөн барьсан байна. Тийм албан бичгийн хуулбар олон нийтийн сүлжээнд гарсан байгааг олж харлаа. Энэхүү хуулийн төсөлтэй танилцахад үнэхээр үндэсний эрх ашигт харшлахаар болсон, гадаадын аль ч улсын иргэн хүссэн үедээ Монголд чөлөөтэй шилжин ирж байнга оршин суух, амьдрах эрхийг нээж байна гэж ойлгогдож байна. Уг нь “Хөрөнгө оруулалтын тухай хуулиар” хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулах ёстой байтал уг төсөлд гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн, байнга оршин суухтай холбогдох, өөр хуулиар буюу “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулиар зохицуулагдах ёстой харилцааг зохицуулахаар заасан нь хууль санаачилсан гишүүд цаанаа “захиалгатай”, “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж олон нийт үзэж, хардаж, эсэргүүцэж байгаа нь зөв.
-Энэ хуулийн төслийн 12.1.6-д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэсэн заалт байгаад л хамгийн гол учир байгаад байх шиг?
-Ийм заалт хэрхэвч хуульчлагдах ёсгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын иргэн Монгол Улсад байнга оршин суух тухай асуудлыг зохицуулах ёсгүй гэж дээр хэлснээ тодотгоё. Төслийн агуулгаас үзвэл 50 000 ам. доллар дансанд тушаасан гадаадын хөрөнгө оруулагч гэр бүлийн хамт Монголд байнга оршин суух эрхтэй болохоор байна.Тэгвэл гэр бүл гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд, тухайн хөрөнгө оруулагчийн аав ээж, эхнэр, хүүхдүүд, за тэгээд олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг улс орны иргэн бол бүх эхнэр хүүхдүүд нь гээд маш олон тооны хүмүүс байх боломжтой. Тухайлбал: 10 эхнэртэй 30 хүүхэдтэй гадаад иргэн 50 000 ам. доллар дансанд хийгээд л Монгол Улсад хязгааргүй хугацаагаар амьдрахаар байна. Мөн тэр 50 000 ам. доллараа компани бүртгүүлчихээд өөрөө буцаагаад авчихна. Утгагүй хуулийн төсөл байгаа биз. Дэлхийн 240 гаруй улс орны долоон тэрбум иргэнд Монголд амьдрах эрхийг нээлттэй болгож байгаа хуулийн заалт шүү.
-Хуулийн төслийн гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад уг хууль чиглэгдсэн гэж тайлбарлаж байна. Энэ талаар?
-Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хэмжээг маш их багасгахаар төсөлд тусгаж байгаа нь байж боломгүй асуудал. Хөрөнгө оруулалтын хуулинд гадаадын компанийн оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 300 мянган ам. доллар, иргэн хүн хөрөнгө оруулж компани байгуулах бол 200 мянган ам. доллар гэх байдлаар зааж өгөх шаардлагатай. Энэ мөнгийг компаниа бүртгүүлсний дараа заавал хөрөнгө оруулалтад зарцуулж, татварт бүртгүүлж, хяналтад оруулах заалт байх ёстой. Тухайн орны хуулийн байгууллагаас нь хөрөнгө оруулагч, түүний санхүүгийн байдлын талаар лавлагаа заавал авсан байх ёстой. Одоо мөрдөж байгаа манай “Хөрөнгө оруулалтын хуулиар” 100 мянган ам. доллар бусдаас зээлж дансанд байршуулж компани бүртгүүлчихээд буцаагаад авчихдаг. Тэгэхлээр одоогийн хууль ч маш том цоорхойтой байгааг засаж сайжруулах ёстой.
-Магадгүй таны ярилцлагыг уншсан зарим хүмүүс “Гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээлээ” гэж шүүмжлэхийг үгүйсгэхгүй?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг манай улсын хувьд маш сайн дэмжих нь зөв. Улс төрийн болон эдийн засаг, эрх зүйн хувьд маш их таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Ялангуяа “Хөрөнгө оруулалтын хуулиар” харилцан ашигтай байх, оруулсан хөрөнгийг нь баталгаатай хамгаалах зохицуулалтыг хийж өгөх ёстой. Гэтэл одоогийн “Хөрөнгө оруулалтын хууль” нь хөрөнгө оруулагчид маш их ашигтай, Монголд ашиггүй тийм зохицуулалттай. Ийнхүү хөрөнгө оруулагч нь бага хэмжээний хөрөнгө оруулаад асар их хэмжээний баялгийг зөөж байгаа нь монголчуудын дургүйцлийг хүргэж, улмаар хөрөнгө оруулагчдад таагүй хандах тийм уур амьсгалыг бий болгосон. Үүний улмаас эхлээд Бороо гоулдыг залгисан, Оюу толгойг луйвардсан, Петро чайна гээд...тогтвортой байдлын гэх Монголд ашиггүй гэрээ байгуулсан хэсэг цөөн тооны хөрөнгө оруулагч завшаад, харин бусад хөрөнгө оруулагчид нь элдэв дарамтад орж, улмаар Монголоос хөрөнгөө татах тийм таагүй нөхцөл байдал бий болоод байгааг зөв судлан тогтоох хэрэгтэй. Бодит байдлаа үнэн зөв шинжилж тогтоосныхоо дараа хуулиа сайжруулж, хөрөнгө оруулагч нарт адил тэгш зарчмаар хандах, дэмжих шаардлага тулгарч байна.
-Бусад оронд “Хөрөнгө оруулалтын хууль” нь ямар шалгууртай байдаг юм бэ?
-Бидний сайн мэдэх Америк, Герман улсын гадаадын хөрөнгө оруулалтад тавьдаг зарим шаардлагын талаар жишээ авья. Герман улсад гэхэд гадаадын аль ч улсын иргэн ажиллаж амьдрахад герман хэлний мэдлэг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч, компанийн захирал компанийхаа үйл ажиллагааг герман хэл дээр явуулах тийм төвшний герман хэлний мэдлэгтэй байх ёстой. Иймээс тэнд хэлний маш их олон коллеж тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байдаг. Гэтэл Монголд ийм шаардлага байдаггүйгээс хэлний коллежууд бараг байдаггүй, гадаадын хөрөнгө оруулагч иргэн монгол хэл огт мэддэггүй, хэлний мэдлэг олж авах тийм нөхцөл боломжийг бүрдүүлээгүй. Иймээс, ихэнх нь гадаадад амьдраад Монголд байгаа компаниа алсаас удирддаг. Цаашлаад зарим тохиолдолд Монголын хуулиар хариуцлага хүлээдэггүй. Наад захын жишээ гэхэд, Монгол хэлний тухай хуулийн 7.1-д “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл бичгээр хөтлөн явуулна. Хуулийн 6.1-д “ Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна, мөн 6.1.1-д төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт” гэсэн хууль огт хэрэгждэггүй. Наад захын жишээ бол Оюу толгой бүх ажил хэрэг нь англи хэл дээр явагддаг. Шүүхэд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад захирал монгол хэл дээр тайлбар, нэхэмжлэл гаргаж өгөхөд шүүх хүлээж авдаггүй. “Гадаад хүн учир өөрийнхөө хэл дээр бичих ёстой” гэж гадаад хэл дээр бичүүлээд монгол хэл дээр орчуулуулж авдаг. Энэ бол нэг ёсны Монголд хууль хэрэгжихгүй байгаа нэг тод жишээ мөн.
АНУ-д Гэрээт хөрөнгө оруулагч (E-2) виз нь АНУ-ын худалдаа, усан замын гэрээг дагаж мөрддөг /дэлхий 200 гаруй улс оронтой үүнээс/ зөвхөн 130 орчим улс орны иргэдэд зориулагдсан байдаг. Тэгэхээр ямар улсаас хөрөнгө оруулагч авах, ямар улсаас хөрөнгө оруулагч авахгүй вэ гэдэгт олон улсын гэрээгээр хязгаар тавьсан байдаг.
АНУ хөрөнгө оруулагчийн Е- 2 виз хүссэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт нь "Аж ахуйн нэгжийн амжилтыг хангахын тулд дорвитой бөгөөд хангалттай байх ёстой" гэж хуулинд заасан байдаг. Энэ шаардлагын дагуу хөрөнгө оруулагчийн байдлыг маш нарийн шалгаж хянасан байх жишээтэй. Түүнчлэн E-2 визийн хамгийн бага хөрөнгө оруулалтыг 100 мянган ам.доллар ба түүнээс дээш гэж үздэг бөгөөд Е-2 визийн журамд виз олгохоос өмнө хөрөнгө оруулалтад зориулагдсан хөрөнгийг эргэлт буцалтгүй оруулахыг шаарддаг. Таны хөрөнгө зөвхөн E-2 виз гарсан тохиолдолд хэрэгжих нөхцөлтэй (эскров) дансанд байршсан ч эргэлт буцалтгүй оруулсан хөрөнгөд тооцогддог гэх мэт маш нарийн шалгууртай байдаг. Гэтэл манайд бол оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавьж, бүртгэх систем байхгүй нь хуулийн заалт хэлбэрийн төдий болохыг харуулж байна. Ийм ч байгаа.
-Та энэ хуулийн төслийг батлагдвал ямар үр дагавартай талаар төсөөлж байгаа зүйл байна уу?
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах гэж байгаа энэ төслийг УИХ батлахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ баталсан нөхцөлд Монгол хүн бүр энэ хуулийг хүчингүй болгохын төлөө тэмцэх байх, мөн энэ 30 жил явж ирсэн хууль тогтоох “гаж” тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Ер нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо байгаа муу хуулиуд, түүний аюултай сөрөг үр дагаварын талаар сайн мэдээлээсэй, олон нийтэд хүргээсэй, олон нийт дэмжиж өөрчлөлт хийгээсэй л гэж хүсэх байна. Хуульчид бид хууль бүрийн эерэг, сөрөг үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Санал нэг бнахөрөнгө оруулах босго тоглоом шиг арай дэндүү бага ийм хуулийн хэрэг огт бхгүй
Өөрөө гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хуулийн зөвлөх хийдэг байж. Өөрийнхөө толгой дээр байгаа өвсийг хар
Ноцтой нь Хятадаас 50,000 хүн гээд заачихсан байсан, юун өөр орны иргэд. Тэгэхээр хэний захиалга гэдэг нь тодорхой байгаа.
Монгол гуай маш зөв ярьжээ. Дэмжиж байнаа
Avto kambinatiin baasanjav joloochiinhon gereeree hogiin hulgaich
Tarhin gashilsan ih huraliin gishuudee zailuulaach
Энэ хуулийн төслийг хурдан буцаан татан авч цуцал!!!! Ийм новшийн хууль дэлхий дээр байхгүй шүү, энэ хуулийг санаачлагчдыг Чингис хааны үед бол үе удмаар нь цаазаар авах байлаа.
Өнөрболорын барьсан 2-3 өрөө байр худалдаад авчихад л монголд асаараа гэр бүлээрээ суух эрхтэй болох нь.