Лаосын нийслэл Вьентьян хотын захад “China Railway Engineering Group” БНХАУ-ын “Бүс ба Зам”-ын санаачилгын хүрээнд Хятад-Лаосыг холбосон төмөр замын сүүлийн 500 метрийг гагнаж дуусжээ. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирэх арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад орох уг төмөр замыг орчин үеийн инженерчлэлийн гайхамшиг хэмээн мэдээлж байна. 3.6 тэрбумын өртөг бүхий уг төмөр зам нь Лаосын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг хувьтай тэнцэж байгаа юм.
Одоогоор тус улс ДНБ-ийнхээ 60 хувь орчим хувьтай тэнцэх хэмжээний өртэй байгаа бөгөөд үүний тал хувийг Хятадад төлөх ёстой аж. Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Виржиниагийн их сургууль болон “William & Mary's Global Research Institute”-ээс гаргасан “AidData” судалгаанд БНХАУ-ын гадаадад хэрэгжүүлж буй төслүүд, тэр дундаа дэлхийд зарлаагүй өрийн багцыг гаргажээ.
“AidData”-гийн тооцоолсноор БНХАУ 385 тэрбум ам.долларын өртөг бүхий зээлийг далд байдлаар олгосон байна. 2000 оноос эхлэн 18 жилийн хугацаанд БНХАУ 800 тэрбум орчим ам.долларын зээлээр 13427 төслийг санхүүжүүлсэн бөгөөд үүнд “AidData”-гийн далд өр гэж нэрлээд буй 385 тэрбум ам.доллар ч багтаж байгаа аж. Хэрэв зээлийг Засгийн газарт нь л олгоогүй бол Дэлхийн банк өрийн тайландаа оруулдаггүй байна. БНХАУ дэлхийн улс орнуудын Засгийн газраас гадна төрийн өмчит компаниуд, банкууд, хамтарсан үйлдвэрүүд, хувийн хэвшлийн байгууллагуудад зээл олгодог. Хятадаас дэлхийн улс орнуудад олгодог зээл 4.2 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа нь 10 хүртэлх жил байдаг бол Герман, Франц, Япон зэрэг улсын олгодог зээл 1.1 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 28 орчим жил байдаг.
БНХАУ-д төлөх ёстой өр нь ДНБ-ийнх нь 10-аас доошгүй хувийг эзэлж буй 44 улс байгаа талаар “William & Mary's Global Research Institute” тайландаа мөн онцолжээ. Цар тахалтай тэмцэж буй эдгээр хөгжиж буй орнуудын олонх нь зөвхөн Хятадтай төдийгүй олон улсын байгууллагуудтай өр төлбөрийн нөхцөлийн талаар дахин хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөлд ороод байгаа юм. Гэхдээ Хятадын Олон улсын төлбөр тооцооны банкны олгосон зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурчээ. (“AidData”-гийн судалгаагаар 2017 он хүртэлх зээлийг авч үзсэн болно).
Хятадын Олон улсын төлбөр тооцооны банк буюу “BIS”-ийн зээлийн дийлэнхээ ядуу буурай орнуудад олгосон байдаг. Гэхдээ Хятад тэргүүтэй Их-20-ийн улс орнууд нийт 73 улсын зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар тохиролцсон билээ. 2017 онд Шриланк БНХАУ-д төлөх ёстой өрөндөө Хамбантота боомтоо өгч байсан. Харин одоо Кени Хятадаас авсан их хэмжээний өрнийхөө оронд стратегийн ач холбогдол бүхий Момбаса боомтоо өгөхөд тун ойртоод байгаа юм.
Хятадаас авсан мөнгөөрөө тэд улсынхаа нийслэлийг далайн боомт хот Момбасатай холбох 485 километр сунан үргэлжилсэн төмөр замыг барив. Уг төмөр зам нь Кени тусгаар тогтнолоо олсноос хойших хамгийн том бөгөөд үнэтэй дэд бүтцийн төсөл ажээ. Кени энэ өрөө Хятадад төлж барагдуулж чадахгүйдээ тулбал, анхны санхүүжилтын гэрээнд заасны дагуу улсад хамгийн их ашиг орлогыг төвлөрүүлдэг Момбаса боомтыг Хятадууд хураан авах эрх бүрэн эрхтэй. Үүнээс гадна өрөнд баригдсан Лаосын цахилгаан сүлжээний нэг хэсэг болох өөр нэг чухал дэд бүтцийг Хятадын төрийн өмчит компани аль хэдийнээ хяналтдаа аваад буй. Харин “Rhodium Group” судалгааны компанийн Мэтт Мингей “Хятадын Лаост олгосон зээл нь далд хэлбэрийнх биш, харин төвөгтэй зээлийн жишээ” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
манайхан ч өрөндөө бас юу өгөх бол доо газар нутгийн нэг хэсэг л өгч таарах байх даа өр их тавих ч хэрэггүй л байгаа юм даа хөнжлийнхээ хирээр хөлөө жий гэдэг биз дээ