Хүчирхийлэгчдийг ХҮЧИН МӨХӨСДҮҮЛЬЕ хууль тогтоогчид оо!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

“Бэлгийн хүчирхийлэлд 517 охин өртсөн байна”, “2019 онд 14 настай 1700 охин үр хөндүүлжээ” гэх мэт сэтгэл сэртхийлгэм аймшигт тоон мэдээ ар, араасаа хөврөх. Бидний амьдарч буй нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл хийгээд үр хөндөлтийн асуудлыг өнөөдрийнхөө дугаарт хөндлөө.

Бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон охидын тоог сүүлийн таван жилийн байдлаар гаргажээ. “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо” НҮТББ-аас гаргасан тоон мэдээлэлд дурдсанаар  2017 онд 138, 2018 онд 309, 2019 онд 350, 2020 онд 328, 2021 оны найман сарын байдлаар 228 охин тус, тус хүчирхийлэлд өртсөн байна. Эндээс харахад өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол жилээс жилд өссөөр байна.

Та бод доо, сүүлийн таван жилийн байдлаар нийт 1353 хүүхэд хүчирхийлэлд өртөж хохирогч болсон байна гэдэг байж болох зүйл үү. Нийгмийн хамгийн хар бараан гэж хэлж болох энэ төрлийн гэмт хэргийг нүдээ аниад, амаа таглаад дуугүй өнгөрч боломгүй санагдана. Охид хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож бууруулахад төр засаг болон олон нийтийн хамтын оролцооноос гадна хуулийн заалтыг эргэн харах шаардлага нэгэнт тулгарчээ. Тиймээс заавал дагаж мөрдөх дэг журам болох хууль зүйн хариуцлагыг чангатгах асуудал маш чухал болоод байна.

 

ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭ “БАГАХАН” ӨРТГӨӨР ГҮЙЦЭЛДҮҮЛЖ БАЙНА

 

Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудал яах аргагүй үгүйлэгдэж байна. Өдгөө хүчирхийлэгчийг өөгшүүлж байгаа гол зүйл бол хөнгөн ял. Жишээ татъя.

2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 12.5  дугаар зүйлд “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь хүүхдийн бэлгийн эрх чөлөөг хамгаалах хууль гэж үзэхэд даанч харамсалтай.

Энэ талаар бичигч би ганцхан хэлж буй бус. Мэргэжлийн хууль, өмгөөлөгч нар ч дараах тайлбарыг өгч байна. Тэд “Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн олон улсын конвенцод зааснаар 0-18 насны хүнийг хүүхэд гэнэ гэж тодорхойлсон.

Монгол Улсын Иргэний хуулийн 15 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар 18 наснаас эхэлдэг ба насанд хүрээгүй буюу 14-18 нас хүртэлх иргэн эрх зүйн бүрэн бус чадамжтай байна. Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр хийх тухай хуулийн зохицуулалтын агуулгаас харахад 14 настай хүүхэд бие бялдрын хөгжлийн хувьд 16 эсхүл түүнээс дээш настай байх боломжтой буюу харагдах байдлаар бусдыг төөрөгдөлд оруулахаар байсан ч эрх зүйн чадамжийн хувьд бэлгийн харьцааны талаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлэх чадамжгүй байна.

Гэмт этгээдүүд өсвөр насны, бэлгийн бойжилт явагдаж байгаа насны онцлогтой нь холбоотойгоор хүүхдийг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах, ятгах зэргээр хүчингийн гэмт хэргийн зорилгоо “багахан” өртгөөр гүйцэлдүүлэх боломжтой зохицуулалт болсон гэж үзэж болохоор байна. Иймд Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг даруй өөрчлөх хэрэгтэй” гэдгийг учирлаж байна.

 

Мөрдөгчдийг мэргэшүүлье

 

Бэлгийн хүчирхийлэл гэдэг маш эмзэг сэдэв. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийг үнэн бодитоор илрүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвартай мөрдөгчийн үүрэг оролцоо маш чухал гэсэн үг. Бид өмнө нь сонсож л байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охид ихэвчлэн ойрын хамаатан садандаа хүчирхийлүүлсэн байдаг гэж. Тиймээс ч энэ төрлийн хэрэг ил болж, цагдаа шүүхээр шалгагдах нь бага. Ийм далд хэлбэрийн гэмт хэргийг илрүүлнэ гэдэг амаргүй.  Гэтэл өнөөдөр бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх стандарт Монголд алга. Тиймээс хууль хяналтын салбарынхан мөрдөгчдийг мэргэшүүлэх, хүчирхийллийн хэргийг дуустал мэргэшсэн мөрдөгчөөр шалгуулах, хяналт тавьж буй прокурорыг солихгүй байх зэрэг журам гаргаж, мөрдмөөр байна. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч, холбогдогчийг хэрхэн байцаах, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үзлэг, шинжилгээнд хамруулахдаа хохирогч хүүхдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг аль болох сэдрээхгүй байцаах, шүүхээр шуурхай шийдвэрлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нэр төрийг хамгаалах, гэмт этгээдтэй тааралдахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэх мэт асуудлыг онцгой анхаарах                    хэрэгтэй санагдана.

 

“БЭЛГИЙН ДАРАМТ УЧРУУЛАХ” ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛИЙН ЗААЛТЫГ СЭРГЭЭЕ

 

Монголд мөрдөгдөж байгаа зарим хууль тогтоомж, хуулийн цоорхой хүчирхийлэл үйлдэгдэгчийг даврааж байгаа бас дахин нэг жишээг энд өгүүлье. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Бэлгийн дарамт учруулах” гэмт хэргийг 2017 оны хуулиар хүчингүй болгосон байдаг. Тэгвэл энэ зүйл заалтыг нэн даруй сэргээх нийгмийн шаардлага тулгарсныг онцлон хэлье. Учир нь үг хэл, үйлдлээрээ бэлгийн дарамт учруулж явдаг нөхдүүд Монголд хаа сайгүй байна. Айл гэр, албан байгууллага, олон нийтийн газар гээд тийм нөхдүүдтэй тав алхахгүй таарна.

Магадгүй хүчирхийллийн тухай ойлголтгүй зарим нэгэн нь хүчирхийлэгчдийн гаргаж буй үйлдлийг анзаарч мэддэггүй ч байж болох. Тиймээс  бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх ажил ч чухал зүйл. Нөгөө талаар хохирогчийг буруутгах хандлагыг өөрчлөх,  бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх нөлөөллийн ажлуудыг боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүргэхэд ч гэмгүй. Хамгийн гол нь өнөөгийн нийгэмд хүчирхийлэл үйлдэгчээс илүү хүчирхийлэлд өртсөн нь буруутгагддаг гажиг тогтолцоо яваад байгаа нь харамсалтай.

“Өөрөө өдөж байгаад л тийм зүйл болоо биз” гэх хатуухан шүүмж хаа сайгүй хөвөрдөг нь ч үнэн. Гэтэл юугаа ч мэдэхгүй, ёстой нөгөө өсвөр насандаа яваа гэгчээр охид хүүхдүүд гэнэн итгэмтгий зангаар гэгээн ирээдүйгээ балласан олон жишээ бий. Үүний нэг тод илрэл бол өсвөр насандаа жирэмслэх. Улмаар үр хөндүүлэх, үгүй бол хүүхдээ төрүүлсэн тохиолдол багагүй гардаг. Тэр охидыг цаашид юу үзэж, ямар зам туулахыг бид таашгүй.

 

ЖИРЭМСЭН 100 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 4-5 НЬ ӨСВӨР НАСНЫ ОХИД БАЙНА

 

Дээр хөндсөн сэдвээс үүдэж, манай улсад охидын жирэмслэлт, үр хөндөлт ямар байдаг, энэ талаар судалгаа хийдэг эсэхийг эрлээ. Мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр 20 наснаас өмнөх төрөлтийг өсвөр насны охидын төрөлт гэдэг аж. Манай улсад хамгийн залуу төрөлт хэдэн настай байсан талаарх болон охидын жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотой мэдээлэл хомс юм. 2019 оны байдлаар 15 мянга 485 эх үр хөндүүлсэн байна. Гэхдээ үүнээс чухам хэдэн хувь нь өсвөр насны охид гэх мэдээлэл алга. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2020 онд гаргасан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”-гаар нийт жирэмслэлтийн 4.4 хувь, үр хөндөлтийн таван хувийг охид эзэлдэг гэх тоон үзүүлэлт байх. Үүнийг энгийнээр тайлбарлавал, жирэмсэн 100 эмэгтэй тутмын 4-5 нь өсвөр насны охид байна гэсэн үг. Мөн үр хөндүүлж байгаа 100 эмэгтэйн тав нь өсвөр насныхан байгаа юм.

Харин ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Үржиндэлгэр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Монгол улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байна. Өсвөр үеийн жирэмслэлт буюу 15-19 насны жирэмслэлт сүүлийн арваад жилд тогтвортой таван хувьтай байна. Энэ нь жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байна" гэжээ. Энэ бол мэдэгдэж байгаа тоо. Үүний цаана нийгэм дэх байр суурь, нэр хүндээ бодон, жирэмсэн болсноо эцэг эхдээ ч хэлэлгүй үр хөндүүлж байгаа хэчнээн охин байгааг бид таашгүй.

Тэгвэл өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлөх голлох хүчин зүйлийн нэг нь бэлгийн хүчирхийлэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Сэтгэл санаагаар унах, цаашлаад амь насаа алдах тэр эрсдэлийг охидод бэлгийн хүчирхийлэл буй болгож байна.

Зөвхөн өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт нь цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй юм. Энэ талаар мэргэжилтнүүд  “Бие махбодын талаас 20-оос доош насны охид жирэмсэн үедээ манас таталт болон манас таталтын урьтал байдлаар хүндрэх, цус багадалтад орох, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсдэг. Мөн төрсний дараах сэтгэл гутралд орох, айдаст автах, сэтгэл түгших гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсдэг. Нөгөөтэйгүүр, өсвөр насандаа төрсөн охидод нийгэм, санхүүгийн дарамт, шахалт үүсэж, эргээд  нийгэмд байр сууриа олоход багагүй хүч хөдөлмөр хэрэгтэй болдог" хэмээсэн юм.

Бэлгийн хүчирхийлэл, түүнээс үүдэх олон арван хор уршгийг дурдаад байвал дуусашгүй. Энэ удаад өсвөр насны охидод тулгамдаж буй жирэмслэлт болон үр хөндөлтийн талаар цухас өгүүллээ. Хүчирхийлэгчийг давраасан хууль тогтоомжийг өөрчилж, ялын бодлогыг чангатгах яах аргагүй шаардлага тулгарсныг дээр өгүүлсэн тоон мэдээллүүд сануулж буй биз ээ. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудал дээр онцгой анхаарч, хүчирхийлэгчдийг хүчин мөхөсдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг уг нийтлэлээрээ учирлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top