Эдийн засаг уналттай хэцүү байгаа үед сөрсөн бодлого явуулахгүй бол дагаад хумиад байвал эдийн засаг эргээд сэргэхэд одоо байгаагаасаа хэд дахин илүү өртөг зардал, цаг хугацаа шаардах нөхцөл байдал үүснэ.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс 2022 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор тодруулга авлаа.
-УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг тойргийн биш хөгжлийн төсөв болсон гэж Засгийн газар мэдэгдсэн. Хөгжлийн төсөв болсон гэж үзэх үндэслэлүүдийг та хэлээч?
-Хөрөнгө оруулалтыг ковидын дараах үеийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхүү хандуулж өгсөн. Ирэх онд Тавантолгойн цахилгаан станц, Богд хаан төмөр зам, Оюутолгойн далд уурхай, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөнө. Дэд бүтцийн салбар болох эрчим хүч, зам тээвэр, бүтээн байгуулалт гэсэн салбаруудын хөрөнгө оруулалтыг өмнө тавигдаж байснаас 4-7 дахин илүү нэмэгдүүлсэн. Энэ нь цаад утгаараа эдийн засгийг тэлж өгөхөд суурь нөхцөл нь болно гэж үзэж байна. Ер нь төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн утгаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжсэн агуулга шинж чанартай байгаа. Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү хандаж, Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу чиглүүлж буй нь хөгжил рүү чиглүүлж байгаа хандлага юм.
Мөн орчин үеийн чиг хандлага, цахим шилжилтийг ашиглаж урсгал зардлаас хэмнэж болох зардлуудыг хэмнэж байна. Ковидын үед ямар зардлуудыг яаж хэмнэж болох вэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж байна. Томилолтоор явахгүй байж болж байна. Бичиг цаасны зардлыг 50 хувь хэмнэж болж байна. Төрийн хяналт шалгалтуудыг заавал газар дээр нь очихгүйгээр цахимаар хийж болж байна.
Эдийн засгийг дэмжих, тэлэхийн тулд ахуйн нэгжүүд, хувийн хэвшлээ дэмжих нь гол. Энэ утгаараа төрд байгаа зарим үйлчилгээг өөр дээрээ заавал байлгахгүйгээр хувийнхнаас, аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээг нь худалдаж авдаг, түрээсэлдэг байх нь зөв гэж үзэж, төсвийн төсөлд тусгасан. Ийм байдлаар зөв хандлага руу чиглэж байгаа юм.
-Төсвийн орлого, зарлагын тэлэлт эргээд эдийн засагт эрсдэл үүсгэх вий гэсэн болгоомж дагаж байна. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд бид мөчлөг сөрсөн төсвийн бодлого авч хэрэгжүүлж байгаа. Эдийн засаг хэцүү байгаа ч, бодлогоор зардлаа, хөрөнгө оруулалтаа тэлж өгөхөөс өөр аргагүй байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ л дэмжиж байгаа бодлого юм. Эдийн засаг уналттай хэцүү байгаа үед сөрсөн бодлого явуулахгүй бол дагаад хумиад байвал эдийн засаг эргээд сэргэхэд одоо байгаагаасаа хэд дахин илүү өртөг зардал, цаг хугацаа шаардах нөхцөл байдал үүснэ. Төсвийн зардал өндөр байна гээд байгаа ч, энэ нь мөчлөг сөрсөн бодлого юм. Огцом биш тодорхой түвшинд тэлэлтийн бодлого явж байгаа.
-Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх хувиар тусгагдсан байна. Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулиар бол ирэх онд алдагдлыг үүнээс илүү өсгөх боломж байхгүй гэж ойлгож байгаа?
-Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд төсвийн үндсэн зарчмуудыг заасан байдаг. 2022 онд алдагдлыг 5.1 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан. Түүнд нийцүүлж төсвөө оруулж байгаа. 2.4 их наядын алдагдлын 1.4 их наяд нь эх үүсвэртэй. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл тусламжаар шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Хуулиараа Тогтворжуулалтын сангаас төсөв рүү тодорхой хэмжээгээр ордог. Энэ хүрээнд ирэх онд 400 тэрбум төгрөг тооцсон байгаа. Үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Засгийн газрын дотоод бондыг хүн бүр худалдан авах бололцоог блокчейн дээр тулгуурлан нээж өгч байгаа. Хүссэн хүн бүр Засгийн газрын бондыг авах бололцоо нээгдэнэ. Өмнө нь Засгийн газрын бондыг арилжааны банкууд түлхүү авчихаар, зах зээл рүү гаргах зээлийн хэмжээ нь буурчихдаг байсан. Тэгвэл одоо нийтэд нээлттэйгээр санал болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
-Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлын жагсаалтад Хөгжлийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын зардал тусгагдсан байна. Энэ хоёр яамны зардлыг зардлыг хэрхэн яаж тооцож тусгасан бэ?
-Одоо манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг агентлагууд байдаг шүү дээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар гэхэд Хөгжлийн яамны суурь болно гэсэн үг. Орон тоо нэмэгдэхгүй. Өмнө нь гарч байсан зардлууд нь ирэх оны төсөвт нь тусгагдаад явна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны суурь болно гэсэн үг. Тэгэхээр эдгээр яамтай холбоотойгоор илүү өндөр шинэ зардлууд нэмэгдэхгүй гэсэн үг.
Сэтгэгдэл ( 4 )
Uuriinhuu iron took ustgachihaad tosviin yarival Arab unemshiltei baih
Төсвийн төсөл нэг л бишээ.Ерөнхий сайд,сангийн сайдын мэдлэг чадвар ийм болохоор яалтай ч билээ.Өрөө нэмсэн үрэлгэн юм л нэмээд байх шиг.Төсөв чинь нутаг ус сонгогдсон тойргоо усалсан шудрага биш байж болохгүй.Хэнтийд яагаад ийм тэнцвэргүй их төсөв хуваарилдаг юм.Энэ шудрага биш байдал тогтворгүй байдлыг л бий болгоно.Өнгөрсөн жилийн төсвөөрөа Бэрхийн уурхайн музей,андлалын хөшөө зэрэг инээхэд хэцүү эмгэнэлтэй юм хийгээд манаргаж байгаа махан толгойнууд өнөө жил бас юу хийж явган шогийн баатар болох бол.
Төлөвлөлт, хяналтгүй баахан тэрбум төгрөг хувиарлаад дараа нь улсын өрийг нэмээд байдаг, юу гэж ойлгох вэ....
Aятайхан хүүхэн шүү