Л.Халтар сайд алмайрсаар байтал нүүрсний “АЛТАН ҮЕ” ДУУСАХ НЬ ДЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Манай улсад юу болохгүй байгааг бичих гэхээр явсаар байгаад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар руу орчихоод байдаг болжээ.

Төмөр замын чингэлэг тээвэр, нүүрсний экспортын гацаа, Тянжины бараа бүтээгдэхүүний саатал, Дарханы замын тамлал, орон нутаг хийгээд нийслэлийн замын засвар үйлчилгээ, нийтийн тээврийн асуудал гээд бүхэлдээ болж байгаа юм алга. Эдгээр үг болгоны цаана Монголын ард түмэн зовж, зүдэрч байгаа гэдгийг л хэлэх гээд байна. Бүр улс орны төсөв мөнгө тасалдах, дампуурахад ч ойрхон боллоо. Ядаж одоо нүүрс тээврийнхээ асуудалд анхаарч, Хятад хомсдолд орсон “алтан” цаг хугацааг ашиглаж болохгүй байгаа юм байх даа.

Манай улсын төсвийн орлогын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Тэгэхээр нүүрс, зэсийн тээвэр гэдэг бол бидний амин судас гэсэн үг. Үүний дээр хоёр жилийн турш цар тахлын хөлд гишгүүлсэн Монгол Улсыг энэ салбар дахин өндийлгөх түүхэн хариуцлагатай цаг нь ч ирээд байна.

Аз болоход нүүрсний үнэ өсөж, бидэнд таатай байдал үүсчихсэн гэдгийг дэлхий даяараа атаархан бичиж байна шүү дээ. Тодруулбал, эрчим хүч үйлдвэрлэхэд зориулсан коксжих нүүрсний фьючерс ханш өнгөрсөн даваа гарагт Жэнжоугийн түүхий эдийн бирж дээр тонн нь 219 ам.доллар хүрчээ. Энэ бол түүхэн дээд үнэ юм билээ. Хятад хэрэгцээт эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Дээр нь ган үйлдвэрлэх, халаалтад хэрэглэх гээд тоочоод байвал зөндөө юм бий. Гэтэл урд хөрш одоо нүүрсний хомсдолоос шалтгаалан сүүлийн хэдэн долоо хоногийн турш 20 гаруй муждаа тог цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Иймдээ хүрсэн шалтгаан нь олон.

Тэд хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралитай 2019 оноос муудалцаж худалдаагаа зогсоосон. Европт эрэлт үүссэнтэй холбоотойгоор оросууд Хятад руу нүүрс тээвэрлэх асуудалд хойрго болчихсон гэх мэт. Дээр нь Хятадын хамгийн том нүүрс олборлогч Шаньси мужийн 60 орчим уурхай үерт автаж хаагдлаа. Одоо хятадууд яаж байгаа гээч. Тэд хаа байсан АНУ-аас авдаг нүүрснийхээ хэмжээг сүүлийн долоон сарын хугацаанд долоо дахин нэмээд байгаа юм шүү дээ. Урд хөршид тог цахилгаан улам үнэд хүрэх нь ердөө цаг хугацааны асуудал болжээ.

Нэгнийх нь зовлон нөгөөгийнх нь зол байдагчлан урд хөрш нүүрсний эрэлтээ хангах гэж хичээх нь манай улсын хувьд “алтан” боломж юм. Үүнийг ч ашиглахыг Засгийн газар хүсэж байгаа нь ойлгомжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийсэн. Тэр үеэр талууд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Мөн Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрсэн байгаа юм.

Энд сонирхуулахад, өдгөө УИХ-аар хэлэлцэж байгаа 2022 оны улсын төсвийн төсөлд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөөлсөн байгаа. Сангийн сайд Б.Жавхлан ч “Цонх үеийг ашиглана” гэж мэдэгдэж байна лээ. Гэвч Ерөнхий сайд нь Хятадын талтай ямар ч тохиролцоо хийсэн, Сангийн сайд цээжний хонжоогоо яаж ч тооцоолж байсан Л.Халтар гэдэг хүн зам, тээврийн салбарыг хариуцаж байгаа тохиолдолд үр дүнгүй бололтой. Юун 36 сая тонн бэ, гурван саяыг ч гаргана гэхэд одоо эргэлзэхээр байна шүү дээ.

Эхнээс нь тайлбарлая. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон. Тэр үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Хятадууд цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон энэ үед тэдэнтэй нягт хамтран ажиллаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага байна” гэхэд Л.Халтар сайд юу гэж хариулсан гэж санана. Тэрбээр “Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт, Цагаан хад боомтод идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал шинжилгээнд анхаарч байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яамнаас гурван уурхайтай яриад хилийн зурвас дээр терминал байгуулсан. Туршилтууд хийгдэж амжилттай болсон. Хятадын талтай яриа хэлэлцээр өрнөж байна. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтын шинжилгээнд хэд хэдэн удаа ажиллуулсан. Хоёр талын шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна” гэсэн юм даа. Ингэж хэлэхийг нь хараад УИХ-ын гишүүд хэлэх үггүй болж, арга нь тасарч байна лээ. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өнөөдөр эдийн засаг маш хүнд байдалд орсон. Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүнийг хариуцах хүн алга. Бид нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг тусгаарлаад явууллаа гэхэд дундуур нь КОВИД-19 халдвартай ганц, хоёр хүн шургаад орж байна. Бизнес, ачаа тээвэр аль аль нь байхгүй. Зохион байгуулалтын л асуудал шүү дээ” гэж байх вэ дээ.

Л.Халтар сайдын хэлсэн үгэнд дурдагдаад байгаа хилийн зурвас дээрх терминалыг бол “Энержи ресурс” ерөнхий гүйцэтгэгчээр нь ороод өнгөрсөн сард ашиглалтад өгчихсөн, Улсын комисс хүлээгээд авчихсан юм шүү дээ. Харин төр хариуцаж авсан авто замын ажлаа дуусгаагүй байгаагаас нүүрс тээвэр гацсан хэвээрээ байгаа гэнэ.

Төрийн байгууллагуудаас тодруулахаар “Хувийн хэвшлийнхэн ажлаа дэндүү хурдан хийж гүйцэтгэсэн. Бид хуваарийнхаа дагуу ажлаа явуулж байгаа” гэж хэлсэн тухай манай сонин хөндөж байлаа. Ийм л жонхуу болоод байгаа газар даа.

Уг нь Л.Халтарын оронд төр улсаа боддог сайд байсан бол өдийд урд хил дээрээ оччихсон сууж байх ёстой. Ёстой нөгөө “Эх орны ашигтай ажиллах алтан цаг хугацаа минут, секунтээр урсаж байхад, би унтах ч эрхгүй. Би энд сууж байгаад жолооч нарын КОВИД-ын халдварыг нам дарж, ногоон бүс болгоно. Холбогдох яамдууд нь ажлын хэсэг, багаж төхөөрөмж илгээ. Юу саатаж байна түүнд өөрийн биеэр хяналт тавина” гээд л Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцож байх ёстой байлаа. Тэгсэн бол нэгдүгээрт улстөрч хүн гоё харагдана. Хоёрдугаарт, хэдхэн км зам барих гэж байгаа компаниуд нь шуурхайлна биз дээ.

КОВИД-ын халдвараас тээврийн жолооч нарыг салгах ажлыг кабинд нь цуг хонож байгаад л шийдүүлэх учиртай биш юм уу. Зангараг заах цаг нь одоо биш бол хэзээ гэж. Гэтэл Төрийн ордон тойрч, УИХ, Засгийн газарт л зовлон тоочоод яваад байгаа бололтой юм. Ингэж будилж байтал өнөө тээврийн жолооч нар нь өчигдөр Сүхбаатарын талбайд хүнд даацын машинтайгаа ороод ирсэн эсэргүүцлээ зарлаж байна. Ямар сайндаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн хуралдааны дундуур тэр жолооч нартайгаа уулз гээд Л.Халтарыг гаргасан байх вэ дээ. Төмөр замд ачигчаас эхлээд дарга нь болтлоо ажилласан гэж магтуулдаг сайдын үнэн төрх энэ хүрээд илэрлээ. Өөр хүн алга уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.21.223) 2021 оны 10 сарын 15

МАНАЙ УЛСАД ЮУ БОЛЖ БАЙГААГ БИЧИЖ СУР, АЖИЛ ЧИНЬ УРАГШГҮЙ БАЙДАГ НЬ ДАНДАА БОЛОХГҮЙ ЮМ ЭРЭЭЧИЖ СУУДАГТАЙ ЧИНЬ ШУУД ХОЛБООТОЙ МАНГАРАА

0  |  1
Энжи(192.82.74.129) 2021 оны 10 сарын 15

ХҮРЭЛСҮХ ээ чиний ганцаараа энэ улсыг захирах гэсэн атаг санаанаас чинь наад ПОП-ролоо чинь болж энэ улс хэцүүдлээ. Ямар ч боловсролгүй наад хог новшоо зайлуулаачээ

2  |  0
Халтар(192.82.67.122) 2021 оны 10 сарын 15

Халтар яах вэ? Үүрэг гүйцэтгэгч шүү дээ. Засаг толгойлж буй санаатай тэр Оюунэрдэнэтэй ярих хэрэгтэй шүү дээ. Тэр том толгойтын л балаг яваад байна шүү дээ. Түүнийг зайлуулахгүй бол монгол сүйрэх замдаа орж байна шүү.

1  |  0
Top