Дэлхийн эдийн засгийн цар тахлын үр дагавраас сэргэх үйл явц удааширч, эрүүл мэндийн асуудлуудаас үүдэлтэй эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан өнгөрсөн мягмар гарагт анхааруулжээ. Тус байгууллага дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бүтэн нэг хувиар буюу “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудынхаас хамгийн ихээр бууруулан зургаан хувьд хүргэжээ.
Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын өсөлт энэ онд анх тооцоолж байснаас удаан байхаар байгааг анхааруулсан байна. ОУВС -гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайландаа тус улсын эдийн засгийн өсөлтийг найман хувь болгосон нь өнгөрсөн долоодугаар сарын тооцооноос 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Шинжээчид БНХАУ-ыг нүүрсний үнийн өсөлт, хомсдолоос үүдэлтэй хямралд өртөх магадлалтайг анхааруулсаар байгаа юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг коронавирусний цар тахлыг сөрж хурдацтай сэргэж буй цорын ганц томоохон эдийн засаг юм. Түүнчлэн ОУВС тус улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийг 5.6 хувь болгон бууруулжээ.
Уур амьсгалын богино хугацааны зорилтуудаа биелүүлэхийн тулд БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь эрчим хүчний тасалдалд хүргээд байгаа билээ. ОУВС-гаас "Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаагийн улмаас Хятадын 2021 оны эдийн засгийн төлөв бага зэрэг буурсан. ОУВС тус өсөлтийг анх 8.4 хувь хэмээн таамаглаж байсан ч дөрөвдүгээр сараас хойш хоёр дахь удаагаа бууруулаад байна” гэжээ.
Түүнчлэн тус байгууллагаас АНУ, БНХАУ -ын хооронд худалдаа, технологийн хурцадмал байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж магадгүйг анхааруулсан байна. Мөн ОУВС -гаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан мэдээгээ 0.1 хувиар бууруулж 5.9 хувь болгож, 2022 оны төсөөллөө 4.9 хувьд хэвээр үлдээсэн. Тус сангийн мэдээлснээр, гадаадын боомтуудаас ирэх хэрэглээний барааны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас гадна эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал багасаж буй нь энэ оны өсөлтийг ийнхүү бууруулахад нөлөөлсөн байна.
“Коронавирусний Дельта хувилбар эрчимтэй тархаж байгаагийн зэрэгцээ цаашид шинэ хувилбарууд үүсэж болзошгүй байгаа нь цар тахлаас хэзээ ангижрах вэ гэдэг асуултын хариуг бүдгэрүүлж байна” гэж ОУВС тайландаа онцолжээ.
Түүнчлэн ОУВС Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг хоёр нэгж хувиар өсгөж, 5.2 хувиар тогтоолоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.2 хувь болгож нэмэгдүүлсэн нь энэ оны дөрөвдүгээр сарын тооцооллоос хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Харин Азийн Хөгжлийн Банк Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийг 4.6 хувь гэж харж байгаа бол ирэх жил зургаан хувь болно гэж таамаглаж байна. Ирэх оны эдийн засгийн өсөлтийг ингэж өөдрөгөөр харж буй нь хил дээр үүссэн гацаа арилахаас гадна, БНХАУ Өвлийн олимп зохион байгуулахтай холбоотойгоор экпорт, импорт өснө гэж үзэж буйтай холбоотой аж.
Үүнээс гадна ирэх Азийн орнуудыг чиглэх хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байгаа учраас эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж үзэж байгаатай холбоотой юм байна. Тэгвэл Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувь байна гэсэн прогноз дэвшүүлсэн билээ.
ОУВС -гийн эдийн засагч Гита Гопинат "Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, аюулгүй байдал алдагдах, санхүүгийн зах зээлд эрсдэл нэмэгдэх зэрэг хүндрэл нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс улс бүр хүн амынхаа 40 -өөс доошгүй хувийг энэ оны эцэс гэхэд, 70 хувийг ирэх оны дунд үе вакцинжуулах хэрэгтэй" гэдгийг онцолсон байна. Монгол Улс хүн амынхаа 65 хувийг вакцинжуулаад байгаа.Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 15 хувь нь вакцины гуравдугаар тундаа хамрагдсан. Вакцинжуулалтын хөтөлбөр бусад оронтой харьцуулахад харьцангуй амжилттай хэрэгжсэн тул халдварын тохиолдол цаашид буурна гэж олон улсын судалгааны байгууллагууд үзэж байгаа учраас манай улсын эдийн засгийн өсөлтийн талаар харьцангуй өөдрөг таамаг дэвшүүлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )