М.Чинсанаа: Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

2021 оны 10 сарын 15

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг зарласан. Уг хөдөлгөөний нээлтийг нийслэлийн хэмжээнд үндсэн дөрвөн байршилд зохион байгуулсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Ногоон хэрэм” төслийн талбай, Налайх дүүргийн долоодугаар хорооны “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны  Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Баянгол Агропарк гэх байршлуудад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, мод тарьж эхэлсэн. Тус байршлууд нь хашиж хамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй юм. Иймд тус дөрвөн байршлыг сонгон энэ намрын мод тарих арга хэмжээг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгууллаа.

-Тус үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэчнээн мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн бэ. Одоогийн байдлаар хэдэн мод суулгаад байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайд нормативын дагуу 800-1000 мод тарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай нь  үүнээс харагдаж байгаа байх. Одоогийн байдлаар 13.399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн  тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байгаа. Цаашид нийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Шууд хүссэн газраа мод тариад байж болохгүй. Ногоон массыг бий болгохын тулд холбогдох газруудаас санал авч, судалгаа хийдэг.

-Модны суулгац, үрслэгээг хаанаас бэлтгэн нийлүүлдэг вэ?

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, орон нутаг, ойн ангиудад үрслэгээний талбай, мод үржүүлгийн газрууд бий. Хавар, намрын улирлын мод тарих арга хэмжээний үеэр үрслэгээний талбай, мод үржүүлгийн компаниуд дүүрэг бүрд үзэсгэлэн гаргадаг. Тэгэхээр тус аж ахуйн нэгжүүд модны суулгацын нөөцийг бүрдүүлэх тал дээр дор бүрнээ ажиллаж байгаа. Тэрбум мод бол маш их хэмжээний тоо шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний үр суулгац, үрслэгээг тарих, бий болгох тал дээр дээрх байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Цаашид нийслэл өөрийн ойн ангийг бий болгохоор судалгаа хийж байгаа.

-Нийслэлийн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллага болоод албан хаагчдыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ямар зохион байгуулалтаар оролцуулж байна вэ?

-Нийслэлийн төрийн болоод орон нутгийн захиргааны албан хаагчид дээр дурдсан дөрвөн байршлаас сонгон мод тарих боломжтой. Тус байршлуудад модны суулгацын тодорхой хэмжээний нөөц бий. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарих модны суулгацаа авч очиж байгаа. Түүнчлэн тэндээсээ суулгацаа худалдаж аваад, тусгайлан бэлтгэсэн нүхнүүдэд модоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн.

-Мод суулгаад өнгөрөх биш, тарьж, ургуулах нь хамгийн чухал. Арчлалт, хамгаалалтыг хэрхэн хийх вэ?

-Нийслэлийн Байгаль орны газрын чиг үүрэгт нийслэлийн ногоон бүс буюу ойн сан бүхий талбайн үйл ажиллагааг хариуцахыг тусгасан байдаг. Харин суурьшлын бүсийн ногоон байгууламжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан, арчилгаа хамгаалалтыг хийдэг. Мөн иргэд тарьсан модоо өөрсдөө хариуцан арчилж, хамгаалах нь илүү үр дүнтэй. Зүгээр мод тариад орхих биш, түрүүн хэлсэнчлэн өөрсдийн тарьсан модоо арчилж, хамгаалан, ургуулах нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хавар, намар, зундаа нэг, нэг удаа тарьсан модоо усалчихдаг байхад л тэр мод ургаад байна. Тиймээс мод тариад орхих биш, арчилж хамгаалан, ургуулаарай хэмээн иргэддээ уриалъя.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СОНИРХОГЧ(202.179.21.223) 2021 оны 10 сарын 15

МОД ТАРИАД Л УРГУУЛААД БАЙХ ЮМ ШИГ ОЙЛГОЛТТОЙ НӨХӨР БАЙНА ЭНЭ ЧИНЬ, ЮУ ГЭНЭВ, ХАВАР НАМАР ЗУНДАА НЭГ НЭГ УСЛААД Л МОД УРГАЧИХНА ГЭЖ ХЭЛЭХ НЬ ЭНЭ ХҮН МОД ТАРИУЛЖ Ч ЧАДАХГҮЙ, УРГУУЛЖ БҮҮР АМЖИХГҮЙ НӨХӨР БАЙНА ШҮҮ, МОДЫГ УРГУУЛАХАД ҮНДСИЙГ НУГАЛАХГҮЙГЭЭР СУУЛГАХ, ЭХЭН ҮЕИЙН УСАЛГАА, БОРДОО, ӨВЛИЙН МАНАЛТ, ХАВРЫН АРЧИЛГАА УСАЛГААНУУД, ЗУНЫ ЗЭРЛЭГ ӨТНӨӨС ХАМГААЛАХ, НАМРЫН ТАНАЛТ ТОРДОЛТ УСАЛГАА БОРДООЖУУЛАХ НААД ЗАХЫН ЭДГЭЭРИЙГ ХИЙЖ БАЙЖ МОД ӨӨРӨӨ ӨВЧИНГҮЙ, ЦЭХ, ГОЁМСОГ УРГАНА ДАА НАЙЗУУДАА

0  |  0
Top