Тахлын улмаас ЧАНДАРЛАХ ТӨВИЙН АЧААЛАЛ хоёр дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Халдвараар нас барсан талийгаачийг чандарлаж оршооход нэг саяас 10 сая төгрөгийн өртөгтэй

Цар тахлаар нас барагсдын тоо өдөрт 15-аас буухгүй өсөх хандлагатай байна. Өчигдөр 15, уржигдар 17, түүний цаад өдөр 15 гээд гуравхан хоногийн дотор 47 хүн халдварын улмаас хорвоог орхисон байна. Нас барагсдын ихэнх хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд архаг хууч өвчтэй хүмүүс голчлон байгаа аж. Нийслэлийн хэмжээнд жилд 7000 орчим хүн нас бардаг бөгөөд томоохон эмнэлэг бүрд цогцос хадгалах байртай. Нэгдүгээр эмнэлгийн арын цогцос хадгалах байрыг “Халдвартай бүс” хэмээн битүүмжилжээ. “Салах ёс гүйцэтгэх газар” гэсэн даржин байшингийн гадаа баргар царайтай ганц нэг хүн зогсож буй харагдана. Гэвч ар гэрийнхэнтэй нь салах ёс хийлгэхгүй хатуу хяналт хамгаалалтын дор шууд “Улаанбаатар буян” чандарлах газар руу тээвэрлэн аваачиж байв.

ЦАР ТАХЛААР НАС БАРАГСДЫН ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ АР ГЭР НЬ БҮРЭН ХАРИУЦАЖ БАЙНА

Талийгаачийн ар гэрийн нэгэн эмэгтэй “Манай хадам ээж халдварын улмаас нас барсан. Архаг элэгний хатууралтай байсан юм. Монгол хүн оршуулах зан үйлийг маш их чухалчилж ёс төртэй үйлддэг. Талийгаачийг хийсэн уутны төлбөр 60 мянга, тээвэрлэлтийн хөлс 350 мянга, ариутгалын хөлс 250 мянга, чандарлах хөлс 980 мянга төгрөг гарна гэсэн. Цаана нь авс байх уу, чандар хадгалах хайрцаг байх уу, чулуун боржин босгох уу, хөшөө босгох уу гэдгээсээ шалтгаалаад үнэ нь нэмэгдэнэ. Настай хүний чандрыг газарт оршоох хүсэлтэй байгаа тул ар гэрийн хүсэлтээр нь болох юм билээ” гэв. Мөн нас барсан хүний гар утас гэх мэт эдэлж хэрэглэж буй зүйлийг нь ар гэрт нь өгөх боломжгүй байдаг юм билээ. Уг нь дурсаж явах юмыг аваад үлдвэл аштай юу хэмээн нулимсаа арчив.

"Улаанбаатар буян" компанийн төвөөр ажил явдал хийх хүмүүс дүүрэн байлаа. Хорвоогоос буцсан хайртай нэгнээ хөдөөлүүлэхээр ламаас мэнгэ төөрөг, өдөр судрыг нь асууж байв. Тэгш өдөр оршуулгын зан үйл үйлдэхгүй ба халдвараар өнгөрсөн бол үдээш хойш зан үйлийг нь гүйцэтгэж байгаа аж. Мөн алтан хайрцаг нээхэд хойдын буянд нь чандарлахад цөвтэй гэж буувал хөрсөн дор оршуулдаг гэнэ. Гэхдээ энэ нь Онцгой байдлын газрын хяналтан дор ариутгал хийж явагддаг бөгөөд нийслэл хотоос өөр бүсэд оршуулах боломжгүй ажээ. Харин чандарлах үйл явц дууссаны дараа чандрыг нь хэрхэн, яаж залах нь ар гэрийнхнийх нь сонголт байдаг байна.

“Улаанбаатар буян” компанийн олон нийттэй харилцах албаны менежер Н.Түвшинбаяр “Амьдралын боломж тааруу айл өрхөд хамгийн хямд төсөвтэй багц гаргасан бөгөөд бүх үйлчилгээ нийлээд 1.1 сая төгрөг болдог. Энэ нь далд оршоохоос 30-50 хувь хямд өртөгтэй. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд оршоох юм бол үнэ нь 4-10 сая төгрөг болдог. Айлын хүсэлт, боломж бололцоогоор л оршуулах зан үйлийг гүйцэтгэдэг” гэлээ.
 


Тус төв энгийн үед өдөрт 10 хүн оршуулдаг байсан бол халдварын улмаас ачаалал хоёр дахин нэмэгджээ. Энгийн үйлчилгээг үдээс өмнө гүйцэлдүүлж үдээш хойш цар тахлаар нас барагсдыг үдэж байгаа тул зурхайчийн хэлсэн цаг нарыг аль болох зөрүүлэхгүй байхыг хичээж байгаа аж.

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэн Б “Талийгаачтай салах ёс гүйцэтгэх боломжгүй тул миний хань мөн эсэх нь эргэлзээтэй санагдаад байгаа. Эмнэлэгт таних тэмдэг тавих, бүртгэлжүүлж дугаарлах ажлыг хийж байгаа ч бид нүдээрээ харж байж итгэмээр байх юм” гэв. Үүний талаар менежер Э.Түвшинбаяр “Тийм алдаа эндэгдэл мэдээж болохгүй. Халдвар хамгаалалтын хүнд нөхцөлд ажиллаж байх явцад иргэдийн зүгээс эмч нарыг хардах, буруутгах өнгө аясаар харьцах асуудал гарсан. Ар гэрийнхний зүгээс хүсвэл чандарлах үйл явцын зураг бичлэгийг үзүүлж байгаа. Түүнээс дотор оруулах ямар ч боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Ташрамд дурдахад тэтгэмжийн даатгалыг гурван жилээс доошгүй хугацаанд төлсөн бол улсаас оршуулганд зориулсан тэтгэмж болох нэг сая төгрөг олгодог ажээ. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол бүхий л зардлыг ар гэр нь өөрсдөө хариуцан гаргадаг байна.

АР ГЭРИЙНХЭН НЬ КАМЕРЫН БИЧЛЭГ ҮЗЭЖ ТАЛИЙГААЧТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖ БАЙВ

Цар тахлаар нас барагсдын “Улаанбаатар буян” компанийн хоёр цогцолборын аль нэг рүү нь нутаглуулна. Энэ үйл ажиллагаа нь Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хатуу хяналт дор явагддаг аж. Талийгаачийг цогцос хадгалах газраас ариутган халдваргүйжүүлж, ар гэрийнхэн нь цуваа хэлбэрээр цогцолбор руу даган очиж байв. Эмээлт дэх цогцолбор, Гачуурт дахь төв нь ногоон төгөлтэй сүм суваргатай ажин түжин газар ажээ. Тус хоёр цогцолбор нь нийт долоон шатаах зуухтай, 160 гаруй ажилтантай. Цар тахлын үед уртасгасан цагаар ажиллаж, цогцсыг ариутган халдваргүйжүүлэх, чандарлах, чандрыг цэвэрлэх, оршуулах, оршуулгын цагаалгын ажлуудыг гүйцэтгэдэг ажээ.

Оршуулгын ёслолд талийгаачийн гэр бүлийн 10 хүртэлх хүнийг оролцуулах шаардлагыг тавьж байв. Нүдээ бүлцийтэл уйлж, хэдэн өдөр нойргүй явсан болов уу гэмээр царай төрхтэй хүмүүс тус цогцолборын салах ёс гүйцэтгэх танхимд гэр бүлээ төлөөлөн хоёр, гурваараа оржээ. Энэхүү дэлгэцээр талийгаачийг чандарлах үйл явцыг харуулдаг байна.

Цогцсыг 800-1000 хэмийн халуунд чандарлаж, дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийг хийснээр цагийн зайтай дараагийн чандарлах ажил болж байв.

“Улаанбаатар буян” компанийн ажилтнууд “Иргэд салах ёс гүйцэтгэх танхимд орсноор халдвар дамжих магадлал нэмэгдэнэ гэдгийг ойлгохгүй талийгаачийнхаа царайг сүүлийн удаа харах гэж зүтгэдэг. Халдварын вирус хэчнээн цаг гадаргуу дээр тогтож, амьдрах чадвартай билээ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тиймээс ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, шууд чандарлах нь халдвар тараах эрсдэлийг бууруулж байгаа юм. Мөн ар гэрийнхэн нь уулзаж, салах ёс гүйцэтгэх, уулзуулах хүсэлтүүдийг байнга тавьдаг учраас хүн ёсны хувьд хүндхэн байдаг“ хэмээж байлаа.

Талийгаачийг оруулах авс 820 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд байсан бол чандар хадгалах хайрцаг 28 мянгаас 140 мянган төгрөгийн үнэ ханштай байв. Чандрыг сүмийн хананд хадгалах, суварганд залах, хөрсөнд залах, модны хөрсөнд оршоох, бунханд булах, гэр бүлийн бунханд залах эсвэл өөр оршуулгын газар аваачиж оршоох гээд олон төрөл байдаг аж.


Талийгаачтайгаа дэлгэцээр салах ёс хийгээд гарч ирж буй иргэн Н “Манай өвөө халдвараар бурхан боллоо. Зүрх судасны өвчтэй байсан юм. Өвөөгөө эмнэлэгт хэвтэхэд би хөдөө байсан. Амьд сэрүүнд нь уулзаж амжсангүй дээ. Өвөөгийнхөө хамгийн хайртай эд зүйлийг чандартай нь хамт оршоохыг зөвшөөрсөн тул сэтгэл арай уужирлаа. Цар тахлын хэр аюултайг өөрт үхэл ойртож ирэхэд л мэдэрдэг юм байна” гээд санаа алдав.

Үхэл гэдэг хаяанд ирж харанга дэлдсэн хар өдрүүд үргэлжилсээр. Өнөөдөр инээгээд сууж байсан хайртай дотнын нэгнээ маргааш нь цар тахлаар үдсээр. Гэнэтийн үхлээр тэднийгээ харамсалтайгаар алдаж ард нь гашуудан үлдсэн ар гэрийнхнийх нь сэтгэл зүй маш хүнд байлаа. Ямар нэг бурууг төр засгаас эрж, эмч эмнэлгээс хайж бухимдсан, гомдсон, цөхөрсөн харагдаж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.40) 2021 оны 10 сарын 18

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙГ 100% ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭЭД ДОТУУР БАЙРУУДЫГ ХААЖ АРИУТГААД ЦАР ТАХАЛТАЙ ГЭРЭЭРЭЭ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ОР ОЛДОХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХ ТҮР ЭМНЭЛЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  0
arai dendvv bna..(103.212.119.212) 2021 оны 10 сарын 18

odoo mongol arai dendvv bnaa bvh orshuulgiin gazariig solongosuud abad l mongo hiih heregsel bolgoj bnaa. hvmvvs byuinii ajil bolohoor l hel am hiihgui bgaa ch vne bol arai dendvv bna. ter divaajingiin tsetserelegt hvreelen gehed 4-10 say togorog ch dee. iim zardaliig busad zardaltai nemvel barag 20 say bolonoo. iim zardaliig hen gargaj chadah be.. ene solongosuudiig hooj ybuulah heregtei bna..

0  |  0
Зочин(202.9.47.50) 2021 оны 10 сарын 18

Өө за за гар утас ээмэг бөгж цаган дээр нь ажиллаад байгаа юм бна л даа

1  |  1
Зочин(202.9.47.50) 2021 оны 10 сарын 18

Яагаад гар утсыг нь өгдөггүй юм бэ. Одоо тэртэй тэргүй халдвар авагчийн гар утас байтугай халдвартай хүнтэйгээ гэрээр эмчлэгдэж байгаа гээд л хамт амьдарч байгаа шүү дээ

1  |  1
Top