Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй

2021 оны 10 сарын 17

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 96.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны  хөнгөлөлттэй зээлээр дулааны 8 А, В, Г магистралийн 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчилжээ. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 36 халаалтын зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажлыг хэрэгжүүлсэн байна.

Өвөлжилтөд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт нийт 73 агуулахад 57500 тонн орчим сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 30-нд 2000 тонн бодис, 627 тонн давс татан авахаар бэлтгэл хангаж байна.  

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж, гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг, нүхэн болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, хайс, хашлагын засварын ажлыг  тогтмол хийхийг даалгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top