Д.Сумъяабазар: ААН-үүд тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна

2021 оны 10 сарын 18

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар өчигдөр /2021.10.18/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд “Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байгаа. Зургаадугаар сард “Хариуцлагын гэрээ” байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч,  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан.

“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй,  түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, “Хариуцлагын гэрээ”-г шинээр байгуулсан юм. Мөн есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Хотын даргын хувьд аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно" хэмээлээ.

Р.Отгонжаргал: “Собт трейд” компанид шалгалт хийж байна

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хойш хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол хяналт, шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар “Собт трейд” компанид Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэн,  маргааш шүүхэд асуудлыг тавьж, холбогдох хариуцлагыг тооцно” хэмээн ярьсан.

Л.Эрдэнэчулуун: Тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

 НМХГ-ын дарга  Л.Эрдэнэчулуун “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй,  “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага  тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа. Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо.

Т.Баярхүү: Хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй, хариуцлага тооцно

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК, Засгийн газар шат шатандаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжээд ажиллаж байна. Гэхдээ халдварын тархалт өндөр байгаа учраас аль болох шат шатандаа хариуцлагатай, “Хариуцлагын гэрээ”, тусгай нөхцөл, шаардлагыг баримталж ажиллах ёстой. Хамтын хүчээр халдварын ард гарна уу гэхээс биш, нэг үйл ажиллагааг хязгаарлаад, нэг талыг бариад ажиллаад байх боломж байхгүй. Бид аль болох үйл ажиллагаануудыг нээж байгаа. Ингэхдээ хариуцлагаа баримталж, ажиллах ёстой” гэлээ. Мөн “Хариуцлагын гэрээ”-гээр хоёр тал харилцан хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн дабл /double/ стандарт гэж байх ёсгүй, шат шатандаа хариуцлага тооцно, хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй. Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top