Хот төлөвлөлтийн оновчгүй бодлого иргэдийг хохироож байна

2021 оны 10 сарын 19

Улаанбаатар хотод орон сууцны барилгууд баригдсан ч ногоон байгуу­ламж, иргэдийн цагаа өнгөрүүлэх талбай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй төлөвлөгддөг нь хамгийн том асуудал. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах Орон сууцны VII хорооллын 229 дүгээр байр юм. Тус байрны баруун талд барилга барих зориулалттайгаар газрыг нь хашжээ. Хотын төвдөө тооцогдох уг байршилд тоглоомын талбай, машины зогсоол бүү хэл явган хүний ч замгүй атлаа барилга барих зөвшөөрөл өгч, газрыг хашаалсан явдалд тус хороонд байрлах иргэд болон байрны оршин суугчид бухимдалтай байлаа. Уг асуудалтай холбоотойгоор энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

ХАШААЛСАН ГАЗРЫН БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖЭЭ

Барилгын ажил хийхээр хашаалсан газарт очиход хүнгүй байв. Харин хашаалсан газар нь барилгаа эхлүүлэхээр суурийн ажлаа зэхсэн байгаа нь илт. Ухсан нүхээр дүүрэн ус тогтжээ. Ойр орчмын хэсгээр нь хог хөглөрч, нүхэн дэх ус зайрмагтан хөлдсөн байв. Харваас энд ойрын хугацаанд хүн ирээгүй бололтой гэх бодлыг төрүүлэв. Хамгийн гол нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбайг дураараа хашаалж орхисон энэ байдал 229 дүгээр байрныханд хүндрэл чирэгдэл учруулах болжээ.

Орон сууцны VII хорооллын 229 дүгээр байрыг “Асар” группын охин компани болох “Асар-Өргөө” компани барьжээ. 2017 онд ашиглалтад орсон уг барилга нь нийт гурван блоктой, ногоон байгууламж, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай болон машины зогсоолтой байхаар төлөвлөж, оршин суугчидтайгаа гэрээ хийсэн байна. 400 айлын орон сууц барихаас эхний ээлжийн 120 айлын орон сууцаа ашиглалтад оруулсан нь энэ аж. Гэрээ хийх үед нийтийн эзэмшлийн газар нь чөлөөтэй байжээ. Харин 2019 оны намар тус нийтийн эзэмшлийн газрыг хашсан байна. Үүнээс улбаалж тухайн газрыг хашсан бизнес эрхлэгч болон оршин суугчдын хооронд газрын маргаан үүсжээ.

 Тус байрны оршин суугч Т.Чонохүү “Манайх нүүж ирээд нэг жил орчим болж байна. Хүүхдүүд тоглох талбайгүй, машины замаар гүйх нь их хэцүү. Энэ хашаалсан газарт дахин төлөвлөлтөөр хүүхдийн цэцэрлэг барьж, харин 229 дүгээр байрны зүүн талд тоглоомын талбай, машины зогсоол барина гэсэн. Хашаалсан газрыг суллаж өгөөгүй байгаа. Өөр эзэнтэй юм билээ. Газрыг суллаж өгөх эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох байх. “Асар-Өргөө” компани орон сууцаа сурталчлах үедээ ногоон байгууламжтай байна гэж тараах материалаараа сурталчилсан юм билээ. Гэтэл тэр нь дахин төлөвлөлтөөр цэцэрлэг барихаар болж өөрчлөгдсөн байсан. Одоо бол цэцэрлэг ч биш, ногоон байгууламж бүхий талбай ч биш оффис зориулалттай барилга барих гэж буйг эсэргүүцээд байгаа. Тэр захирамжийг нь цуцлуулах гэж энэ хорооллын оршин суугчид болон байрны СӨХ хөөцөлдөж байна” гэсэн юм.

Мөн тус байрны оршин суугч Э.Баасанжав “Манай гэр бүл уг барилгыг ашиглалтад орох үед нь худалдаж авсан. Хүүхдийн цэцэрлэг болон тоглоомын талбай барина гэсэн газрыг хоёр жилийн өмнөөс хашсан. 2019 оны намар гэсэн үг л дээ. Улмаар Барилга хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгсөн. Одоогоор барилгын ажил явагдахгүй байгаа. Үйл ажиллагааг нь түр зогсоосон. Энэ газар орон сууц барьсан компани дээр бүртгэлгүй болж таарсан юм. Одоо Б.Билгүүн гээд өөр хүний нэр дээр байдаг юм билээ. “Асар-Өргөө” компани зүүн талд байгаа газруудыг ч мөн худалдаж авсан. Орон сууцны бусад блокууд баригдах ёстой байсан юм. Гэсэн хэдий ч барилгын ажил нь эхлэхгүй байгааг бодоход газраа зарсан байж магадгүй” гэв.

 

ТУХАЙН ГАЗАР “АСАР-ӨРГӨӨ” КОМПАНИЙН БУС ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН ГАЗАР БАЙВ

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, иргэдийг бухимдуулаад буй хэргийн эзэн, хэнгэргийн дохио хэн болох талаар тодрууллаа.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр уг газар нь Б.Билгүүн гэх иргэний нэр дээр байдаг аж. Тодруулбал, 2020 онд “Голомт” банкны дуудлага худалдаагаар худалдаж авжээ. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ тус газар барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Зөвшөөрлийн дагуу энэ оны долоодугаар сард барилгын ажлаа эхлүүлэхийг оролдсон ч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. “Асар-Өргөө” компанийн зүгээс тухайн газарт цэцэрлэг болон ногоон байгууламж барих гэсэн хэдий ч тус компанийн дахин төлөвлөлтөд ямар ч ногоон байгууламж байгаагүй байна. Харин “Голомт” банканд барьцаанд байсан учраас хураагдсан газар байжээ.

“Асар-Өргөө” компани нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул  2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар уг компанийн IX хороон дахь төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан аж. Ингэснээр уг газар нь “Асар-Өргөө” компанитай хамааралгүй болсон түүхтэй аж. Улмаар тус газар хэдийнээ иргэний өмчлөл болсон ч оршин суугчид тухайн газрыг чөлөөлөн авахаар тэмцэж байгаа гэнэ.

Энэ талаар 229  дүгээр байрны СӨХ-ны дарга Д.Цасанчимэг “Уг газарт хоёр ч удаа барилга барих гэж оролдсон. Бид Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Хот байгуулалтын хөгжлийн газарт шаардлага хүргүүлсэн байгаа. Бодлого, төлөвлөгөөгүйгээр газар олгосноос болж энэ хорооны оршин суугчид агаарлах талбай, тоглоомын талбайгүй хохирч байна. Орон сууцны барилга барьсан “Асар-Өргөө” компани ч хариуцлага хүлээхгүй боллоо шүү дээ. Одоо бол энэ газрыг л аваад үлдчихмээр байна. Цэцэрлэг барьдаггүй юм гэхэд хүүхдүүдээ аюулгүй газар тоглуулж, агаарлаж суух газартай болмоор байна даа” хэмээв. Тухайн газрыг худалдаж авах үед ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй бөгөөд газрын гэрчилгээг ч хуулийн дагуу авсныг Хот байгуулалт хөгжлийн газраас 229 дүгээр байрны “Идэр тулга” СӨХ-д албан бичгээр өгчээ.

 

ИРГЭД БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЭД ХӨРӨНГӨӨР ХОХИРЧ БАЙНА

Өрнөж өнгөрсөн үйл явдлаас харахад барилга барих зөвшөөрөл авсан Б.Билгүүн тэргүүтэй барилгын компани болон оршин суугчдын аль алинд нь бурууг өгөх боломжгүй аж. Учир нь орон сууц барьсан компани нь оршин суугчдынхаа тав тухтай орчинг хангаж өгөхгүйгээр барилга барих зөвшөөрлөө цуцлуулсан явдал оршин суугчдын хувьд томоохон хохирол болж үлдээд байна. Нөгөө талаас банканд хураалгасан газрыг хуулийн дагуу өөрийн хөрөнгөөр худалдан авсан иргэн тухайн газраа ашиглаж чадахгүй явдал ч ихээхэн хохирол учруулж байгаа. Дахин төлөвлөлтийн зураг төсөлд ороогүй газраар иргэдийг хуурч орон сууцаа арилжсан “Асар-Өргөө” компани аль алиных нь ч хохирлыг барагдуулахгүй.

Барилгын компаниуд зөвшөөрөл авах гэж Монгол Улсад үйлээ үздэг нь нууц биш. Зөвшөөрөл авах гэж төрийн байгууллагуудын үүдийг хэдэн өдөр, сараар сахиж сууж сая нэг юм ажил хэргээ бүтээдэг. Гэтэл газрын зохицуулалтаа зохистой шийдээгүй байдлаас үүдэж, энэ мэт үүсэх асуудлууд ганц нэгээр тогтохгүй. Бизнес эрхлэгчдийн зүрхийг мохоосон, хөрөнгө нь царцсан, зээлэнд дарамтлуулсан өнөөгийн бодит байдал нь энэ. Барилгын ажил богино хугацаанд гацахад маш их зардал, хохирол учирдаг. Зөвшөөрөл олгосны дараа ард түмний эсэргүүцэлтэй тулгарах үед зөвшөөрлийг нь цуцалдаг муу жишиг хэдийнээ тогтчихсон байна.

Явган хүний зам, машины зогсоол, ногоон байгууламжийг зураг төсөлдөө тусгасан эсэхийг сайтар нягталж шалгаагүй, орон сууцны барилга барих компаниудын хариуцлагагүй байдал зэрэг нь асуудлыг ар араасаа дагуулсаар байна. Иргэдийн зүгээс ч ногоон байгууламж, цэцэрлэг байхгүй бол шаардах нь зүйн хэрэг. Хяналт зохицуулалтыг илүү сайжруулахгүй бол ийм асуудлууд давтагдсаар байх болно. Хот байгуулалт, хөгжлийн газар ч хариуцлага хүлээхгүй юм бол энэ мэт асуудлыг хэн, хэрхэн шийдэх вэ. Хотын төвөөр зах замбараагүй олгогдсон газрын асуудлыг буух эзэнгүй, хариуцлага хүлээх хүнгүй орхигдуулсаар байх уу. Бодох л асуудал.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.86.28) 2021 оны 10 сарын 19

Солигдож байдаг бүх хотын дарга нарт хариуцлага тооцоогүйн уршиг иргэд хохирц үлддэг хуультайшдээ монгол улсад

0  |  0
Top