Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё

2021 оны 10 сарын 19

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, илүү тэгш хүртээмжтэй нийгэм бий болгохыг уриалсан “Бэрх биш ээлтэй” аяныг зохион байгуулж байгааг та анзаарсан байх. Энэ аяны тухай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгарч буй асуудал, шийдлийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа.


-Тухайн хотын гудамжаар явахад хөгжлийн бэрхшээлтэй хүн хэр олон таарч байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй эсэхийг мэдэж болдог. Улаанбаатар хотын гудамжинд харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тийм ч их таардаггүй. Тиймээс “Бэрх биш ээлтэй” аяныг зохион байгуулж байгаа гэж ойлгож байна. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өдөр тутмын амьдралд оролцоод явах, А цэгээс Б цэг хүртэл саадгүй хүрч чаддаг байх нь тухайн газар орны хөгжилтэй салшгүй холбоотой. Манай улсын хөгжиж буй орны зэрэгт хүрэх гэж явахдаа цогц хөгжлөө орхигдуулсны нэг тод жишээ нь энэ мөн л дөө. Одоо харин энэ бүхнээ эргэж харж, тодорхой үйлдлүүд хийх цаг нь болсон. Монголд хөгжлийн бэрхшээлтэй 109 мянган хүн бий гэсэн тоо байгаа. Энэ хүмүүс нийгмийн амьдралд идэвхтэй оролцохгүй байгаа шалтгаан, нөхцөл олон. Тэр бүх хүчин зүйлийн дотроос бид хандлагын тухай ч бас тусгайлан авч үзэх хэрэгтэй. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар маш олон сөрөг хандлага, ялгаварлан гадуурхах үзэл, “хортой дэмжлэг”, мухар сүсгийн гэмээр ч ойлголтууд одоо болтол байсаар байна. Тийм учраас бид “Бэрх биш ээлтэй” гэх аяныг зохион байгуулаад явж байна. Хүмүүсийн хандлагыг өөрчилсөн цагт бидний хийж, хэрэгжүүлж буй бусад ажлууд үр дүнтэй, хүртээмжтэй, нэгдсэн ойлголтоор явах болно гэж үзэж байгаа.

-Манай улсыг хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад ээлтэй болгохын тулд хандлагыг чухалчлан авч үзэж байгаагийн  шалтгаан юу вэ? 

-Ер нь аливаа улсын нийт хүн амын гурван хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тооцоолол бий. Манай улсын хувьд энэ нь 3.4 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт. Энэ тоо өсөх хандлагатай байгаа нь агаарын бохирдол, дэд бүтцийн асуудлууд, стандарт мөрддөггүй, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой статистик тоо баримт, судалгаа чухал. Гэхдээ энэ хүмүүст ирдэг дарамт, ялгаварлал, нийгмийн хортой хандлагуудын талаар ярих нь мөн л чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгэмд эрх тэгш оршин амьдарч, тэгш боломжийг хүсэж, хэнийг маань ч илүүд үзэхгүй, хэт их хайрлахгүй, бас дутуудуулж ялгаварлахгүй байх тийм л хандлагыг хүсэж байгаа. “Бэрх биш ээлтэй" аян бол хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, харилцан ээлтэй байх тухай юм. Миний хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирлагыг аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд манай агентлагийнхан олон чухал ажлын ард гарч, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. ХНХЯ, ХБХХЕГ нь төлөвлөгөөт ажлуудаасаа гадна Азийн хөгжлийн банкны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл, ЖАЙКА-гийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн төвүүдийг байгуулах ажил ид өрнөөд явж байна. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой томоохон ажлууд мөн хэдий ч бид хандлага өөрчлөх, нөлөөллийн ажлуудаа давхар хийгээд явах нь зөв юм байна гэж үзсэн. Чиний хүрээлэлд хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй бол зовлон, бэрхшээлийг нь ойлгохгүй. Гэтэл нэгэнт л бид хамтын нийгэмд амьдарч байгаагийнх, бие биенийхээ оршихуйг харилцан хүндэлж, ойлгож явах нь зүй ёсны хэрэг. Хандлагыг өөрчилж, нийгэм эрүүлээр, ижил тэгш хардаг болсон цагт бидний хийх бусад ажлууд төвөггүй цааш үргэлжлээд явна.

-“Бэрх биш ээлтэй” аян ямар үе шаттайгаар хэрэгжих вэ?

-Аяны эхний шатыг #ЯгЧамШиг хэштэг бүрэн тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг чам шиг хайрладаг, дурладаг, шатдаг, дүрэлздэг, авьяастай, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй гэдгийг ойлгуулах зорилготой. Биднийг бусдын адил нэг түвшинд харж, ялгаварлахгүйгээр хандаач гэж байгаа юм. Аяны хоёрдугаар шат нь ээлтэй орчин, ээлтэй хандлага бий болгох зорилгод төвлөрнө. Илүү ч үгүй, дутуу ч үгүй хамтран орших зөвшөөрлийг нэг нэгэндээ өгье гэсэн санаатай.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс ирж буй хандлагуудаас юуг нь хүсдэг, бас юуг нь хүсдэггүй юм бол оо? 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаад асуудал, бэрхшээлийг нь сонсоход хүний нийгэмд харилцан эрх тэгш оролцоод явах тухай л ярьдаг. Тэрнээс биш өөрсдийг нь учиргүй их хайрлаж, онцгойлон харж, хэтийдэн халамжлаасай гэж тэд хүсдэггүй.  Зүгээр л наад шатаа стандартын дагуу хийчих л дээ. Тэгвэл бид өөрсдөө гарчихна. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан замаа стандартаар нь барьчих, бид өөрсдөө яваад зорьсон газартаа хүрчихнэ. Боломжийг нь бүрдүүлээд өгчих, стандартаа мөрдөөд явчих, тэрнээс биш биднийг битгий өрөвд, бид асуудалгүй хамтран оршиж чадна шүү дээ гээд байгаа юм. Илүү хайр, илүү ялгаварлалгүйгээр. Нөгөөтэйгүүр, нийгмийн зохицуулалтаас болж суурь мэдлэгээ бүрэн аваагүй, хөдөлмөрт хэзээ ч бэлтгэгдээгүй хүнийг бид ажил хий, тэгш оролц гээд шахаад байж бас болохгүй. Тэр боломжийг сурагч байхаас нь эхлээд гаргаж өгөх ёстой гээд тоочвол олон зүйл ярьж болно. Бид асуудлыг аль болох том зургаар нь харж, бодит үр дүнд хүрэх ажлуудыг үе шаттайгаар хийхээр зорьж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдаад ердөө гурван жил болж байгаа, харьцангуй шинэ агентлаг. Шинэ учраас асуудлууд нь том, боломж, хийж хэрэгжүүлэх ажлууд нь ч тэр хэрээр арвин байгаа болов уу. Ер нь энэ богино хугацаанд байгууллагын ерөнхий суурь хэр сайн тавигдсан гэж та харж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг хариуцдаг газрууд төрийн системд урьд өмнө нь байсан хэдий ч салангид маягтай, яг нэгдсэн бүтэц гэж байхгүй байсаар 2018 онд тусдаа агентлаг болсон. Ерөнхийдөө манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалж, энэ асуудлаар дуугардаг, томоохон ТББ-ын хичээл зүтгэл, Засгийн газрын харилцан ойлголцол явсаар энэ агентлаг бий болсон гэж хэлж болно. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйлчилгээ явуулдаг тус тусдаа байсан газрууд нэг дор цуглаж, агентлагийн харьяа болсон. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Протезийн үйлдвэр, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль гэсэн байгууллагууд одоо нэг дор цуглан үйл ажиллагаагаа нэгдмэл байдлаар явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө олон жил дуу хоолойгоо хүргэж байгаа энэ ТББ, хүмүүс яг үнэндээ манай агентлагийг гурван настай хүүхэд шигээ л хайрладаг. Манай агентлаг төр, ТББ, хувийн хэвшил, олон улсын байгууллага гэсэн дөрвөн талын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн сайн жишиг болж ажиллаж байгаа гэж би хардаг. Бусад томоохон агентлагуудын дэргэд бид шинэ, залуу хэдий ч үйл ажиллагааны маань суурь тун сайн тавигдсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг ярихдаа бид зөвхөн Улаанбаатар хотыг тойроод байж боломгүй. Тийм ч учраас орон нутгуудад хөгжлийн төвүүд байгуулж байгаа гэж байсан. Энэ ажил хэр явж байна вэ? 

-Тийм ээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бид зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд авч үзэж болохгүй. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 48 хувь нь хөдөө орон нутагт байдаг. Тэгэхээр дундажлаад үзвэл нэг аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2000-2500 хүн амьдардаг гэсэн үг. Эхний ээлжинд бид тэр хүмүүсээ заавал хот руу ирэх шаардлагагүйгээр орон нутагтаа, ойрхноос эрүүл мэндийн болон бусад үйлчилгээгээ авах боломжийг нээе гэж бодсон. Өдгөө Ховд, Дундговь, Хөвсгөл, Архангай, Дорнод, Дархан-Уул гэсэн зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барьж байна. Ингэхдээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн 2050 хөтөлбөртэй уялдуулан энэ аймгуудыг сонгосон. Эдгээр хөгжлийн төв байгуулагдсанаар орон нутгийн иргэд хүүхдийн эрт оношилгоо, хэл засал, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал болон протезоо хийлгүүлж, анхан шатны үйлчилгээгээ авчихна. Барилгын ажил өдгөө 70 хувьтай явж байгаа.

-Эдгээр төвийг ажиллуулаад, аваад явах хүний нөөцийн асуудал хэр байдаг вэ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэшсэн боловсон хүчин муутай ч хөдөө орон нутагт дахин орон тоо нэмэх хэрэг гараад байна. Гэхдээ үнэхээр энэ тоог нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас зориглоод ажиллахаас аргагүй. Эхний ээлжинд хотод байгаа багш нараа сайн сургаж, тэд маань цаашдаа шинэ хүмүүсийг сургаад явах тогтолцоог бүрдүүлж байна. Бид Улаанбаатар хот дахь агентлагийн байрныхаа талыг нь нурааж, оронд нь шинээр барилга барихаар болсон. Хуучин барилга маань газар хөдлөлтөд тэсвэргүй гэдэг дүгнэлт нь аль эрт гарчихсан, цааш үргэлжлүүлэн байхад эрсдэлтэй болсон учраас бид Төрийн өмчийн хорооноос зөвшөөрлөө авч, суурин дээр нь найман давхар, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрт бэлтгэх төв барихаар ажиллаж байна.

-Монгол бол цөөн хүн амтай орон. Тийм хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ ажиллах хүч гэж хардаггүй нь том тансаглал. ХБХ-ийг ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 60-70 хувь нь хөдөлмөр эрхлэх чадвартай гэсэн судалгаа бий. Гэтэл өдгөө ердөө 15-16 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Үүнд хоёр үндсэн шалтгаан байна гэж би харсан. Нэгт, суурь боловсролын хүртээмж муу байгаагаас хөдөлмөрт бүрэн бэлтгэгдэж чадахгүй байна. Хоёрт, бид хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ юу чадахгүй вэ гэдэгт нь ач холбогдол өгч, энэ хүмүүсийг чөлөөлөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссоор оруулаад, энэ хүний хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувь байна гэж тогтоогоод ажил эрхлэх боломжийг нь хааж байна. Гэтэл угтаа үлдсэн 30 хувь буюу, тэгвэл юу чадах юм бэ гэдгийг нь анхаарч үзмээр байдаг. Үүнийг хэрэгжүүлдэг болохын тулд бид бодлогоо өөрчлөх ёстой. Энэ чиглэлд ажиллаж, асуудлыг нааштай шийдэх чиглэлээр төлөвлөсөн ажлууд үе шаттайгаар хэрэгжих болно. Манай агентлагийн нийт ажилчдын 1/3 нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тэд юу хийж, хэрхэн ажиллаж чаддагийн бодит жишээ юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилд оруулъя, зуучилъя гэхээр яг үнэндээ ихэнх нь хөдөлмөрт бэлэн болоогүй байдаг. Тийм учраас бид хөдөлмөрт бэлтгэх hub-уудыг агентлагийн байрандаа байгуулж, нягтлан бодогч, тогооч, гутал засварчин, оёдолчин, компьютерын мэргэжилтэн, нарийн бичиг гэх мэт олон мэргэжлээр ажиллах боломжтой боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж байна. Өдгөө Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 140 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байгаа юм. Тогооч, мужаан, компьютер, гар утас засвар, зэрэг чиглэлээр мэргэшиж байгаа. Энэ төвдөө жил бүр 140-150 хүүхэд элсүүлж, хоёр жил сургаад төгсгөж байна. Ирэх хавраас дохионы хэлмэрчийн анги нээхээр төлөвлөсөн.

Хэдийгээр тухайн хүн аль нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй ч түүнд хийж чаддаг, чадах боломжтой олон ур чадвар бий. Тэрийг нь нээж, сургаж, гаргаж ирье. Үүний дараа бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар ярих боломжтой болно. Улмаар компаниудад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллахад хүртээмжтэй орчин бий болгох, тохируулгатай ажлын байрны талаарх сургалтуудыг ороод хоёр талаас нь дэмжих юм.

Энэ ажил олон талын хамтын ажиллагааны хүчээр маш амжилттай явж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн шинэ барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа бол менежментийг төр хариуцаад, дотор зохион байгуулалтыг нь ЖАЙКА-гийн зөвлөгөөгөөр хийж, ТББ-уудын саналыг тусгаад явж байна. Энэ хамтын ажиллагаанд тун сэтгэл хангалуун явдаг шүү. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай албан байгууллага тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Энэ яг бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гэж заасан байдаг. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол улсад нэмэлт татвар төлөөд явдаг. Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүйн төлбөрт 8.3 тэрбум төгрөг цугласан. Монголд 25-аас дээш ажилтантай 3000 гаруй компани бүртгэлтэй. Гэтэл эдгээрийн хэдэн хувь нь дээрх татвараа төлсөн бэ гээд яривал асуудалтай.

Энэ онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзахдаа маш том шийдвэр гаргаж, тэр цугласан мөнгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө зарцуулна гэж амласан. Өмнө нь дээрх сангийн мөнгийг өөр чиглэлд зарцуулдаг байсан. Энэ шийдвэр хэрэгжсэнээр бид илүү том төсөвтэйгөөр, илүү өргөн цар хүрээтэй ажлууд хийх боломж гарч ирэх юм. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг чадавхжуулах, тэднийг дэмжих чиглэлд анхаарч ажиллах хэрэгцээ бий. Өндөр хөгжилтэй улсуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрийн тусгай агентлаг гэж байхгүй. Харин ТББ-ууд нь тодорхой асуудлууддаа оролцоод, шийдээд явдаг. Энэ бол маш сайн жишиг л дээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлого гаргаад явж байгаа. Энэ дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал ч яригдана. Саяхан бид Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Ундрахбаяртай уулзахад ХБХ-ий хөдөлмөр эрхлэлт дээр суурилсан цогц бодлого бэлдэж, удахгүй Ерөнхий сайдад танилцуулах гэж байгаагаа ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжихдээ хөдөлмөр эрхлэлтийг гол болгон авч үзэж, үүнийг тойрсон асуудлуудыг шийдэх замаар цааш явах юм. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд чөлөөтэй оролцоод явъя гэхэд манай хотын ихэнх барилга, байгууламжууд хүртээмжгүй байдаг. Хувийн хэвшлүүдээс гадна төрийн байгууллагууд ч энэ тал дээр муу дүн авах нь тодорхой юм биш үү?

-Энэ оны эхээр ЗГХЭГ, Түгээмэл хөгжлийн төв болон манай агентлаг нийлээд Засгийн газрын 16 байранд үнэлгээ хийсэн. Бид энэ судалгаагаа төр захиргааны нийтлэг үйлчилгээний төвд албан ёсоор танилцуулсан. Үүнээс хойш яамнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгож барилгаа засаж, янзалсан гэж найдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах квотоо хангаагүй олон яам, төрийн байгууллага бий. Төр нь өөрөө үлгэрлээд ээлтэй, хүртээмжтэй болчихвол хувийн хэвшлүүд ч дагаад өөрчлөгдөөд явна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан. Хуультай болно гэдэг бидний хувьд их чухал байсан. Одоо бид энэ хуулийн нэг бүлгийг нь тусад нь салгаж, шинэ хуультай болохоор ажиллаж байна. Энэ нь Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль юм. Мөн 2016 онд батлагдсан хуульд нэмэлт засвар оруулах, дутуу үлдээсэн зүйл заалтыг нэмэх чиглэлээр мөн ажиллаж байгаа. Энэ намар өргөн барихаар бэлтгэлээ хангасан.  Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бид Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг батлуулан, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Үүний хүрээнд Хөдөлмөрийн нээлттэй зах зээлд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах цогц арга хэмжээг шинээр нэвтрүүллээ.

Д.ДУЛМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top