СУРВАЛЖИЛГА: Нарийн ногооны ҮНЭ ГУРАВ ДАХИН нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

6500 ТӨГРӨГ БАЙСАН ӨРГӨСТ ХЭМХ 20 МЯНГА БОЛЖ, БУУЦАЙ, ЦЭЦЭГТ БАЙЦАА 22 МЯНГААР ЗАРАГДАЖ БАЙНА

Урд хөрш коронавирусний халдвартай холбоотойгоор хилээ хаагаад олон хонож байна. Монголчууд хэрэглээнийхээ ихэнх хувийг Хятадаас авдаг учраас бараа бүтээгдэхүүний хомсдолд орох, юмны үнэ нэмэгдэж эхэллээ. Үүний улмаас иргэд хүнсээ нөөцлөхөөр уухайлан дайрах, зарим дэлгүүрийн лангуу хоосрох, тохиолдол гарч байна.

БНХАУ-аас нийлүүлдэг жимс жимсгэнэ, нарийн ногооны үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарим томоохон худалдааны төвүүдээр ямар үнэ ханштай, нөөцтэй байгааг сурвалжиллаа.

ЛАНГУУГАА ХААХГҮЙН ТУЛД "ШАГ"-ИЙН ХУДАЛДААЧДААС ЖИМС АВЧ ЗАРЖ БАЙНА

"Барс" зах бол жимс жимсгэнэ, нарийн ногоо, хүнсний ногоо худалдаалдаг гол төв билээ. Тус худалдааны төвийн бөөний лангууны ихэнх нь хаалттай байв. Бараагаа долоо, долоо хоногоор татдаг бөгөөд хамгийн сүүлд долоо хоногийн өмнө татсан аж. Татсан бараа нь ийнхүү дуусаж хаалгаа барихад хүрчээ. Харин худалдан авагчдын ачаалал нэмэгджээ.

Ногоо, жимс авахаар хүмүүс дугаарлана. Нэг хүн 20 мянган төгрөгт худалдан авалт хийх нормтой аж.

Худалдагч Г.Баярмаа хэмээх бүсгүй “Хамгийн сүүлд хил хаахаас хоёр хоногийн өмнө бараагаа татсан. "Барс" захын хэмжээнд нарийн ногоо дуусаж, алим, жимснүүд нь шавхагдаад байна. Хойд хөршөөс татдаг жимс, хатаасан жимснүүд л үлдлээ. Лангуугаа хаахгүйн тулд аргагүйн эрхэнд “шаг”-ийн худалдаачдаас нэг хайрцаг ногоог 250 мянгаар авч, зарж байна. Энэ байгаа ногоогоо зараад хаах гэж байна" гэв.

Тэгвэл худалдан авагч нэгэн эмэгтэй "Би багадаа картын бараанд ингэж дугаарладаг байсан. Тэр үедээ очсон юм шиг л санагдаж байна. Хятадаас орж ирдэг гадил, усан үзэм, мандарины үнэ маш их өссөн байна. Гадил жимс гэхэд гурав хоногийн өмнө 6000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 8000 мянган төгрөгөөр зарж байна. Усан үзэм 15-18 мянган төгрөгийн хооронд байна" гэж байлаа. Лангуу болон хөргөгчинд нарийн ногоо нүдний гэм болж, зарим лангуу хөшгөө татжээ.

Тус худалдааны төвийн  худалдагч Б.Болд “Хил хаасан өдрөөс эрэлт ихсэж, үнэ нэмэгдсэн. "Барс" захын 70-80 нь Эрээнээс бараагаа татдаг. Нарийн ногооны хомсдолд ороод байгаа учир байдал хүндхэн болж байна” гэлээ.

Нарийн ногооны лангуунд нэг кг чинжүү 16 мянга, өргөст хэмх 18 мянга, бууцай 22 мянга, үрлэн улаан лооль 22 мянга, улаан лооль 12 мянга, цэцэгт байцай 22 мянган төгрөгийн үнэтэй байна.

Хэдхэн хоногийн өмнө хайрцгаараа 65 мянга төгрөг байсан гадил 120 мянга болж өсжээ. БНХАУ-ын Эрээн хотын жолооч нараас коронавирусний халдвар илэрч, хөл хорио тогтоосон нь монголчуудын амьдралд ийнхүү нөлөөлж эхэллээ.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусний халдвар бүртгэгдсэн. Үүнээс улбаалж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авна. Тиймээс цаг хугацаа орохоор байна” гэж мэдээлсэн билээ.

БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ДАГАЖ МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

"Бөмбөгөр" худалдааны төвд хоол хүнсээ цуглуулж буй иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үнийн өсөлтийг дагаад махны үнэ нэмэгджээ. Тухайлбал, үхрийн ястай мах 12 мянга, цул мах нь 15 мянган төгрөг бол хонины ястай мах 10500 мянга, цул мах нь 11500 төгрөг гэж байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 200-300 төгрөг нэмэгдсэн гэсэн үг.

Иргэд “Хаврын тарчиг цаг шиг махны үнэ хүртэл нэмэгдчих юм. Сарын цалин амьдралд хүрэхээ байлаа. Ядаж дотоодоосоо хангадаг малын махны үнээ өр засгаас хянаж баймаар байна. Намар махны үнэ хамгийн хямдхан байдаг шүү дээ” хэмээн халаглаж байлаа. Тэгвэл хилийн чинадаас ирдэг жимс жимсгэнэ, нарийн ногооны лангуун дээр алим 7500, гадил 8500, лимон 12 мянга, мандарин 7500 төгрөгийн үнэ ханштай байгаа нь долоо хоногийн өмнөх үетэй харьцуулахад 1500-2000 төгрөгөөр нэмэгджээ.

 


Нарийн ногооноос өргөст хэмх 20 мянга, улаан лооль 15 мянган төгрөг, цэцэгт байцаа 22 мянган төгрөг болжээ. Харин хүнсний ногоогоо дотооддоо тарьж  ургуулдаг болохоор үнэ тогтвортой, элбэг дэлбэг байв.

Худалдагч эмэгтэй “Манайд нарийн ногооны долоо хоногийн нөөц байна. Хэрэв хил удаан хугацаагаар нээхгүй бол лангуугаа хаахад хүрнэ. Бид түрээс төлдөг учраас эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох төлөвтэй байна. Ер нь дотооддоо хүлэмжийн тариаланг хөгжүүлмээр санагддаг. Тэгж байж гадаад орноос хараат биш амьдарна шүү дээ” гэв. Бөмбөгөрийн жимс ногоо, нарийн ногооны лангуу хоосроогүй ч хэдхэн хоногийн нөөцтэй байгаагаа худалдагчид нуусангүй. Гурил нэг кг нь 1500-2500, будаа 3500-5000 төгрөг байгаа өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 100-200 төгрөг нэмэгджээ. Гурил авахаар яваа нэгэн настай буурай “Чихэр жимс голж шилдэг цамаан өссөн өнөө цагийн хүүхдүүд юм, юм үзэх нь дээ. Зах зээлийн үе шиг гурил, махаар гол зогоодог байсан тарчиг үе эргэн ирэх вий дээ. Бид ч яахав үздэгээ үзээд өнгөрсөн хүмүүс. Ач, зээ нартаа л их санаа зовох юм” хэмээн залбирч байлаа.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН ЦАЙ, КОФЕНЫ САВЛАГАА УРДААС ИРДЭГ УЧИР ТАСРАХАД ХҮРЭЭД БАЙНА

Дан ганц хүнсний бүтээгдэхүүн ч гэлтгүй бусад лангуунд бараа бүтээгдэхүүн тасарч эхэлжээ.

Жишээ нь, "Бөмбөгөр" худалдааны төвийн зарим лангуунд бэлэн гоймон, кофе цай тасарч байна хэмээн худалдагчид хэлнэ лээ. Дотоодын үйлдвэрийн кофе, цайны уут савлагаа нь урдаас ирдэг учир тасрахад хүрээд байгаа ажээ.

Энэ мэт жишээ олон. Нэг удаагийн аяга таваг зардаг лангууны худалдагч н.Батсайхан “Манайханд сав баглаа боодол, нэг удаагийн аяга, таваг гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр олныг барих хэрэгтэй. Үйлдвэр барих тендер зарладаг ч үнэнч тууштай мань мэтэд тэр нь олддоггүй. Тэгээд тэр тендерт ялсан хүмүүс нь үйлдвэр байгуулаад гийгүүлээд  байгаа юм байхгүй. Манайхан бүгд Эрээнээс бараагаа татдаг. Эрээний үйлдвэр, дэлгүүр ажиллахгүй зогсоход л бидний ажил зогсож байгаа юм. Бид дотооддоо үйлдвэртэй болох хэрэгтэй байна” хэмээлээ.

Үнэхээр л хил хааснаас хойш долоо хоногийн хугацаанд хувцас захиалгын бараа болон барилгын материал ч гацаж бүхий л салбарт хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа талаар иргэд мэдээлсээр байгаа. Мөн тамхи борлуулдаг лангууны бүсгүйд нэг эрэгтэй “Ногоон Эссэ хэдэн блокийг зарчих л даа” гэж шалаад зогсож байхтай ч таарав. Худалдагч бүсгүй “Үгүй” хэмээн халгаасангүй. Тэр ч бүү хэл "Нарантуул" зах дээр ч тамхи ховордсон гэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.67.164) 2021 оны 10 сарын 20

Nariin nogoo geed l baih yum urdaasaa hortoi bordoogoor bordson nogoogoor yadag yum ter nogootoi nogoogui mongolchuud eruul saruul amidarsaar irsen harin naad nogoonoos bolood eldviin uvchin uusch baigaa baih shuu

0  |  0
(202.9.40.88) 2021 оны 10 сарын 20

Угаасаа хил хаагдахаар Дэвшилийн ногоо ургахаа болиод, монгол тахиа өндөглөхөө больчихдог юм оо

1  |  0
зочин(66.181.186.201) 2021 оны 10 сарын 20

нарийн ногоогүй болно шдээ.

0  |  0
Zochin(202.9.46.39) 2021 оны 10 сарын 20

Gehdee gants nogoondoo bish shyy dee .byh l yuman deer unaltand orj,yniin huurugdul,homsdol yyseed bhd l nogoo idehgyi sain bn,bitii neegeesei geeg teneg2 yum bicheed bhiin

0  |  0
Zochin(202.9.46.39) 2021 оны 10 сарын 20

Ynetei restaurant hoolnii gazruudaar zoog baridag mungutei baagiinuud odoo yanaa hyatad shine nogoonii salad edr ni bhkuu..tengeriin amitas min

2  |  0
зочин(124.158.97.74) 2021 оны 10 сарын 20

хил нээгдэхээр буцаад үнээ буулгах болов уу энэ хэвээрээ үнэ ханш нь тогтох вий дээ

0  |  0
Ааааа(202.21.108.16) 2021 оны 10 сарын 20

Ресторан, цайны газрууд Хятад ногоогоор хоолоо хийдэг байсныг одоо л мэдэж авлаа. Хэрэглэгчид хорт хавдрыг ресторан цайны газруудаас л худалдаж авдаг байжээ.

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 10 сарын 20

sain l biz mongol nogoogoo idnee

2  |  0
кккккккккккк(192.82.66.172) 2021 оны 10 сарын 20

хужаа ногоогоор яадгиин хоолнии бизнэсчүүд рестранууд л хэцүү байгаан байна ккккккк

3  |  0
Top