Монголын байт харвааны холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2021 оны 10 сарын 19

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа. Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг тус холбооны удирдлагууд танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандсан юм. 

60 гаруй жилийн түүхтэй Монголын байт харвааны спортоор манай улсын тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын спортын топ төрөлд багтдаг юм. 

2018 онд олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам болж байсан юм. Тэгвэл Монголын байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олимпийн наадам болон тив, дэлхийн гол тэмцээнүүд холын зайд буюу 70 метрт явагддаг. Иймээс шигшээ багийн тамирчид тухтай орчинд тогтмол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх үүднээс орчин үеийн стандартад нийцсэн бэлтгэлийн төв байгуулах шаардлагатай” гэдгийг тодотгов. Мөн байт харвааг бүх  нийтийн спорт  болгон  хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top