[БИДНИЙ НЭГ] Хөгжлийн бэрхшээлтэй ч хөлөөрөө ажилладаг Н.Тэмүүлэн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

“Гараараа чадахгүй ч хөлөөрөө чадна” хэмээн ярих залууг Н.Тэмүүлэн гэдэг. Тэрбээр хүнд хэлбэрийн тархины саажилттайн улмаас гараараа хийж чадахгүй зүйлсээ хөлөөрөө хийж сурчээ. 

Н.Тэмүүлэн одоо 27 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суухгүйгээр бүхнийг хийж үзэхийг хүсдэг. Тэрбээр одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд энгийн хүмүүстэй ижил тэгш эрхтэйгээр оролцоход нь дэмжлэг үзүүлдэг “Түгээмэл хөгжил” ТББ-д боловсролын хөтөлбөрийн ажилтан хийж байгаа аж. Түүний сэтгэлээ уудалсан яриаг хүргэе.

Видео хэлбэрээр үзэх

-11 нас хүртлээ сургуульд орж чадахгүй, цэцэрлэгийн боловсролыг эзэмшсэн-

-Би 11 нас хүртлээ цэцэрлэгт явсан. Энгийн хүмүүс сонсоод их гайхдаг юм. Уг нь тухайн үед долоо, найман нас хүрээд сургуульд ордог байтал хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын  хувьд арай өөр байсан. Учир нь тухайн үед биднийг авах сургууль бараг байдаггүй. Зөвхөн гаднах байдлаас нь хараад “Бид  ийм хүүхэд авч, сургаж чадахгүй” гэх хариулт өгдөг байсан. Түүнээс болоод 11 нас хүртлээ сургуульд орж чадахгүй, цэцэрлэгийн боловсролыг эзэмшсэн.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ОНЦЛОГТ ТОХИРСОН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОВОЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр гурван янзаар л төсөөлдөг. Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй гэсэн гурван янзаар төсөөлдөг. Гэтэл,  тэргэнцэртэй хүмүүсийг аваад үзэхэд, дотроо маш олон янз байдаг. Нуруу нугасны гэмтэл, хүзүүний гэмтэл, аваар ослоос үүдэлтэй, тархины саажилттай гээд маш олон янз байдаг.

Ингэж олон янз байхын хэрээр хэрэгцээ шаардлага нь өөр өөр байдаг. Гэтэл үүнийг сайн мэдэхгүйгээс болоод хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гээд оёдолчин, оператор гэх мэт ажил санал болгодог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ хэрэгцээ, шаардлага, онцлогт нь нийцсэн ажлын байр бий болгоод өгвөл тухайн хүн энгийн хүмүүстэй адил баялаг бүтээгч болох бүрэн боломжтой.

Миний хувьд  ажлын байрандаа очоод энгийн ширээ, сандал дээр ажил хийх боломжгүй. Надад тохирсон, намхан ширээ байвал хөлөөрөө компьютер дээр ажилладаг. Зориулалтын ширээ тавиад өгчихвөл энгийн хүнтэй адил ажиллах боломж бүрдэж байгаа юм.

ГАРААРАА ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ХӨЛӨӨРӨӨ ОРОЛДСООР СУРСАН

-Би арваад жилийн өмнөөс компьютер дээр ажиллаж, хөлөөрөө бичиж эхэлсэн. Үүнийг надад хэн ч зааж өгөөгүй. Багаасаа гараараа юм хийж чадахгүй болохоор хөлөөрөө оролдож үзсээр байгаад сурсан юм. Хүн ажиллахгүй байгаа эрхтнээ өөр нэг эрхтнээрээ орлуулдаг юм байна лээ. Тэгээд л нэг мэдэхэд сурчихсан байсан.

Одоо компьютер дээр нэг хуудас текстийг  нэгээс хоёр цагийн хугацаанд бичдэг. Өглөөнөөс шөнийн дөрөв, таван цаг хүртэл компьютерийн ард ажлаа хийгээд суух үе ч гардаг. Гэхдээ залуу байгаа болохоор огт ядардаггүй.

НИЙГЭМ ӨӨРӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ҮҮСГЭЭД БАЙНА

-Би өмнө нь ингэж боддог байсан юм. Энэ зөвхөн миний л асуудал. Би өөрөө л бэрхшээлтэй болохоор нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгаа юм байна гэж ойлгодог байлаа. Гэтэл олон улсын туршлага болон хүний эрхийн талаас харсан ч энэ бол зөвхөн хувь хүний бэрхшээл байсан. Нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. Учир нь би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болъё гэж төрөөгүй. Үүнийг хэн ч шийдэхгүй. Тэгэхээр хүн болгон амьдрахад тохиромжтой нийгмийг бүрдүүлэх ёстой. Гэтэл ийм нийгмийг бүрдүүлж чадахгүй байгаа нь манай нийгмийн буруу ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтгүй байгаагийн илрэл.

Тухайлбал, гадуур явах гэтэл зам талбай, барилга байгууламж, ариун цэврийн өрөө гэх мэт зүйлс надад хүртээмжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломжгүй байдаг.

Нэгдүгээрт, Хүмүүс тухайн барилга байгууламжийг барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлнэ гэдгийг тооцож үздэггүй.

Хоёрдугаарт, Тооцож үзсэн байлаа ч тухайн хэрэглэгчээс буюу ашиглах хүмүүсээс нь асуугаагүй байдаг. “Танд ямар байвал тохиромжтой вэ, ингэж хийвэл болох уу” гэж асуугаагүй, хэрэглэгчээ сонсоогүй учраас хүртээмжгүй байдал үүсэж байна. Жишээ нь налуу замыг хүүхдийн гулсуур шиг огцом хийчихдэг. Ингээд тухайн замаар хүн үйлчлүүлэх ямар ч боломжгүй болж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлийг өвчин гэж харахгүйгээр,  зүгээр л хүмүүсийн ялгаатай байдал гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top