Иргэд махыг захаас килограммаар биш граммаар авдаг болжээ

2021 оны 10 сарын 21

Урд хөрш хилээ хааснаар нарийн ногооны үнэ гурав дахин өсөж, дэлгүүр, захын лангуу хоосорсон талаар бид сурвалжлан мэдээлж байсан. Тэгвэл өргөн хэрэглээний барааны үнэ удаа дараалан нэмэгдэж буйтай холбоотойгоор бусад бүтээгдэхүүнд үнийн өсөлт нөлөөлж, дотоодын зарим бараа бүтээгдэхүүн ховордоод байна. Үүнтэй холбоотойгоор мах болон гурилын үнэ ханшийн талаар та бүхэнд сурвалжлан хүргэхээр бэлтгэлээ.

Хүчит шонхор зах бол мах, махан бүтээгдэхүүн болон гурил, будааг бөөний үнээр худалдаалдаг томоохон төв билээ. Эрээн хотын хил хаасантай холбоотойгоор нарийн ногоо, жимс жимсгэнэ худалдаалдаг Барс захад хаалгаа барьсан лангуу нэлээдгүй байсан бол Хүчит шонхор зах эсрэгээрээ олны хөлд дарагджээ.

Мах худалдан авч буй хүмүүс бөөнийхөөс илүү жижиглэнгийн мах руу хуйларна. Гартаа есөн мянган төгрөг барьсан өвөө үхрийн мах авахаар зогсож буй харагдлаа. Хажууд нь очиж жоохон ажив. Гартаа барьсан мөнгө нь нэг килограмм үхрийн мах авч хүрсэнгүй. “Худалдагч аа, мөнгө хүрдэггүй ээ. Цул мах авах болохоор нэг килограмм махнаасаа хасаад өгчих” гэх нь дуулдав. Худалдагч махыг нь хасахад махны үнэ 10,500 төгрөг боллоо. “Дахиад л мөнгө хүрсэнгүй” гэх өвөөгийн үгэнд махны худалдагч байгаа мөнгийг нь аваад махаа өгөв. Тэр худалдагчийг Б.Эрдэнэцэцэг гэдэг аж. Мах худалдаалаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ. Тэрбээр “Би үхрийн мах зардаг. Хэнтий аймгаас махаа авдаг юм. Жижиглэнгийн үнэ нэг килограмм нь 12 мянган төгрөг гэж байна. Харин ястай махыг 11,500 төгрөгөөр зарж байгаа. Хямдарсан махаа 10 мянган төгрөгөөр зарж байна. Хямдарсан мах гэдэг нь өчигдөр болон уржигдар ирсэн махаа хөлдөөгөөд зарахыг хэлж байгаа юм. Хүмүүс мөнгөндөө тааруулж бага хэмжээтэйгээр авах нь ихэссэн. Саяны өвөө шиг зах руу зорьж ирээд нэг килограмм ч хүрэхгүй мах авдаг хүн улам олширсон. Хүнсний гол хэрэглээ болохоор мах авахгүй гээд яахав дээ. Гол нь бүхий л бараа материал, хүнсний хэрэглээний үнэ өсчихсөн болохоор иргэдийн мөнгө амьдралаа зогооход хаанаа ч хүрэхгүй байгаа” гэв.

НОГООНЫ ҮНЭТЭЙ ЗЭРЭГЦЭЖ МАХНЫ ҮНЭ ӨССӨН БАЙНА

Худалдааны зах, томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүрүүд борлуулах махаа Хүчит шонхор захаас бөөний үнээр худалдан авдаг. Хүчит шонхор захад бөөний үнээр адууны мах 6,500, үхрийн мах 8,500, хонины мах 7,200-7,300 төгрөгийн ханштай байна. Харин үхрийн зүрх 1,500, хонины толгой гурван мянга, умс кита долоон мянга, үхрийн гүзээ 4,500, хонины гүзээ 500, хонины цувдай 13 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Махны худалдаачдын хэлснээр махаа Архангай, Сүхбаатар, Дундговь болон Хэнтий аймгаас авдаг байна. Хүчит шонхор захаас гарч, Бөмбөгөр худалдааны төвийг зорив. Бөмбөгөр худалдааны төвийн махны тасагт мах худалдан авахаар зогсох худалдан авагчид нэлээдгүй байлаа. Махны үнэ сонсоод зарим нь гайхах бол үлдсэн нь ногооны худалдаачидтай барьцлаа хэмээн дургүйцнэ. Тус төвийн махны худалдаачин Ц.Т /нэрээ бүтнээр нь гаргахаас татгалзсан/ “Үхрийн ястай мах 12 мянга, цул мах 15 мянган төгрөгийн ханштай байгаа. Харин хонины цул мах 12 мянга, ястай мах 10,500 төгрөгийн ханштай байна. Махны нийлүүлэлт одоохондоо хэвийн байгаа. Гэсэн ч тодорхой хэмжээнд нэмэгдсэн” гэв. Дотооддоо махны нөөц хангалттай байгаа атал махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, иргэн Б.Отгонбаяр “Өнөөдөр хүнсээ цуглуулаад явж байна. Гэтэл зарим хүнсний ногоо ч алга. Тасарчихсан гэнэ лээ. Өөр лангуугаас авахаар очиход багахан хэмжээтэй л өгч байна. Махаа авахаар Бөмбөгөр орж ирлээ. Махны үнэ өссөн бололтой. Ногоо ховордсон гээд үнэ нь бас өссөн байна. Авч буй тэтгэврийн хэдэн төгрөг маань ногоо, махандаа ч хүрэхгүй бололтой. Цаашдаа яаж амьдрах юм бүү мэд” хэмээн халаглаж байв. Баянзүрх худалдааны төв, Сансар сүлжээ дэлгүүрт ч мөн Бөмбөгөр худалдааны төвтэй ижил үнэ ханштайгаар мах худалдаалж байлаа. Нийслэлийн Статистикийн газар долоо хоног бүр өргөн хэрэглээний 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дүнд ажиглалт хийдэг. Тэгвэл 26 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа бол 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэмээн тооцоолжээ. Үнэ өссөн 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хонь болон үхрийн мах өссөн үзүүлэлттэй гарсан байна. Ингэхдээ махны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдсэн гэжээ. Хонины мах өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад 500 төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн мах 200 төгрөгөөр өссөн байна. Махны үнэ харилцан адилгүй нэмэгдсэн нь ястай болон цул мах гэдгээс гадна аль аймгийн малын мах болох ч нөлөөлдөг аж.

НАРИЙН НОГООНЫ ХОМСДОЛЫГ АШИГЛАЖ ХУДАЛДААЧИД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНИЙГ НЭМЛЭЭ

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн долоо хоногт эрс нэмэгдсэн. Гол шалтгаан нь Эрээн хот хилээ хааснаар нарийн ногоо хомсдож, улмаар дотоодын хүнсний ногоо болон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаачид үнээ нэмсэнтэй холбоотой юм. Хүчит шонхор зах болон Бөмбөгөр худалдааны төв, Баянзүрх худалдааны төвд гурил, будаа тогтвортой үнэтэй байна. Харин ногооны үнэ ханш огцом өссөн. Тухайлбал, үрлэн улаан лооль 22 мянга, улаан лооль 12 мянга, өргөст хэмх 20 мянга, чинжүү 18 мянган төгрөг болжээ. Мөн монгол төмс, монгол лууван болон байцайны үнэ ханш өсөж 800-2400 төгрөгт хүрчээ. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн талаар иргэн Э.Бямбагэрэл “Хүнсний ногоо хэрэглэхгүй байя гэж бодъё. Гэтэл мах болон гурилын үнэ нэмэгдэж болохгүй шүү дээ. Гурил, будаа одоохондоо өсөөгүй байна. Экспортын бүтээгдэхүүн учраас удахгүй нэмэгдэх л биз. Харин 70 орчим сая малтай хэрнээ махны үнэ нэмэгдээд байж болохгүй. Бөөний үнээр аваад нөөцлөх боломжгүй. Хүнсэндээ тааруулж хэрэглэнэ шүү дээ. Ногооны хомсдолоос болоод худалдаачид худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд байж болохгүй” гэв. Мөн иргэн О.Отгонбаяр “Хүнсний ногоог дагаад махны үнэ өссөн гэж бодож байна. Одоо бусад барааны үнэ ч өсөх нь гарцаагүй. Би ээждээ сүү авах гэтэл үнэ нь өсчихсөн байна. Бас “Гүрж” ногоон цайны үнэ ч өссөн. Цалингаараа зээлээ төлөөд, үлдсэнийг нь хүнсэндээ зарцуулъя гэхээр бүхий л зүйлсийн үнэ өсөөд байвал залуус яаж амьдрах юм бэ. Одоо мах авах гээд худалдагчийг нь хүлээж байна. Махны үнэ ханш өсчихсөн байгааг харж байгаа биз дээ. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ хангадаг болчихвол ногооны хомсдол, махны үнийн өсөлт зэрэг асуудал хил хаасан ч гарахгүй гэж боддог” гэсэн юм. Эрээн хотын хил хаасан долоо хоногийн хугацаанд ийм дүр зураг бидний эргэн тойронд өрнөж байна. Цаашдаа ч хэр удаан хил хаалттай байхыг бид мэдэхгүй. Тиймээс л бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсөхөөс өмнө нөөцөө бүрдүүлэх гэсэн иргэд зах, худалдааны төв, дэлгүүрээр ачаалал үүсгэж байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top