Дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тасалдал үүсээд байгаа бөгөөд энэ нь зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдолд хүргэж байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байгааг шинжээчид анхааруулж байгаа юм. Учир нь, боомтуудын гацалт арилж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн болсон ч тэдгээрийг зөөх ачааны машинууд хүрэлцэхгүй. Ачааны машины асуудлыг шийдлээ гэхэд эрчим хүч, түлшний хомсдол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг удаашруулахаар байгаа аж. Ачаа тээврийн машины жолооч дутагдалтай байгаа нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний хамгийн сул тал хэвээр байна.
“Хэрэв ачааны машины жолооч нарын дутагдал үргэлжилсээр байвал боомт дээрх түгжрэл саатал дахиад л давтагдах болно" болно гэдгийг “Moody’s” агентлагийн эдийн засагч Тим Ю онцолжээ. Дэлхий даяар цар тахлаас үүдэлтэйгээр цэвэрлэгчээс эхлээд нисгэгч хүртэл ажиллах хүчний хомсдолд ороод байгаа ажээ.
Цар тахал дэгдэхээс өмнө 2500 ам.долларын үнэтэй байсан чингэлэг яг ижил ачаанд 25 мянган ам.доллар болж өсөөд байна. Австрали бол хамгийн удаан хугацаанд хөл хорио тогтоосон улс билээ. Хөл хориотой холбоотойгоор тус улс хүнсний экспортоо бууруулж эхэлжээ. Түүнчлэн дэлхий даяар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт буурах хандлагатай байна. Хүнсний инфляц АНУ-д сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд есдүгээр сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн байна. Үүнээс гадна дэлхийн нүүрсний хямралаас болж БНХАУ эрчим хүчний хомсдолтой тулгарсан. Нүүрсээр баялаг Шаньси мужид болсон үер нь асуудлыг улам хүндрүүлэхээр байна.
Дэлхийн эрчим хүчний хямрал Бразил, Энэтхэгт хэдийнэ тархаад байгаа юм. Герман чулуужсан түлшнээс татгалзахаа мэдэгдээд байгаа ч тус улсын энэ төлөвлөгөө ойрын жилүүдэд хэрэгжих боломжгүй болж байна. Өвөл ойртож байгаатай холбогдуулан “Nord Stream 2” -ийг ажиллуулах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болж эхэлсэн ч хөшигний цаана ойлгомжгүй олон асуудал тодорхойгүй хэвээр үлдлээ. “Moody’s” агентлагийн эдийн засагчид ч гэсэн дэлхий дахинаа ханган нийлүүлэлтийн сүлжээний хямрал улам дордох болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Дюкийн их сургуулиас энэ намрын эхээр явуулсан санал асуулгад оролцсон санхүүгийн албаны удирдлагуудын олонх нь барааны ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлууд 2022 он дамнан өрнөх болно гэж үзжээ. Харин тэдний ердөө 10 хувь нь эдгээр асуудал бэрхшээлүүд удахгүй арилна гэж тооцож байгаа аж.
Тухайлбал, JPMorgan Chase” компанийн гүйцэтгэх захирал Жэйми Димон “Жилийн дараагаас л бид барааны ханган нийлүүлэх сүлжээний талаар ярихгүй болж эхэлнэ” гэж өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ. Есдүгээр сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий даяар 5.4 хувиар өссөн нь 2008 оноос хойших 12 сарын доторх хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Шинэ машины үнэ 1980 оноос хойш хамгийн богино хугацаанд огцом өсжээ.
Дэлхий дахин чипийн хомсдолд орсон учраас “Ford”, “General Motors” болон бусад автомашин үйлдвэрлэгчийг үйлдвэрлэлээ бууруулахад хүргээд байна. Логистикийн бэрхшээлээс үүдэлтэй асуудлыг шийдвэрлэх үүднээс Америкийн корпорациуд олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнтэй бус байгааг холбогдох мэргэжилтнүүд нь онцолжээ. Чингэлгийн хомсдол, ажиллах хүчний дутагдал болон бусад бэрхшээлийн улмаас “Nike” компани дэлхий даяар түгээх пүүз болон бусад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтээ бууруулж эхэлжээ. “Adidas”, “Hasbro”, “Crocs” болон бусад жижиглэн худалдааны компаниудад мөн адил бэрхшээл үүсэж эхэлсэн байна.
Томоохон худалдан авалтаа хойшлуулахыг эдийн засагчид зөвлөж байна
“Bankrate” -ийн дэлхийн даяар явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 89 хувь нь үнийн өсөлт ямар нэгэн байдлаар амьдралд нь нөлөөлж эхэлсэн хэмээсэн гэсэн бол 66 хувийнх нь санхүүд хэдийнээ сөрөг нөлөө үзүүлчихсэн талаар ярьжээ. “Bankrate” -ийн ахлах шинжээч Тедд Россман "Хоол хүнс, орон сууц, хий гэх мэт өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байгаа тул инфляцын байдал улам бүр дордсоор байна. Хүмүүс өдөр тутмын худалдан авалтаасаа өөр зүйл худалдаж авах боломжгүй болсоор байна” гэжээ. “Edelman Financial Engines” -ийн санхүүгийн төлөвлөлтийн гүйцэтгэх захирал Клэй Эрнст "Шаардлагагүй бүх томоохон худалдан авалтаа хойшлуулах нь хамгийн ухаалаг арга юм. Цар тахлын үед дэлхий даяар гарсан хамгийн гайхалтай өөрчлөлтүүдийн нэг бол бидний олонх өөрөөр амьдарч сурсан явдал. Энэ нь гадуур хооллохгүй байх, гэрээсээ гадуур зугаа цэнгэлд бага мөнгө зарцуулах, машинаас татгалзах зэрэг билээ. Тиймээс өнөөгийн инфляцын өсөлттэй уялдуулан эдгээр зуршлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )