“Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр /2021.10.21/ албан ёсоор зарлана гэж Засгийн газраас мэдэгдсэн.
Өчигдөр /2021.10.20/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уг тендерийн бэлтгэл ажил хангагдсан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Тодотгоход, “Эрдэнэс-тавантолгой” ХК уг төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлнэ. Тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар саналыг уг тендерийн хүрээнд ирүүлэх юм. Өнөөдөр нээгдэж буй тендерийн хүрээнд, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлээд байна.
Тендерийг зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэсэн мэдээллийг засгаас өгч байгаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уг төслийн талаар “Говийн бүсийн хэрэглээг бүрэн хангах, түүн дотор энэ цаг үед импортоор эрчим хүч авч хэрэглээгээ хангаж байгаа том төслүүдийг эрчим хүчээр хангах, шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх боломжтой, хүчин чадалтай эх үүсвэр байна” гэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол төслийн эрчим хүчний хэрэглээг ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн дотор дотоодоос хангах ёстой. “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ын нэг үүрэг бол говийн бүс түүн дотроо Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Оюутолгой жилдээ 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүч БНХАУ-аас импортоор авч байгаа. Дор хаяж энэ хэмжээний орлогыг энэ станц олох боломжтой гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд энэ станцын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан. ТЭЗҮ-гээр бол 450 МВт-ын хүчин чадалтай станцын хөрөнгө оруулалтын зардалд 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байгаа. Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 124 дүгээр тогтоолоор энэ эх үүсвэрийг Засгийн газар өөрөө барьж байгуулна. Энэ төсөл арга хэмжээг төслийн санхүүжилтээр санхүүжүүлнэ. 30 хувийг нь өөрийн хөрөнгөөр босгоно. 70 хувийг нь Засгийн газрын баталгаатай зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
наад “Тавантолгойн ДЦС” -аа заавал барьдаг юм шүү. 5-р станц шиг хэдэн арван жил үлгэр яриад эцэцстээ сураггүй алга болчихов !!!!