ТӨСӨВ 2022: Б.Жавхлан сайдын ҮГ, ҮЙЛДЭЛ зөрөв

2021 оны 10 сарын 21

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барихынхаа өмнө “Шилжих төсвийн хөрөнгө оруулалтуудыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй. Олон жил үргэлжлэх тусам л эрсдэл гардаг. Төсөвт өртөг нь нэмэгддэг. Инфляц зэрэг бидний тооцоолоогүй олон эрсдэл гарч ирж байгаа учраас шилжих хөрөнгө оруулалтуудыг  бол бушуухан дуусгах хэрэгтэй. Концессын өрүүдийг бушуухан дуусгах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалтуудад  онцгой анхаарна. Тэвчиж болох олон төрлийн хөрөнгө оруулалтууд байна” хэмээн хэлж байсан.

Тэгвэл УИХ-аар хэлэлцэгдэж буй ирэх оны төсвийн төслийг харахад, төсвийн хөрөнгөөр барьж байгуулах барилга байшингуудыг он он дамнуулдаг жишиг хуучин болон шинэ хөрөнгө оруулалтын аль аль дээр давтагдсан хэвээрээ байна.

 

Тухайлбал, ирэх онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн жагсаалт дахь Соёлын сайдын зардлын багцад тусгасан шилжих болон шинэ хөрөнгө оруулалтуудыг харахад:

 

  • 2020 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт эхэлсэн Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг 2024 он буюу сонгуулийн жил дуусгахаар тооцжээ. Нийт төсөвт өртөг нь 94,460.1 сая төгрөгөөр хэмжигдэж буй уг барилгын ажилд ирэх оны төсөвт 25,000.0 сая төгрөг тусгасан.

 

  • 2021 онд Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музейн барилга барьж эхэлсэн. Тэгвэл 18,000.0 сая төгрөгийн нийт төсөвт өртөгтэй уг музейн барилгыг 2024 онд дуусгах бөгөөд ирэх оны төсөвт 3,000.0 сая төгрөгийн зардал тусгажээ.

 

Тэгвэл шинэ хөрөнгө оруулалтын зардлууд дунд 2024 онд барилгын ажил нь дуусах тооцоололтой барилга байгууламжууд ч байна. Тухайлбал:

 

  • Говь-Алтай аймгийн Халиун суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга барихаар тусгажээ. Уг Соёлын төвийн барилгын нийт төсөвт өртөг 2,292.1 сая төгрөг бөгөөд 2022 оны төсөвт 200 сая төгрөгийн зардлыг тусгасан байна. Соёлын төвийн барилгын ажлыг 2024 дуусгахаар тусгажээ.

 

  • Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 4,200.0 сая төгрөгийн нийт  өртөгтэй Номын сангийн барилга барихаар ирэх оны төсөвт тусгажээ. 2024 онд дуусах Номын сангийн барилгад ирэх оны төсөвт 1,226.0 сая төгрөгийн зардал тусгасан байна.

 

  • Архангай аймгийн  Эрдэнэбулган суманд Төв Монголын байгаль, түүх, соёлын цогцолборын барилга барихад зориулж ирэх оны төсөвт 750.0 сая төгрөг тусгасан байна. Уг барилгын нийт төсөвт өртөг 4,422.4 сая төгрөг бөгөөд 2024 онд барьж дуусах аж.

 

Соёлын сайдын  багцад тусгасан барилга байгууламж барих шинэ хөрөнгө оруулалтуудын зардал

Тэгэхээр эхэнд дурдсанчлан, хөрөнгө оруулалтын зардлыг он он дамнуулахаас татгалзана гэж байсан Сангийн сайдын үгс  бодит байдал дээр хэрэгжих эсэх нь зөвхөн нэг л яамны буюу Соёлын сайдын зардлын багц руу өнгийхөд ийнхүү эргэлзээ дагуулж байна.

Дашрамд тодотгоход, эдийн засагч Н.Энхбаяр төсвийн зардал оновчгүй байгаа талаар байр сууриа илэрхийлэхдээ, Соёлын төвийн барилгуудыг эш татаж байсан. Тэрбээр  “Эрчим хүч, усан хангамж, дэд бүтцийг эхлээд сайжруулах ёстой байтал баахан клуб бариад ямар хэрэгтэй юм. Эрэмбэ дарааллаа харах ёстой. Энэ бол эдийн засгийн биш улс төрийн шийдвэр. Тийм учраас  эргээд эдийн засгаа суурь, тогтолцоогоор нь  хохироож байна. Барьж байгаа арга нь ч буруу. Гаднын улс орнуудад  очоод үз. Опера хаус л тусдаа байгаа. Бусад бүх соёлын төвүүд хамтдаа. Америкт очиход дунд  сургуулийн байрны  хажуу зааланд нь манайхаар бол хорооны соёлын төв хамт байж байгаа. Нийтийн өмч гэдэг чинь ийм утгатай. Тэр сургуулийн зааланд зөвхөн сурагчид биш тухайн хорооны иргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, ном уншиж болно. Нийтийн өмчийг ингэж үр ашигтай ашиглаж байгаа юм. Одоогийн соёлын төвүүдийг нэг сургуулийн спорт заалны  хажууд залгаж бариад цахилгаан, дулааныг нь нэг дор шийдээд явбал арай үр ашигтай. Тус тусдаа шомбойсон юм бариад байгаа нь нөгөө л үрэлгэн бүтэц” гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.23.47) 2021 оны 10 сарын 21

Соёлын төв, номын сан, музуйгүй бол Монгол сөнчих гээд байна уу? Азийн 2 ч бар улс эхлээд бам болчихоод дараа нь эдгээрийг барьсан одоо хөгжөөд л байна.

1  |  0
Бат(202.9.46.67) 2021 оны 10 сарын 21

Орон гаран хүнээр төсвөө бариулах зөв үү НӨТ одоо зогсоомоор юм ярих шиг болсон одоо зогсоогүй одоо энэ

0  |  0
Top