П.Дашчарав: Морьт харвааг улс даяар хөгжүүлээд зогсохгүй дэлхийд гаргахыг хүсдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Эхээс гурвуулаа П.Дашчарав хоёр эмэгтэй дүү, хүргэнийхээ хамтаар морьт харваагаар хичээллэдэг. Гэр бүлээрээ морин циркчид, моринд, харваанд хайртай хүмүүс. П.Дашчаравтай морин спортын талаар болоод долоон настай эмэгтэй дүү П.Ангараг нь хэрхэн морь унаж, морьт харваагаар хичээллэх болсон тухай ярилцлаа.


-Сайн байна уу. Өөрийнхөө тухай болон харваач дүү нарынхаа тухай манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Пүрэвжавын Дашчарав гэдэг. Хэнтий аймгийн Батноров суманд төрж өссөн. Сумандаа есдүгээр ангиа төгсөөд Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг уул уурхайн хүнд механизм операторын жолоочоор төгсөөд, цэрэгт явсан. Цэргээс ирээд Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд киноны нүүр хувиргагчаар суралцсан. Ер нь багадаа юм юманд дөртэй, 16 нас хүрээд ажил хийж эхэлсэн. Яг ямар мэргэжилтэй болоод насны хоолоо олж идэх вэ гэж их боддог байлаа. Аав, ээж маань уул уурхайн мэргэжил эрэлттэй, хангалуун амьдарна гээд намайг тэр чиглэлээр сурахыг зөвлөсөн. Гэхдээ би мэргэжлээрээ ажилласангүй. Багаасаа урлагт их хайртай, цаанаасаа л жүжигчин болохыг хүсээд болдоггүй. Том болсон ч тэр хүсэл маань унтраагүй. Тийм болохоор цэргээс ирэнгүүтээ жүжигчин болохоор хатуу шийдээд Кино урлагийн дээд сургуульд элсэхээр очтол элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй учраас орж чадаагүй л дээ. Шалгалт өгч нэг жилийн хугацаа алдаад дэмий гэж бодоод шууд дэргэдэх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд нь нүүр хувиргагчаар сурсан юм. Мэргэжилдээ хайртай. Сургуулиа төгсөөд Хятад улсад морин циркийн жүжигчнээр мэргэжил дээшлүүллээ. Хятадад сурч байхдаа өвлийн амралтаараа таньдаг ахынхаа студид кино зураг авалтад туслах дүр, арын албанд ажиллаж тусалдаг. Өвлийн амралтаараа Фантастик продакшны “37-р точка” кинонд зураачийн туслах буюу талбайн зураачаар хоёр сар гаруй ажилласан. Ингээд л Монголдоо ирээд морьт харваагаар ч хичээллэж, өөрийн клубтэй болоод байна. Мөнгө олдог ажлаас илүү дуртай юмаа хийдэгтээ би баяртай явдаг. Би хоёр эмэгтэй дүүтэй. Надаас хоёр насаар дүү П.Лхагважав, долоон настай дүү П.Ангараг, Лхагважавын нөхөр Ж.Даваадорж гээд бид гэр бүлээрээ морьт харваагаар хичээллэдэг. Морин циркийг, морьт харвааг Монголд хөгжүүлэх хүсэлтэй.

Гэрэл зургийг: М.Зоригт

-П.Ангараг дүү нь балчир болохоор та хоёрын тухай голдуу ярилцъя. Та хоёр хэзээнээс нум сум харвасан бэ?

-Би нум сум харваад хоёр жил болж байна. Хятадад морин циркэд ажиллаж ирээд 2019 онд “Талын түмэн адуу”-ны баяраар Б.Болдбаатар гэж Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн ахтайгаа танилцаад холбоонд элссэн. П.Ангараг дүү маань өнгөрсөн зун нум сум харваж сурсан. Б.Болдбаатар ах наадмын контентэд бэлдэхдээ морь унадаг бага насны хүүхэд байвал аваад ирээрэй гэсэнд бид анх очсон. Контентын бэлтгэл хийхдээ дүү маань их дуртай байлаа, угаасаа ч морь унах дуртай хүүхэд. П.Ангарагийг анхандаа жаахан хүүхэд болохоор морьт харваагаар хичээллүүлье гэж санаанд ороогүй. Намайг дагаж бэлтгэл сургуулилалт дээр очиж харсаар байгаад өөрөө бүгдийг сурчихсан байсан. Сүүлд техникийн арга барилын зүйлүүдийг нэмж зааж өгсөн.

-Яагаад заавал морьт харвааг сонгож хичээллэв?

-Морьт харваа бол бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлыг харуулдаг, хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан, адуу малтай ойр байдаг. Моринд хайртай болохоор морьт харваа надад илүү ойр байсан. Орчин үед хүмүүс адууг эдлэх уламжлал, соёлоос улам бүр холдсоор байгаа учир адуутай холбоотой юу хийж болох вэ гэдгийг бодсоор яваад морьт харвааг сонгосон. Ер нь хүн адуу мал гэлтгүй тэжээвэр амьтантай харьцахаар бухимдалгүй болдог, нум сум харвах нь нэг төрлийн амар амгалан, бясалгал гэж хэлж болно.

Гэрэл зургийг: М.Зоригт

-Танай морьт харвааны клуб хэдэн гишүүнтэй, яаж үүсгэн байгуулагдсан бэ?

-Монголын үндэсний морьт харвааны холбоо нь морьт харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монголынхоо өв соёлыг хайрлан хамгаалах, дэлгэрүүлэх, морьт харвааг наадмын тав дахь төрөл болгож оруулах зорилготой. Энэ холбооны хөдөө орон нутгийн хамгийн анхны “Арулад” гэдэг клуб манайх. Чингис хааны үед бидний өвөг дээдэс арулад гэдэг овог аймгийн хүмүүс байсан. Тийм болохоор орон нутгийн анхны клубээ ингэж нэрлэсэн. Чингис хааны есөн өрлөг Наху баяны хүү Боорчи жанжны овог мөн арулад юм. Бид өв соёлоо сум, орон нутагт төдийгүй Монгол Улс даяар хөгжүүлэхийг хүсдэг. Морьт харвааг сонирхсон хэн ч гэсэн манай холбоонд элсэх боломжтой. Одоогоор 10 гаруй суралцагч, нэг багш дасгалжуулагчтай үйл ажиллагаа явуулдаг.

-Монгол өв соёлоо дээдлэх, хайрлан хамгаалах талаар ямар бодолтой явдаг вэ. Морьт харвааны клуб Монголд олон уу?

-Мэдээж өв соёлоо дээдэлж, хайрладаг. Гэхдээ хүмүүс өв соёл гэдгийг сайн ухаж бодож, өв соёлтой холбогдох клуб байгуулахдаа судлаарай. Монгол Улс Манжийн эрхшээлд удаан байхдаа зарим өв соёлоос алдагдсан, өөрчлөгдсөн нь ч байдаг. Энэ бүхнээ бид бас бодох ёстой. Сүүлийн үед залуучууд морьт харвааг их сонирхох болсон. Тиймээс Морьт харвааны клуб ч дэлгэрч байна. “Хан Монгол”, “Намнаа”, “Дэлт сум”, “Эвт сум” гээд клубууд байдаг.

-Нум сум харваж сурахад тухайн хүнээс ямар чадвар шаарддаг вэ. Харваж сурах амархан уу, хэцүү юу?

-Морьт харваа нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл. Хамгийн анх сурч байгаа юм бүхэн тийм амар байдаггүй. Тухайн хүний чармайлт, сурах чин хүслээс шалтгаална. Сурах хүсэлтэй бол гайгүй. Морьт харваанд эхлээд газраас харвах, морь унахыг заана, дараа нь морин дээрээсээ харваж сурдаг. Монгол хүний цусанд морин спорт, харваагаар хичээллэж чадах, амжилт үзүүлж чадах нэг тийм чадвар, цусанд нь юм байдаг. Морьт харвааг дөнгөж зааж эхлэнгүүт л хурдан сурдаг. Монгол хүний цусанд байдаг тэр нэг мэдрэмжийг сэрээж өгдөг нь морьт харваа.

Гэрэл зургийг: М.Зоригт

Мэдээж нум сумаа сайн хийлгэх, зөв сонгох нь чухал байх. Энэ тал дээр зөвлөгөө хэлнэ үү. Нум сум хэр үнэтэй байдаг вэ?

Нум сум эртнийх тусмаа сайн л даа. Бид урт гичиртэй 1.15-1.40 метрийн хооронд байдаг сумнуудыг нум урлаач Х.Бямбажаваар хийлгэдэг. Морьт харваа олон улсад танигдсан спорт. Олон улсад өрсөлддөг орон оронд тамирчинтай. Морьт харваанд бичигдээгүй нэг дүрэм байдаг нь өөрийн орны өв соёлоо тээсэн, өөрсдийнхөө загварын нум сумаар харваж, дээл хувцсаараа гоёж байвал тэр яг харваач мөн гэж үздэг. Өв соёлоо тээдэг учраас археологийн олдвор дээр суурилсан дээл, хувцас, нум, сум, хоромсого саадаг, эдлэл хэрэглэлийг хэрэглэдэг. Өнөөдөр нум сумыг янз бүрийн материалаар яаж л бол яаж хийдэг болсон. Хуучин цагийн технологийн дагуу хулсан эвэртэй болоод ирэхээр нум сум илүү үнэтэй бас үнэ цэнтэй гэгддэг.

Морин дээрээс нум сум харвах, харваад онох тэр мэдрэмж их гоё уу, ямар байдаг бол?

Морьт харвааныхаа дээлийг өмсөөд, нум саадгаа зүүгээд мориндоо мордоход баатар болсон мэт баяр бахдалтай болдог. Монгол хүн болсноороо бахархах омогшсон мэдрэмж авдаг. Харин морин дээрээс байгаа харваад онох мэдрэмж бол ялалтын мэдрэмж байдаг л даа.

Гэрэл зургийг: М.Зоригт

Аливаа дугуйланд суралцаж, аливаа чадварыг эзэмшсэн бол тухайн хүндээ заавал ямар нэг байдлаар хэрэг болдог шүү дээ. Нум сумаар харваж сурснаараа хүнд ямар чадварууд бий болдог вэ?

Нум, сум харваж сурах олон давуу талтай. Олон нийтийн сүлжээний хэрэглээг багасгах, тогтмол хөдөлгөөн хийснээр эрүүл мэндэд тустай. Морь давхиж байхад анзаарга сайтай байж жолоог нь чиглүүлэхээс эхлээд нум сумаа байлах зэргээр анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлнэ. Орчны мэдрэмж өндөр болдог. Хувь хүн, хүмүүжил талаасаа зөв хөгждөг. Нутаг орноо хайрлах сэтгэлтэй болдог. Үндсэндээ өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалдаг хойч үеийг л бэлтгэж байгаа юм шүү дээ.

Нээрээ түрүүнд хэлсэн шүү дээ. Морьт харвааны бэлтгэл дээр очиж харсаар байгаад нэг мэдэхэд дүү нь харваж сурсан байсан гэсэн. Долоохон настай дүүгээ өөрөө харваж сурсныг хараад их баярласан байх даа?

Тэгэлгүй яах вэ. Хоёрдугаар ангийн дүү П.Ангараг маань морьт харваагаар хичээллэхээс гадна дуулж, бүжиглэх, шүлэг унших дуртай. Юмыг амархан сурдаг, их адтай хүүхэд. Бүр зурагтаар үзсэн юмнуудаа дуурайлгаад хийдэг, хувцсаа янз бүр болгоод л өмсчихнө. Миний уншсанаар гадаадад тамирчдыг бэлтгэхдээ маш багаас нь тэр спортод дурлуулж, хажууд нь тэр спортыг сайн сайхнаар харуулж дасгадаг юм байна лээ. Багаасаа бусдын хийж байгаа зүйлээс, амьдарч буй орчноосоо хүүхэд суралцаж өсдөг. Хөдөөний хүүхэд адуу малд хайртай гэдэг нь ч өсөж төрсөн орчинтой нь холбоотой. Морьт харваа спортын хэмжээнд хөгжих тусам Ангараг шиг жаахан хүүхдүүд дурлаж хичээллээд цаашаа Монгол өв соёлоо авч явна даа гэсэн итгэл дүүрэн байна.

Гэрэл зургийг: М.Зоригт

Та хоёрын болон танай клубынхны зорилго юу вэ. Морьт харвааг Монголд яаж хөгжөөсэй гэж хүсдэг вэ?

Хятадад морин циркийн жүжигчнээр ажиллаж байхаасаа эхлээд Монголдоо морин циркийг хөгжүүлэхийг хүссэн. Адууны өлгий нутаг Монголд морин цирк хөгжих бүрэн боломжтой. Манай “Арулад” клуб, Монголын үндэсний морьт харвааны холбооны зорилго нэг. Морьт харвааг Монгол даяар хөгжүүлэхийг хүсдэг. Би Хэнтий аймгийнхаа бүх суманд клуб байгуулах сонирхолтой. Ялангуяа Хэнтий болон зүүн гурван аймагт морьт харвааны клуб байгуулах сонирхолтой бол надтай холбогдоорой.

Уншигч залуус, дүү нартаа хандаж морьт харваагаар хичээллэхийг уриалаач?

Морьт харваа гэдэг нэгдүгээрт, манай Монголын өв уламжлал. Залуучууд маань энэ сайхан өв уламжлалаа тээгч байгаасай. Ялангуяа хөдөө адуу малтай ойрхон байдаг хүмүүст илүү давуу талтай, боломжтой спорт бол морьт харваа. Хоёрдугаарт, бидний дэлхийд гарах бас нэг зам гэж ойлгож болно. Морьт харваа дэлхийд хөгжсөн. Тийм болохоор адуутай нутгийн төрөлхийн авьяастай монгол хүн морьт харваагаар олон улсад амжилт үзүүлэх бүрэн бололцоотой. Бүр 2-3 жил тасралтгүй хичээллээд дэлхийн тамирчин болж чадахаар харагддаг. Гадаадад бол хэдийн спорт хэлбэрээр хөгжсөн ч гэсэн адуугаа олох, таних, ойртож мэдэрч сурах гэсээр нэг, хоёр жил болно. Тэгээд морио унаж сурна. Дараа нь л харвах гэж үзнэ шүү дээ. Морьтон ард түмэн бидэнд морьт харваа хамгийн ойр, хамгийн сурах бололцоотой спорт гэж би боддог. Залуустаа хамтдаа морьт харвааг дэлгэрүүлж, хөгжүүлж, дэлхийд гарцгаая гэж уриалж байна.

Гэрэл зургийг: М.Зоригт

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amaraa(139.5.219.129) 2023 оны 11 сарын 08

Hicheegeed bgra

0  |  0
Tungaa(139.5.219.129) 2023 оны 11 сарын 08

Mundag yumaa

0  |  0
Sodoo(139.5.219.129) 2023 оны 11 сарын 08

Zorisondoo zaaval hureerei zaluu min

0  |  0
.(139.5.219.129) 2023 оны 11 сарын 08

Sain bn mundag zaluu

0  |  0
lol(64.119.25.131) 2021 оны 10 сарын 22

hugjuulne,monkies

0  |  0
zochin(66.181.187.9) 2021 оны 10 сарын 24

neg ch ikh ach kholbogdoltoy zuyl bish bayna

2  |  1
zochin(66.181.187.9) 2021 оны 10 сарын 22

neg ch ikh ach kholbogdoltoy zuyl bish bayna

1  |  1
Top