ТӨСӨВ 2022: Зарим төрийн өмчит компанийг ТАТАН БУУЛГАНА

2021 оны 10 сарын 22

Засгийн газар ирэх оны төсвийн орлогыг 16.4 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар төсөлд тусгасан. Цар тахлаас хамаарсан эрсдэл гадаад, дотоод аль аль талдаа байгаа энэ үед төсвийн орлого, зарлагыг  хэт өөдрөгөөр  төсөөллөө гэсэн шүүмжийг эдийн засагчид хэлж байгаа.

 

Харин Засгийн газар төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудаа:

 

  • Төрийн өмчийн компанийн шинэчлэл

 

  • Гадаад худалдааг хөнгөвчлөх

 

  • Татварын суурийг өргөжүүлэх гэж тодорхойлоод байна.

 

Тухайлбал, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан.

Өчигдөр /2021.10.21/ УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ногдол ашгийн талаар зарим гишүүн тодруулахад, Сангийн сайд Б.Жавхлан “Энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа учир төрийн өмчит компани нэг бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа, үүнд үндэслэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн ач холбогдолтой бол төрийн мэдэлд үлдэнэ, эдийн засаг, бизнесийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор биржээр гаргаж болох бол энэ хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Төрийн өмчит байх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд татан буулгана. Үүний зэрэгцээ төрийн өмчийн талаарх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн хариултыг өглөө.

 

Төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд:

 

  • Засаглалын шинэчлэл

 

  • Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл

 

  • Ногдол ашгийн бодлогын шинэчлэл хийнэ гэж Сангийн яамнаас өмнө нь мэдэгдэж байсан.

 

Тухайлбал, Ногдол ашиг тооцох зохицуулалтыг цэвэр ашгийн 50 хувь, эсхүл төрд ногдох эздийн өмчийн 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр тооцон шинэчилснээр төрийн өмчит компанийн зардлын сахилга батыг сайжруулж, төсөвт оруулах өгөөжийг нэмэгдүүлнэ гэж буй юм.

 

Сануулахад, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн сард  ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулга, мэдээллийг хийсэн.

2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн.

Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж буй компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн асуудал өнгөрсөн хавар засгийн хуралдаан дээр яригдаж байв.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  өгсөн мэдээллээр,  улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байсан юм.

Гэхдээ 2022 оны төсвийн төсөлд Төсвийн ерөнхийлөн захирагчдын  хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн жагсаалтаас харахад дээр дурдсан бүтцийн өөрчлөлт зэргийн талаар нарийвчлан тусгаагүй байна. Тухайлбал:

Ерөнхий сайдын эрх, үүргийн хүрээнд хамаарах “Төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх” чиглэлд дараах зүйлсийг тусгажээ.

Харин Сангийн сайдын эрх, үүргийн хүрээнд хамаарах “Төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх” чиглэлд:

  • Худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу хугацаанд нь зохион байгуулах

 

  • Иргэн, хуулийн этгээдэд цахим худалдан авах ажиллагааны талаар цахим болон танхимын сургалт явуулах

 

  • Захиалагч байгууллагад цахим худалдан авах ажиллагааны сургалт явуулах

 

  • Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт зэргийг тусгасан байна.

 

Төсвийн хөрөнгөөр ирэх онд санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, барилга байгууламжийн жагсаалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт  “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл мэдээллийн систем, тоног төхөөрөмж”-ийн зардалд 1.2 тэрбум төгрөгийн зардал тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top