-Инфляц өдрөөр өсөж, иргэдийн орлого үнс болоход ойрхон байна-
Саяхнаас Монголын эдийн засагт үүр хаяарч байгаа гэдэг хэллэг гэнэтхэн л ороод ирлээ. Улс төрөөс импортлогдсон энэ үгийн утгыг эдийн засгийн хямрал төгсгөл болж байна гэж ойлговол зохилтой. Өгүүлбэр зүйн хувьд түнэр харанхуй дуусаж, Монголын эдийн засагт нар мандан гэрэлт өглөө ирж буйг хэлэх гэсэн байх.
Гэвч энэ бол хэт өрөөсгөл дүгнэлт гэдгийг Монголын эдийн засгийн бодит үзүүлэлтүүд илтгэх болсон. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр өөрийн хүү Л.Тэмүүжинг Хөгжлийн банкны газрын захирал болсныг тайлагнаж суухтай зэрэгцэн иргэдийн гол хэрэглээний үнийн өсөлт 9.6 хувийг давж, төв банкны төсөөллийг хэдийн давсан байх жишээтэй. Уг нь Монголбанк энэ оны инфляцын түвшинг зургаан хувиас давуулан найм руу алдана гэж төсөөлж байлаа. Төв банк ийнхүү төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоосоо хазайгаад байна. Өнөөдөр инфляц бараг 10 хувьд хүрч, иргэдийн гар дээр ирж буй 10 төгрөг тутмын нэг нь үнс болж хувирав. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, хэрэглээний үнэ өсөхөд хүнсний бараа, ундаа, ус бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Энэ нь КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр бараа бүтээгдэхүүний хомсдолоос үүдсэн хэрэглээний үнэ сүүлийн саруудад улам эрчимжих болныг илтгэж байна. Зөвхөн өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүн 12.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 18.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.3 хувь, тээвэр 16.3 хувиар өссөн. Төв банкнаас эдгээрийг нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын өсөлт хэмээн тайлбарлаж буй. Улмаар нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын эсрэг Монголбанк ямар ч арга хэмжээ авах боломжгүй, Засгийн газар ажлаа хийх ёстой гэдгийг битүүхэн хэлэх болсон. Товчхондоо, Монголбанк үнийн өсөлтийн эсрэг гар мухардсан гэсэн үг. Засгийн газрын хувьд ч хил гааль, тээврийн хүндрэлийг бие даан шийдвэрлэх боломжгүй гэдгээ хэлсээр ирсэн. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц 9.6 хувьд хүрсний 46.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Гэтэл нөгөө талд иргэдийн гар дээрээ ирж буй бодит цалин өсөх битгий хэл ажлын байр хомсодсон, үнийн өсөлт орлогын өсөлтөөс давчихсан үе тохиож байгаа. Цар тахлын нөлөөллөөр ажлын байр буурсан болохыг бизнесийн регистрийн сан өгүүлж байна. Ийм нөхцөлд үүр хаяарах талаар ярих нь эртдэх биз. Ялангуяа, гар мухардсан Монголбанкны хувьд үүр хаяарах хаа ч байсан юм.
Төр, засаг хямралын үед хамгийн түрүүнд иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх бодлого баримтлах ёстой. Хэрэв хямралын үеийг тодорхой хэмжээний золиосоор даван гаргах ёстой бол тэр нь иргэдээ ядуурал руу түлхэх алхам байх ёсгүй. Харин үнийн өсөлт нийгмийн дундаж болон ядуу давхаргад хамгийн хүчтэй нөлөөлдөг. Энэ үйл явц даамжирвал, Засгийн газар хэчнээн их халамжийн бодлого явуулаад ч нэмэргүй. Өнөөгийнх шиг хурдацтай өсөж буй халамжийг инфляц богино хугацаанд залгиж орхидог. Монголбанк мөнгөний ханшийг тогтворжуулж чадахгүй бол Засгийн газар хэдэн арван халамжийн хөтөлбөр хэрэгжүүлээд ч нэмэргүй. Засгийн газраас он дамжин хэрэгжүүлж буй олон их наядын хөтөлбөр ёроолгүй саванд ус хийхтэй адил үр дүнгүй болж хувирна. Эдийн засгийг сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр ч энэ жишгээр үр дүнгүй болж хувирах аюултай. Хоёр жил дамнасан эдийн засгийн хямралын үед түр гал унтраасан энэ хөтөлбөр ирэх 2022 онд жинхэнэ үр дүнгээ өгөх учиртай. Монголбанк ийм эмзэг үед Загийн газрын эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний нэг хэсэг болох замаар мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалт, үр нөлөө тодорхойгүй явж ирэв.
Тэгвэл Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд үнийн өсөлтийг мөн л зургаан хувьд барих зорилт тусгаад байгаа. Бүр тодруулбал, төв банк инфляцыг 2022-2024 онд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах аж. Улмаар инфляцын өнөөгийн өсөлтийг түр зуурынх гэж тодорхойлсон бөгөөд 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжих төлөв гаргажээ. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, тээврийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар инфляцын төлөв нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Мөн Монголбанкаас нийтэлдэг Инфляцын III улирлын төлөв байдлын тайланд өгүүлснээр, инфляц 2022 онд 5.2-8.6 хувь байх бол 2023 оноос 4.4-7.1 болж тогтворжих гэнэ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн үүрэг хүлээдэг Монголбанкны хувьд ирэх 2022 оны сүүлээс үүр хаяарч эхлэх нь. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хөгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохоон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа. Инфляцын хувьд төв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мөнгөний зөөлөн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хөшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зөвшөөрөх ч дунд хугацаанд 6+/-2 хувь интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мөнгөний бодлогын хариу үйлдлийг эдийн засгийн идэвхжилээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа” гэсэн. Ямартай ч төв банкны инфляцын талаарх төсөөлөл өөдрөг байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнгөрсөн онд ч үүний адил өөдрөг төсөөлөл танилцуулж байсныг эргэн санахад гэмгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
shono uzlere osgogchor rekt zagnala gert min mongo nehel reketled untulahgui yumaa. bank uhaj baiahd haraal inegel suudag daa.