Жингийн илүүдэл төрөхийн хүндрэлийн шалтгаан болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

Орчлонд дуугаа хадаан мэндэлж буй нялх үрийн уйлах дуун “Өргөө” амаржих газрын хонгилоос цангинана. Аав гэдэг алдрыг оноож алдрай үр нь мэндэлсэн гэдгийг догдлон сонсох аавууд хүлээлгийн өрөөнд сандал дээрээсээ өндөлзөн, нааш цааш холхин алхана. Тус эмнэлгийн хүлээн авах тасгийн танхимаар өнөө маргаашгүй төрөх дөхсөн эмэгтэйчүүд хань ижлээ дагуулан иржээ.

Эхнэрийнхээ хувцсыг тэврээд хүлээн суух эрчүүд ямар нэг зовнил дэнслээр утсаа оролдон суух аж. Утас нь дуугарч ойр дотнын нэгэндээ “Эхнэр ирэх долоо хоногийн нэг дэхид хагалгаагаар төрөх заалттай болсон” гэх нь сонсогдоно. Амьдрал давчуу санагдаад байвал төрөх эмнэлгийн үүдэнд хэсэгхэн суухад амьдрал ямархан баялаг уужим болохыг танд мэдрүүлнэ. Айдас, догдлол, баяр хөөр, учрал, хагацалтай өнгө өнгийн амьдрал энд л үргэлжилнэ.

НИЙТ ТӨРӨЛТИЙН 30-40 ХУВЬ НЬ КЕСАР ХАГАЛГААГААР ТӨРДӨГ

“Өргөө” амаржих газарт жилд 15 мянган эх амарждаг бөгөөд үүний 30-40 хувь нь кесар хагалгаагаар төрдөг байна. Хүлээн авах өрөөний үүдэнд дэнслэн суух шинэхэн аав, өвөө, эмээ нар шинэхэн өлгий даавуу зэхжээ. Хажуу талын нярайн тасагт өлгий даавууны иж бүрдэл 50-100 мянган төгрөг гэж байв. Үүнд, өлгий, даавуу, цамц, өмд, боди, бүс, хулдаас, баривч, оймс, живх, малгай багтана. Харин ойролцоох нярайн хувцасны дэлгүүрт дээрх иж бүрдлээс гадна эсгий үнэг, явуу, хонх, бойтог нийлээд 170-200 мянган төгрөг гэж байлаа. Дулаан өнгөтэй, зөөлөн материалтай өлгийнд тун удахгүй нялх хонгор үрсийн салахын аргагүй танхи, эхийн ариун сүүний энхэр үнэр шингэнэ дээ гэж бодохоор сэтгэл нялхарна. Халуун шөлөө ээлжний сувилагчид өгөөд эргэсэн залуухан  аав утсаар эхнэрийн заавраар авах юмныхаа жасаалтыг бичсээр гарч одов.

Тэдэнд хүүхдийн хувцас, угж, соосог, тэрэг, хувцас гээд авах зүйл мундахгүй их ээ. Хэрэв аав нь эцгийн 10 хоногийн амралтаа эдэлсэн бол тэр их ажлыг энэ цөөхөн хоногт амжуулах үүрэгтэй. Ковидыг мартуулсан гэгээн энергитэй хүлээлгийн өрөөний үйлчилгээний ажилтан  цэвэрлэгээ хийхэд л амны хаалттай байгаагаа гэнэт санав. Тус амаржих газар нь хүлээн авах, төрөхийн өмнөх өрөө, төрөх өрөө, төрсний дараах, жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, мэс засал болон эрчимт эмчилгээний тасагтай. Сүүлийн үед кесар хагалгаа нэмэгдсэний улмаас мэс заслын тасаг ачаалалтай байгаа аж. Мөн жирэмсний эмгэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Учир нь жирэмсэн эхчүүдийн дунд ихэнх хувь нь жингийн илүүдэлтэй байна. Таргалалт, жингийн илүүдэл нь ковидын үеийн хөл хориотойноос ч шалтгаалсан гэхэд хилсдэхгүй.

Жингийн илүүдэлтэй эхчүүдэд хавагнах, даралт ихсэх, төрөх үеийн хүндрэл гарах, төрөлтийн хүндрэлээс үүдэн цус алдах, судасны өөрчлөлт орж ихсийн цусан хангамж алдагдаснаас архаг бүтэлттэй төрөх, нярайн шарлалт гүнзгийрэх гээд олон сөрөг үр дагаврыг дагуулдаг байна. Мөн жирэмсэн үедээ хэт таргалах нь жирэмсний чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс жирэмсэн үедээ хэвийн жингээ барих нь чухал гэдгийг эмч онцлов.

Тус эмнэлгийн их эмч Т.Ариунцэцэг “Эхчүүдийн ихэнх нь жирэмсэн үедээ шинжилгээ хийлгэж өвчин хуучтайгаа мэддэг. Зүй нь бол жирэмслэхээсээ өмнө нарийн шинжилгээ хийж, биеэ эрүүлжүүлэх ёстой. Эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, бэлгийн замын өвчлөл маш их байдаг. Энэ нь эрчүүдтэй шууд холбоотой. Гэр бүлийн хосууд итгэлцэл, хүндлэл дээр эрүүл зөв харилцаатай оршино. Ирээдүйд төрөх үр хүүхдээ эрүүл байлгая гэвэл өөрсдөө зөв дадал, хэмнэлтэй байх хэрэгтэй” гэлээ.

НЯРАЙН ГҮНЗГИЙ ШАРЛАЛТ НЬ ЭНДЭГДЭЛД ХҮРЭХЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

“Өргөө” амаржих газрын Захиргааны хэсэгт нярайлсан эх, үрсээ гэрт нь үдэж мордуулдаг. Энэ хэсгийн гадаа өнгө өнгийн шаар зүүсэн машинууд эгнэж, өнгө өнгийн цэцэг тэвэрсэн эрчүүд гүйлдэнэ. Ариутгаж, цэвэрлэсэн эмнэлгийн цонх, шал гялалзах агаад хаалган дээрээ гаднын хүн дотогш нэвтрэхийг хоригложээ. Үүдний жижүүр орсон гарсан бүхнийг бүртгэх аж. Дөнгөж мэндэлсэн үрээ тэврэхээр хүлээж буй аав, дүүгээ сонжихоор догдлон буй ах, эгч, ачаа үнэрлэхээр яаран буй өвөө, эмээ нар хүлээлгийн сандал дээр сууна. Зэхсэн өлгийндөө бөмбийсөн үрс аавынхаа гар дээр ирлээ. Харц нь нялхарсан аавууд өлгийтэй үрээ эв хавгүйхэн тэврэн зогсоно. Толгойгоо алчуураар ороож, зузаан хувцсаар бэгнэж, царай нь шингэрсэн ээжүүд гоёхон цэцгээ тэврээд ганган гоёлтой машиндаа сууцгаана. Баяр хөөр, учралын  сайхан нь энэ ээ. Энхрий бяцхан үрс гэр гэртээ зочлон очсон цагаас хойш айл бүрд аз жаргал халгиж, дуу шуу нэмэгдэнэ гэж бодохоор хайр асгаад ирэх. Үүний нөгөө талд гар хоосон, сэтгэл энэлэнтэй, нүд нулимстай буцаж буй залуу хос ч бий гэдгийг мартаж болохгүй.

Нярайн эндэгдлийн багагүй хувийг нярайн гүнзгий шарлалт эзэлдэг байна. Тус эмнэлгийн их эмч Т.Ариунцэцэг “Нярайн хэвийн шарлалт гэж байдаг боловч шарлалт нь гүнзгийрээд ирэхийг эмгэг гэж үздэг. Нярайн гүн шарлалт нь удамшлын гаралтай цусны өвчин, цусны улаан эсийн хамааралтай эмгэг өөрчлөлт, эхийн цус нь нярайн цусны резустай тохирохгүй байх, элэгний өөрчлөлт зэрэг олон шалтгаантай. Мөн элэгний шалтгаант шарлалт нь элэгний паренхим вирус, бактери, эгэл биетэн, бусад хорт зүйлсээр гэмтсэн үед илэрдэг. В, С гепатит цитомегаловирусний халдвар үжилийн үед цусанд билирубин хуримтлагдаж арьс салст шар ногоон болж элэг дэлүү хэмжээгээрээ томордог.

Ийм учир хүүхэд төрүүлж эх болох гэж байгаа ирээдүйн ээж маань жирэмслэлтэндээ өөрийгөө бэлдэж халдварт өвчин эмгэгээ сайн оношлуулан эмчлүүлж эхээс урагт дамжих халдварын эрсдэлийг сайн мэдэж үүнээс хамгаалж байх шаардлагатай юм” гэлээ. Иймээс эхчүүдийн суурь өвчлөл, нярайн гүн шарлалт, архаг бүтэлт зэргээс шалтгаалж нярайн эндэгдлийн тоо нэмэгдэж байна. Үхэх, төрөх хоёр адилхан гэдэг дээ, амьдрал дандаа дардангүй. Дөнгөж төрсөн үрээ алдаж хагацлын зовлонд энэлж буй эцэг, эхчүүд ч тэдний дунд бий. Тиймээс л айдас, догдлол, баяр хөөр, учрал, хагацалтай өнгө өнгийн амьдрал энд л үргэлжилнэ гэсэн билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top