Б.Эрдэнэчимэг: Талийгаач дүүгийн минь шархны үүслийг тодорхойлохгүйгээр хэргийг хаасанд гомдолтой байна

2021 оны 11 сарын 02

Одоогоос нэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт 18 настай охин найзынхаа төрсөн өдөрт очоод учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан юм. Уг хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн эгч Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд хэргийн байцаагч болон хохирогчийн биеийг шинжилсэн шинжээчдийг хэргийг дахин шалгаж, үнэнийг тогтоож өгөхийг манай сонингоор дамжуулан хүссэн юм.


-Хэрэг явдлын тухай ярьж өгөхгүй юү?

-Дүүг маань Энхжин гэдэг. Багын найз Энэрэл гэх охины төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд найзууд нь дуудсан юм билээ. Дүү маань сургуулийнхаа гала тоглолтод оролцох гээд завгүй явж байсан ч багийн найзууд нь шалсаар байсан тул ээжээс зөвшөөрөл аваад очсон. Тоглолтын бэлтгэлээ хийж дуусаад орой 22.40 минутад Шинэ-Амгалан хотхонд байрлах найзындаа очсон юм билээ. Маргааш нь буюу аравдугаар сарын 22-ны өдөр чухал ажилтай байсан болохоор хоцорчих вий хэмээн санаа зовсондоо ээж маань өглөөний найман цагаас хойш залгасан. Утсаа аваагүй. Би ч бас залгасан. 13.00 цаг хүртэл дүүгээс маань ямар ч хариу байгаагүй. Гэтэл 13.00 цагт цагдаагийн газраас “Баянзүрх дүүргийн III хэлтэст ирээрэй” гэлээ. Ээж, дүү хоёр яваад очтол байцаагч нь “Охин чинь нас баржээ” хэмээн хэлэнгүүт ээж шууд л ухаан алдаж унасан байгаа юм. Дүүгийн утас руу залгахаар авахгүй байсан тул санаа зовсондоо өдөржин залгасан юм. Гэтэл 16.00 цагийн үед дүү маань утсаа авлаа. Гэтэл дүү маань бус цагдаа байсан. Надад дүүг маань эндсэнийг тэр үед л хэлсэн.

-Хамт байсан найзууд нь нас барсан гэдгийг хэрхэн мэдсэн бэ?

-Д.Биндэръяа гэх найзынх нь гэрт хонохоор болсон юм билээ. Б.Энэрэл, Д.Биндэръяа хоёр хамтдаа түрүүлж очсон гэсэн. Харин 23.45 минутын үед Г.Ганчулуун, Т.Лхам хоёр нь халамцуу ирсэн байдаг. Тэгэх үедээ 0.5 болон 0.75 литр хэмжээтэй шилтэй архи, Нийслэл нэртэй хоёр литрийн пиво гурвыг авч очсоныг хуваан уусан байгаа юм. Тэгээд өглөө нь дүүг маань сэрээх гэтэл сэрээгүй учраас амьсгал, зүрхний цохилтыг нь шалгаад, зүрх зогссонг мэдсэн даруйд Б.Энэрэлийнхээ утсаар түргэн тусламж дуудсан гэсэн. Түргэн тусламж 09.00 цагт очиж, нас барсан гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн байгаа юм. Цагдаа нар 09.30-10.00 цагийн хооронд хэргийн газарт очсон.

Гэрч дунд Д.Биндэръяагийн доод айлын О.Гүндэгмаа гэх эмэгтэй бас бий. Оройн 00.15 минутад цагдаагийн эргүүлд дээд давхрын айл шуугилдаад байна хэмээн дуудлага өгсөн юм билээ. Эргүүлийн цагдааг ирэх үеэр Д.Биндэръяа гэх охин дүүгийн минь хүзүүг зүүн гараараа тэврээд, баруун гараараа амыг дарсан талаар нэг найз нь хэлсэн. Дараа нь шалтгааныг нь асуутал “Орилоод байсан болохоор цагдаа ирэх үеэр амыг дарсан” хэмээн мэдүүлсэн байгаа юм. Эргүүлийн цагдаа 00.30 минутад очсон юм билээ. Т.Лхам гэх найзынх нь хэлснээр Д.Биндэръяагийн үйлдлээс хойш Энхжин нэг ч хөдөлгөөн хийгээгүй гэж хэлсэн. Бас дүүгийн минь нас барсан цаг нь 01-03 цагийн хооронд хэмээн Шүүх эмнэлгийн үндэсний төвөөс дүгнэсэн байгаа.

-Цагдаа нар хэргийн газарт 09.00-10.00 цагийн хооронд очсон хэрнээ ар гэрт нь 13.00 цагт мэдэгдсэн хэрэг үү?

-Тийм ээ. Энхжинг яагаад утсаа авахгүй байгааг гайхан, өдөржин ар гэр нь залгасан шүү дээ. Цагдаагийн мөрдөгчид хэргийн газарт очоод дүүгийн маань үнэмлэхийг харан ар гэрийнхэнтэй нь холбогдох боломжтой байсан. Гэтэл тэгээгүй. Бүр найзуудаас нь манай гэрийн хаягийг асуутал мэдэхгүй гэж хариулсан гэх тайлбарыг өгсөн л дөө. Дүүгийн минь ажил явдлын үеэр хоёр найз нь ирсэн. Тэд харин хэргийн газарт очсон цагдаа манай хаягийг эсвэл Энхжингийн ар гэрийнхэнтэй хэрхэн холбогдох талаар ямар ч асуултыг асуугаагүй гэсэн. Гэсэн ч иргэний үнэмлэхээ аваад явж байгаа хүний бүртгэлийг шалгах тийм хэцүү зүйл үү. Бас болоогүй ээ. Утас нь асаалттай байхад ар гэрийнх нь залгасан дуудлагыг аван хариулаа ч үгүй. Утас нь мөрдөгчид байсан юм билээ. Яаж тийм хүн чанаргүй байдаг байна. Намайг 16.00 цагт хэлтэс дээр очиход хэдийнэ задлан шинжилгээнд оруулаад дууссан байлаа л даа. Задлан шинжилгээнд орох хүртэлх бүхий л явдлын турш хохирогчийн ар гэрийнхэнд мэдээллээгүйд их гомдсон.

-Шүүхийн шинжилгээний үн­дэс­ний хүрээлэнгээс нас бар­сан шалтгааныг хэрхэн дүгнэсэн бэ?

-Дүгнэлт гаргасан шинжээч эмч нь талийгаачийг спиртийн цочмог хордлогод орж нас барсан хэмээн дүгнэлт гаргасан. Талийгаачийн цусанд 4.4, шээсэнд 3.6, ходоодны шингэнд 6.9, нүдний шингэнд 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн юм билээ. Гэтэл дунджаар 80 килограмм жинтэй эрэгтэй хүн 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архийг ганцаараа уухад цуснаас нь 2.5 промилли спирт гардаг. Гэтэл талийгаачийн цуснаас 4.4 промилли спирт гарсан байгаа юм. Энэ нь ганцаараа 2-3 шил архийг ууснаар илрэх боломжтой хэмжээ гэсэн үг.

-Хэргийн газраас архины шил олсон талаарх мэдээлэл бий юү?

-Хэргийн газраас нэлээн зайтай хогийн савнаас хоёр архины шил олсон гэж хэргийг хариуцсан байцаагч нь хэлсэн. Тэр өдөр дүүгээс маань гадна гурван эмэгтэй, нэг эрэгтэй найз нь байсан юм. Гэтэл тэр хоёр шил архийг дүү маань ганцаараа уусан гэхээр үнэмшилгүй байгаа биз дээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хамгийн гол тогтоох ёстой нөхцөл байдал бол энэ таван хүний хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээ болон талийгаачийн спиртийн хордлогод орсон гэх хэмжээг харьцуулан дүгнэж ийм үр дүн гарах бололцоотой эсэхийг эцэслэн шалгаж чадаагүй хэмээн үзэж байгаа юм.

-Тэгэхээр хэргийн газар хамт байсан хүмүүсээс цусны шинжилгээ аваагүй хэрэг үү?

-Яг тийм. Хамгийн гол нотлох баримтуудын нэг шүү дээ. Талийгаачийн биеийг задлан шинжилгээнд оруулах үедээ л хамт байсан хүмүүсээс цусны шинжилгээ авах ёстой байсан юм. Гэтэл тухайн өдөр цусны шинжилгээг нь аваагүй хэрнээ 13 хоногийн дараа авсан. Улмаар хэргийн материалд хавсаргаж оруулсан. Мэдээжийн хэрэг 13 хоногийн дараа хэрэглэсэн спиртийн хэмжээ гарч ирэх үү. Үгүй шүү дээ.

-Талийгаачийн биед гадны нөлөөтэй байж болохуйц шарх задлангийн үеэр илрээгүй юү. Зад­лангийн дүгнэлтэд энэ та­лаар дэлгэрэнгүй бичдэг шүү дээ?

-Зүүн нүдний гадна булан, зүүн эрүүний нумны дунд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт дотор болон ар талд цус хуралттай байсан. Мөн баруун тохойд зулгаралтай, духны зүүн үстэй хэсэгт бага зэрэг хавдсан, голдоо зулгаралттай, баруун бугуйн төвгөрт зулгаралттай, баруун шууны дотор дээд хэсэгт цус хуралттай байсан юм. Тохойн үений дотор талд, зүүн бугалганы өмнө, дунд хэсэгт ч цус хуралттай гэсэн гадна үзлэгийн дүгнэлт бий. Дотор эрхтэний шинжилгээ ч мөн хийсэн.

Шинжилгээгээр толгойн духны зүүн хуйхны дотор гадаргуу, зулайн оройн хуйхны дотор гадаргууд цус хуралттай байна гэж дүгнэсэн юм. Мөн хүзүүг “Ү” зүслэгээр нээж шалгадаг. Зүссэний дараах шинжээчийн дүгнэлтэд ховч ясны зүүн эвэр их биетэй үелэх хэмт хэсгээр гадна талдаа ангайсан, бага зэрэг хөдөлгөөнтэй, баруун гүрээ­ний артерийн судасны бүсэд, тунгалгийн булчирхайн зөөлөн эдэд цус хуралттай гэж тэмдэглэсэн байв. Төвөнхийн мөгөөрсний баруун эврийн зөөлөн эдэд болон ховч биений баруун их биеийн зөөлөн эдэд цус хуралттай байсан. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн бодис илрээгүй. Газ тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүйг Химийн шинжээч Б.Цогбаяр тэмдэглэсэн байлаа. Шүүх эд эсийн шинжилгээний бэлдмэлийг бас хийсэн. Аалзан бүрхүүлийн венийн судас цус дүүрэлттэй, эдэд эс болон судас тойрсон хаван үүссэн, венийн судас тэлсэн, цус дүүрэлттэй, бамбай булчирхайн венийн судас дүүрэлттэй, цулцангийн хөндийд тархмал хавантай, бронхийн хучуур эд хөндийдөө хурсан, бичил цусны эргэлтийн хавантай байсан. Мөн тунгалгийн булчирхай орчмын эдэд голомтлог цус харвалттай байсныг дүгнэлтэд бичсэн байгаа.

-Ховч яс нь хэлний доор, төвөнхийн дээр байрладаг жижиг яс. Хоолой боох эсвэл дүүжлэх үед гэмтдэг. Мөн хүнд доргилт, гавал тархины гэмт­лээс гадна ясан дээр бэхлэгддэг мэдрэл булчингийн эмгэг зэргээс болж гэмтэл тохиолдлууд ч байдаг талаар уншиж байсан юм. Тэгэхээр ховч яс бага зэргийн хөдөлгөөнтэй байна гэдэг нь гадны нөлөө орсон гэх хардлагыг төрүүлэх юм биш үү?

-Тийм ээ. Бид ч бас хоолойны хэсэгт тэр яс бага зэргийн хөдөлгөөнтэй байгаа талаар уншаад хардсан л даа. Гол нь ховч ясны бага зэргийн хөдөлгөөнтэй гэх үгэндээ шинжилгээний явцад эрхтэнийг гаргахад үүссэн байх боломжтой хэмээн шинжээч эмч нь тайлбар бичсэн байгаа юм. Би тэтгэвэртээ гарсан болон шинжээч эмчээр ажилладаг бусад хүмүүсээс ховч ясны талаар лавлаж үзсэн. Гэтэл 18 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай эмчийн хувьд ийм алдаа гаргах боломжгүй гэх хариултыг өгсөн л дөө.

-Шинжээч эмчээр нь ямар хүн ажилласан бэ?

-Шүүхийн шинжилгээний үндэс­ний хүрээлэнгийн Шүүх эмнэл­гийн шинжилгээний газрын ахлах шинжээч, тэргүүлэх зэргийн эмч, цагдаагийн ахмад Т.Амартүвшин гэж хүн дүгнэлт гаргасан.

-Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтэд үндэслэж биен дээрх шархыг юунаас болж үүсэнг хэргийн байцаагч тогтоосон уу?

-Огтхон ч тоогоогүй. Хүний амь насаа алдсан хэргийг мөрдөж, хариуцан ажиллаж байгаа хэрнээ тэрийг огт шалгаагүй. Шалгах ёстой хүмүүс чинь тэд шүү дээ. Үхэлд хүргэхээргүй шарх байж болно л доо. Задлангийн дүгнэлт нь үхэлд хүргэхгүй гэж гарсан. Гэсэн ч хавтаст хэрэг дээр нь тэдгээр шарх бүрийг юунаас үүдэж гарсанг цагдаа нар тогтоогоод бичих ёстой. Нэг ч удаа судалж, хайж үзээгүй.

-Хэргийн газарт байсан гэрчүүдээс цусны шинжилгээ аваагүй, хохирогчийн биенд үүссэн шарх сорвийг юунаас үүдэлтэйг тогтоогоогүйгээс гадна өөр ямар чухал баримтыг байцаагч нь судлахгүй орхигдуулсан бэ?

-Хэргийн газрын ойролцоох хогийн савнаас олсон гэх архины хоёр шил. Хэргийн газрыг нэгжээд юу ч олоогүй гэсэн. Уусан хоёр архины шилийг хогийн савнаас оллоо гээд ухаад гаргаж ирэн хэргийн материалд хавсаргасан байгаа юм. Тэр архины шилнүүд тэднийх мөн гэдгийг хэн нотолж байгаа вэ гэвэл хэргийн газарт байсан дөрвөн найз нь нотолж байгаа юм. Шилнээс хурууны хээ авах эсвэл тэдний уусан архины шил мөн гэдгийг нотлох өөр зүйл байхгүй. Мөн талийгаачийн маань дөрвөн найзыг сэжигтэн биш гэрчээр байцаасан. Ямар үндэслэлээр гэрчээр байцааж байгааг лавлахад тэд хохирогчийн биенд хүрээгүй гэж цагдаад мэдүүлсэн тул сэжигтэн биш гэрч болон хувирсан юм. Найзууд нь хохирогчийн биед хүрээгүйг хэн нотлох юм гэхээр байцаагч “Гэрчүүд ингэж мэдээлсэн” гэх үгийг л хэлдэг. Ерөөсөө л дөрвөн найзынх нь мэдүүлгээр л хэргийг мөрдсөөр байгаад хэргийг хаачихсан.

Мөн дүүгийн маань утасны нууц код солигдсон байсан юм. Их сургуулийн ангийнх нь найзууд бүгд утасных нь нууц кодыг мэддэг. Бүр ангийнх нь нэг охин ажил явдлын үеэр “Энхжингийн утасны нууц код 0709 хэвээрээ байсан даа. Яагаад сольсон юм бол доо, ямар сонин юм бэ. Огт сольдоггүй дээ” хэмээн хэлж байсан. Гэтэл охины минь инстаграм хаягт энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 19.00 цагт нас барсан өдрийн дүрс бичлэг байршуулсан байсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн гар утсанд нууц үг нь мэдэгдэхгүй гэх шалтгаанаар үзлэг хийгээгүй. Гэтэл хэн ч үүнийг шалгахгүй байна. Мөн эд зүйл хүлээлгэн өгөх тэмдэглэлд хар өнгийн хөхөвч гэж тэмдэглэсэн байсан. Хөхөвчийг хэн тайлсан бэ гэдгийг мөрдөн байцаагч шалгаагүй. Бүр найзуудынх нь хэнээс ч асуугаагүй. Хувцастай холбоотой ганц асуусан асуулт нь талийгаач тухайн айлд очоод хувцсаа  тайлсан уу хэмээх асуулт байсан. Талийгаачийн найзуудын нэг нь гадуур хувцас болон гутлаа тайлсан хэмээн хэлсэн байгаа юм. Миний дүү дотуур хувцсаа хамаагүй тайлаад явдаггүй. Гэтэл хэргийн газарт хар өнгийн хөхөвч тайларсан байсан. Яагаад эдгээр нөхцөл байдлыг шалгаж өгөхгүй байгааг гайхаад байна.

-Талийгаачийн цахим хаягт дүрс бичлэг байршуулсан бол цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно шүү дээ. Ийм шалтгаанаар хэр­гийг дахин нээлгэх боломжтой юм биш үү.

-Тийм ээ. Олон ч хүн бидэнд тэгж хэлсэн. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг учраас хэрэг үүсгээд явах боломжтой гэсэн л дээ. Инстаграм хаягийг нь хэн ашигласныг одоо­хондоо мэдээгүй л байна. Найзууд нь манай гэр бүлийнхэн рүү их уурласан. Энхжингийн цахим хаягт дүрст бичлэг байршуулсанд дургүйцсэн л дээ. Гэтэл бид тэдний ярианаас л ийм зүйл болсныг мэдсэн.

-Хэр­гийг хаахаас өмнө хавтаст хэрэгтэй танилцуулаагүй юу. Ямар мөрдөгч ажилласан юм бэ?

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дашцэрэн гэх хүн хэргийг мөрдөн ажил­ласан. Надад одоог хүртэл танилцуулаагүй. Би чинь албан ёсны хохирогч хүн. Хохирогч хүн хавтаст хэрэгтэйгээ танилцах эрхтэй байдаг. Байцаагчдаа хавтаст хэрэгтэйгээ танилцахыг хүсэж буйгаа хэлэхээр Цагдаагийн ерөнхий газар руу шилжсэн учраас харуулах боломжгүй гэсэн. Би удаа дараа хавтаст хэрэгтэйгээ танилцах хүсэлт гаргасан юм. Хавтаст хэрэгтэй танилцуулна хэмээн нэг жил өнгөрлөө.

Гэтэл хөл хорионы үеэр прокурор руу шилжүүлээд энэ хэргийг хаасан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галав гэж хүн хэргийг хаасан прокурор нь юм. Энэ сарын 29-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хүсэлтийн маань хариу ирсэн. 14 хоногийн дотор хавтаст хэрэгтэй маань танилцуулахаар боллоо. Удаан хугацааны турш хөөцөлдсөний эцэст эхний ээлжинд хэргийн хавтастай танилцахаар болж байгаа нь сайн мэдээ юм даа.

-Хэргийг мөрдсөн Б.Даш­цэрэн мөрдөгчтэй холбоотой байгаа юу?

-Удаа дараа холбогдох тусам Цагдаагийн ерөнхий газар руу хэрэг нь шилжсэн учраас одоо надад хамааралгүй гэх хариу өгөх болсон. Б.Дашцэрэн гэх хүнд ихээхэн гомдолтой байгаа. Бид хүнээрээ хохирсон. Нэмээд цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирч байна. Яагаад хүний амьтай холбоотой асуудалд хайхрамжгүй хандаад байгаа юм бэ. Өнөөдөр манай улсад хүний амь хамгийн үнэ цэнгүй зүйл болсон байна. Хүний хүүхэд эндэж л байдаг гэх хандлага гаргах юм.

Хэрэв үнэхээр гадны нөлөөтэй, хэн нэгний гарт нас барсан бол хэрэгтэн сул яваад байж болохгүй шүү дээ. Хүн алсан хүн эрх чөлөөтэй явах юм бол хууль байгаад яах юм. Иргэдээ хамгаалж, асуудлыг нь шийдэх ёстой хэрнээ албан үүргээ нэр төртэй биелүүлж чадахгүй байгаа цагдаад яаж итгэх юм бэ. Би талийгаачийнхаа дөрвөн найзыг нь хорьж цагдах гээд байгаа явдал биш. Тэдний амьдралыг ч үгүй хийх гээд байгаа юм биш. Үнэнийг л тогтоогоод өгөөч хэмээн Б.Дашцэрэн мөрдөгчөөс хүссэн.

Гэтэл энэ хэрэг нас барсан хүний буруу болоод замхрах гээд байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг үг байдаг даа. Яагаад бүх бурууг нас барсан хүн рүү чихээд байгааг ойлгохгүй байна. Хуулийн дагуу, ном журмынх нь дагуу мөрдлөгөө хийх хэрэгтэй. Хэргийг бүрэн гүйцэд мөрдөөгүй атлаа хаачихдаг ямар хууль, дүрэм, журам байдаг юм бэ. Бидний зүгээс хүссэн зүйл бол хэргийг дахин мөрдөж, шалгаж, үнэнийг л мэдмээр байна. Задланг ч дахин хийлгэмээр байгаа. Задлангийн дүгнэлтэд итгэхгүй байна. Хууль хүчний байгууллага, төрийн албан хаагчиддаа итгэсээр л байгаа. Би чинь Монгол Улсын иргэн хүн. Хуулиндаа найдаж байгаа болохоор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх хэмээн найдаж байгаа.

-Танай дүүгийн хэрэгтэй ижил төсөөтэй хэргүүд байв уу?

-Байсан шүү. Мартагдаад, хав дараад өнгөрсөн тохиолдлууд ч байсан. Энэ бүх хэргийг эргэж харан, үнэн зөвөөр дүгнэж, ар гэрийнх нь хүсэлтийг бодолцож үзэж болдоггүй юм болов уу гэж гайхдаг. Цар тахлын үеэр бидэнтэй адил хэргээ хаалгасан, сунжирсан хэргүүдэд анхаарал тавиасай хэмээн Хууль зүйн яамны сайдаас хүсэхээр байна. Иргэдийн гомдлыг мухарлаад өгөөсэй л гэх саналтай байдаг. Мөн Шүүх шинжилгээний үндэсний төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай юм билээ. Техник, технологи хөгжсөөр байхад манай улсад шаардлагатай тоног төхөөрөмж нь эвдэрсэн гэх нэрийдлээр шүүх шинжилгээний дүгнэлт хугацаанаасаа хоцорч гарсан тохиолдлууд зөндөө байна. Манай дүүгийн шинжилгээ ч мөн хугацаанаасаа хожимдож гарсан. Тоног төхөөрөмжийг нь сайжруулвал хэргийг мөрдөхөд ч илүү дэмтэй юм даа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жж(122.201.24.207) 2021 оны 11 сарын 05

Үхлийн шалтгаан нь спиртийн хордлого юм бол согтуудаа унах, гар хөлөө элдэв юманд цохио биз дээ. Одоо болиоч. Талийгаачийн ясыг өндөлзүүлэх ямар хэрэг байдаг юм. Хоолой амыг нь боогоод алаагүй, архины хордлогоос болж үхсэн бол одоо болио.

0  |  0
lw(192.82.73.37) 2021 оны 11 сарын 05

shunu ail hesch arhi uugaagui bol....

0  |  0
Zochin(192.82.67.205) 2021 оны 11 сарын 02

Nzuud n bas ter binderya ed nar niilj bgad sogtuudaa boomilchihson yum bishuu. Hamt niilj uusan nziigaa yahaaraa yasniig n meddeggui yum be uiliin ur haalga anduurdaggui shu

0  |  0
Top