Морин хуурын чуулга арваннэгдүгээр сарын 11, 13-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо үндэсний өв соёлоо харуулсан үндэсний хөгжмийн тоглолт хийх гэж буй. Тоглолтын бэлтгэл ажил хийгээд зохион байгуулалтын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхантай ярилцлаа.
-Морин хуурын чуулга тоглолт хийхээр ОХУ-ын Санкт Петербург хотыг зорих гэж байна. Энэ талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-ОХУ-ын Санкт Петербург хотын Рерихийн музей гэж бий. Энэхүү музейн салбар Монголд байдаг. “Рерихийн гэр музей” гэж бий. Энэ жил ОХУ болон Монгол Улсын дипломат харилцааны 100 жилийн ой тохиож байгаа. Тиймээс дээрх хоёр музейгээс санаачлаад ОХУ-ын Санкт Петербург хотноо хоёр удаагийн тоглолт хийх гэж байна. Бид арваннэгдүгээр сарын 11-нд Эрмитажийн концертийн их танхимд, 13-нд Мариинский театрт тоглохоор төлөвлөөд байна.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар төлөвлөсөн бэ?
-Манай морин хуур чуулгын уран бүтээлчид, Үндэсний их театрын дөрвөн бүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Улсын филармонийн гоцлол дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар, хөгжимчид гээд нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар бэлтгэлээ хийж байна.
-Тоглолтын хөтөлбөрөө хэрхэн гаргасан бэ? Онцлох уран бүтээлүүдээс дурьдвал?
-Бид энэ тоглолтоороо Монголын орчин цагийн хөгжмийн ололтыг бүрэн харуулахыг зорьж байгаа. Санкт Петербург хот бол Оросын соёлын төв нь шүү дээ. Тэр ч утгаараа өнө эртний соёлын түүхтэй.
Энэ арга хэмжээ маань Олон Улсын боловсролын форумтой хамт болох байсан хэдий ч форумынх нь ажил хойшлогдсон.
Тоглолтыг бол хоёр улсын дипломат харилцаатай салшгүй холбоотой учир зайлшгүй хийхээр төлөвлөсөн юм. Ингээд Гадаад харилцааны яам, Соёлын яам, Рерихийн музей хамтраад зохион байгуулж байна.
Харин хөтөлбөрийн хувьд ятга, морин хуурын гоцлол, хөөмий, морин хуурын дөрвөл ятгын дөрвөл, “Жонон харын явдал”, ардын дуу, Орос романс гэх мэт уламжлалт томоохон бүтээлүүдийг багтаасан байгаа.
Мөн тайзны хөдөлгөөнд илүү анхаарч байна. Учир нь тоглолтыг үзэж, сонсож байгаа хүмүүст тайзны хөдөлгөөн маш төвөгтэй санагддаг. Тиймээс тайзны хөдөлгөөнд анхаарч, сууж, босох хөдөлгөөн багатайгаар төлөвлөсөн. Хамгийн чухал нь хөгжимдөө үзэгчдийн анхаарлыг төвлөрүүлэх тал дээр анхаарсан.
-Танай баг, хамт олон бэлтгэл ажлаа хангасан уу?
-Ковид-19 цар тахлын улмаас бидний бэлтгэлээ хийж чадахгүй байсан. Улмаар 10, 11 сард маш шахуу хуваарьтай, ачаалалтай ажиллаж байна. Энэ долоо хоногтоо бол ОХУ-д хийх тоглолтын бэлтгэл ажилдаа түлхүү анхаарч ажиллана.
-Морин хуурын чуулга өмнө нь хичнээн улс, орноор аялан тоглолт хийж байв?
-Олуулаа, бүгд явснаа тоолбол 20 гаруй орноор тоглолт хийсэн байх. Африк тив, Өмнөд Америк, хойд, урд хоёр туйлаас бусад тивд оччихсон юм байна.
Юнескогийн төв байр, Нью-Йоркийн төв, Швейцар гэх мэтчилэн олон улсын хэлбэрийн байгууллагад тоглолт хийж байсан.
Харин Азидаа бол илүү олон тоглолт хийсэн Япон руу гэхэд 40 гаруй удаа явсан байдаг. Японы бүхий л хот, мужуудад тоглочихсон.
-Аялан тоглолтоор явж байхад гаднын үзэгчид манай чуулгыг их талархалтайгаар хүлээж авдаг гэдэг?
-Огт хараагүй, сонсоогүй хөгжим учраас анхаарал хандуулах нь ч онцгой байдаг. Морин хуурт их учир бий. Хялгасыг хялгасаар хөрөөддөг учраас зөөлөн, тембр дуугаралтын хувьд хүний сэтгэлд наалдацтай байдаг. Сонсоход хүчтэй биш хэдий ч цаанаа илэрхийлж байгаа илэрхийлэл нь маш хүчтэй байдаг. Хүнд нөлөөлдөг уянгалаг аялгуутай хөгжим гэдэг.
-Оросын соёлын төв болсон Санкт Петербург хотод тоглолт хийх гэж байна. Та догдолж байна уу?
-1993 онд анх Морин хуурын чуулга үүсэж, нэгдэж байлаа. Өөрийгөө Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд багтсаныгаа их хувь заяа гэж боддог. Тийм ч учраас өдийг хүртэл үндэсний өв соёл болсон морин хуурыг дэлхийд гаргахад хүчин зүтгэж байна.
-Улс үндэстэн бүр хүлээж авах хандлага нь ялгаатай байдаг байх. Аялан тоглолт хийгээд явж байхад хамгийн халуун дулаанаар хүлээж авч байгаа нь ямар улс байна?
-Тоглолтын дараа бүгд л маш сайхан, халуун дулаанаар хүлээж авдаг. Яг онцолж хэлье гэвэл, Азийн улсуудаа хэлэх байх.
Манай монголчууд хятад хүн гэхээр л муугаар, хар бараанаар төсөөлдөг. Гэтэл яг үнэндээ эх газрын Хятадын ард түмэн өндөр соёлтой хүмүүс. Би түүнийг “Сувдан театрт” тоглож байхдаа ойлгосон.
Хэл соёл, үндэс угсаа хамаарахгүйгээр хүмүүсийн ойлголцох хамгийн дөт хэл бол хөгжим.
Сэтгэгдэл ( 1 )
Гоё хувцас өмсөөрөй..