Хүнсний хомсдолоос болж “Үдийн хоол”-ны илчлэг буурч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Ерөнхий боловсролын сургуулиудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгасан байна. Хяналт, шалгалтаар цайны газрууд хоолны дээж авдаггүй, хатсан мантуу ихээр нөөцөлсөн, хоол үйлдвэрлэл явуулах танхим бохир, ариун цэврийн шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Энэ мэдээллийн мөрөөр хүүхдийн үдийн хоолны хэрэгжилт болон амт, илчлэг чанар ямар байгаа талаар сурвалжиллаа.

СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛ 150-480 ИЛЧЛЭГТЭЙ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж байгаа билээ. I-V ангийн нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмсэн юм. Харин тусгай хэрэгцээт хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг 2400 төгрөгөөр тогтоосон. Гэвч стандартын шаардлага хангасан гал тогоотой сургууль нийслэлд ердөө 20 байгаа бол бусад нь түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж.

Сурагчид “Үдийн хоол” идсэнээр хоногт авах ёстой илчлэгийн 35 хувь буюу 610 ккал илчлэг авна гэж заасан байдаг.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Үдийн хоол тогтмол идсэнээр тусгай хэрэгцээт сургуулийн сурагчийн IQ оноо найман хувиас өсөж, оюуны хурд 0.5 хувь, ой тогтоолт 2.3 хувиар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарсан. Энэ хөтөлбөр хүүхэд хичээл сургуульдаа анхаарах, бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлдэг тул туйлын чухал ажил гэж олон улсын судлаачид үздэг” гэж байсан. Чингэлтэй дүүрэгт байрлах 50 дугаар сургуулийн гал тогооны үйл ажиллагааг “Царим капитал” компани эрхлэн явуулдаг аж. Хоолны танхимд тус сургуулийн багш нар бууз идэж байгаа харагдана. Бууз, пирог 1000 төгрөг, гуляш, цуйван 6000 төгрөг гэж байна. “Үдийн хоол”-оор хүүхдүүдэд даваа гарагт үзэмтэй будаа, хярам өгч байв. Мягмар гарагт пирог, дүрдэг цай, лхагва гарагт ногоотой шөл, мантуу, пүрэв гарагт холимог будаатай хуурга, дүрдэг цай өгөхөөр төлөвлөжээ. Харин ирэх баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр тул хоолны цэсээ дөрвөн өдрөөр төлөвлөжээ. Дээрх хоолны илчлэг нь 150-480 илчлэг байгаа нь хүүхдийн өдөрт авах ёстой 610 ккал хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Хил хаагдсанаар сургуулийн гуанз төдийгүй үнэтэй ресторанууд ч нарийн нандин хоолныхоо цэсийг танаад байгаа билээ.

Хүнсний нарийн ногоо хомсдож тасалдсан нь сургуулийн үдийн хоолны амт чанар буурахад нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй. Тус гал тогооны тогооч Ц.Цэрэндулам “Манай хоолны цэсэнд бага зэрэг өөрчлөлт гарсан. Хил хаасантай холбогдуулж нарийн ногоо тасарсан учир цэцэгт байцаа шөл, хулуутай шөл, өргөст хэмх, улаан лооль бүхий хоолны цэс өөрчлөгдөж оронд нь ойролцоо илчлэгтэй өөр хоолоор орлуулж байгаа. Ер нь төмс хүнсний ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Бид өмнө нь бараагаа татахдаа 250 мянган төгрөгт авчихдаг байсан бол одоо 500 мянган төгрөгөөс наашгүй болоод байна. Үнэхээр хүнд байна” гэж учирлалаа. Цар тахлын үед бага ангийн сурагчид анги, ангидаа хичээллэж, дор бүрнээ өөрсдийн аяга, халбага, сэрээгээ хариуцаж байгаа аж. Судалгаагаар сурагчдын 16 хувь нь өглөөний цай тогтмол уудаг бол 41 хувь нь огт уудаггүй байна. Харин 26 хувь нь хааяа уудаг бол 12 хувь нь өглөөний цай байдаггүй хэмээн хариулжээ.

“Өглөөний цайг өөртөө” гэдэг дээ. Хүүхдүүдийн ихэнх нь өглөөний цайгаа ч уулгүй өлөн зэлмэн гэрээсээ гардаг тул сурлагын чанарт ч ахиц гарахгүй. Өл дарах төдий үдийн хоолоо хүүхдүүд идээд зарим нь цадна, зарим нь цадахгүй, зарим нь идэхгүй голно. Дахиж нэмүүлье гэх нь ээ боломжгүй. Шөлтэй хоол ирвэл үе үе нэмэх завшаан гарна. Хүүхдүүд цуйван, бууз, хуушуурт их дуртай, даанч өгдөггүй хэмээв.
 


СУРГУУЛИЙНХАА ГАЛ ТОГООНД ТАЛХ, ЖИГНЭМЭГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
 

Сүхбаатар дүүргийн IV сургуулийн гал тогоо эл хуль хүнгүй байлаа. Тус сургуульд бага ангийнхнаас бусад нь гэртээ эсвэл гадуур хооллож байгаа аж. Даваа гарагт хөц будаатай хуурга, буцалгасан аарц, мягмар гарагт тефтель, шар будааны зутан, лхагва гарагт гоймонтой шөл, луувантай талх, пүрэв гарагт гоймонтой хуурга, жимстай цай олгох аж. Хоолны илчлэг нь 480-650 илчлэг гэж байлаа. Тус гал тогооны тогооч “Бид хүүхдүүддээ аль болох амт шимттэй хоол өгөхийг хичээдэг. Хэдий төсөв хүрэхгүй хүндрэлтэй байгаа ч хүүхдүүдээ хангалттай цадахаар хэмжээнд байлгахыг чухалчилдаг” гэлээ. Хүүхдүүд ч хоолондоо цаддаг хэмээн сэтгэл өег байв.

Ташрамд дурдахад, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид буюу 6-11 настай хүүхдийн долоон хувь нь өсөлтийн хоцрогдолтой, хоёр хувь нь туранхай, 22 хувь нь илүүдэл жинтэй, зургаан хувь нь таргалалттай, долоон хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа гарсан байна. Энэ судалгааны дүнгээр хүүхдүүдэд ямар төрлийн өвчлөл ихтэй, ямар амин дэмийн дутагдалтай байгааг харгалзан үзэж хоолны орц найрлагаа хэмжих нь чухал юм. Сүхбаатар дүүргийн III сургуулийн гал тогоо бага ангийн сурагчдаа ээлжилж танхимдаа хооллодог гэв. Зарим нь ангидаа хооллодог байна. Тус сургууль даваа гарагт хүрэн манжинтай ногоотой шөл, мантуу, үзэмний шүүс өгч байлаа. Тогооч н.Алтанцацрал “Манай гал тогоо мантуу, талх бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Хүүхдийнхээ тоогоор орц хэмжээгээ тааруулдаг учраас илүү гарах, хонуулах, өнжүүлэх зүйл байдаггүй. Ковидоос өмнө 1400 гаруй хүүхдийн хоол хийдэг байсан бол цар тахлын энэ үед ачаалал хоёр дахин буурсан. Тийм учраас бүх хоолоо өөрсдөө гардаж хийдэг. Гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаггүй” гэлээ.

Сургуулийн багш нар “Сурагчдын ар гэрийн амьдрал ахуй өөр, өөр байдаг. Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд ч бий. Хүүхэд л болсон хойно үдийн хоол дөхөхөөр аяга халбагаа зэхээд хүлээгээд байдаг. Аав, ээжүүд хүүхдүүддээ аль болох өглөөний цайг нь уулгаж явуулж байгаарай. Цай ундаа уусан, уугаагүй хоёр хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадвар тэс өөр байдаг шүү” гэж байлаа.

“Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны зардалд энэ онд 58 тэрбум, 2022 онд 174 тэрбум, 2023 онд 240 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүнээс ирэх гурван жилд гал тогоогүй 488 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангахад 22.4 тэрбум, 235 сургуульд засвар хийхэд 17.9 тэрбум төгрөг, 11 сургуульд хоолны газар барихад 6.6 тэрбум төгрөг, 23 сургуульд өргөтгөл барихад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ олон тэрбум төгрөг яг эзэндээ очиж, хүүхдүүддээ хүрч байна уу гэдгийг шалгаж хоолны амт чанар, ариун цэвэрт мэргэжлийн байгууллага үргэлжлүүлэн хяналт шалгалтыг тогтмол хийх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лодой(139.5.217.210) 2021 оны 11 сарын 18

Үдийн цайгаа 1500 төгрөг болгож үдийн хоол гэдэг болсон нь сайшаалтай хэдий ч 14000 төгрөгийн мах идэж байгаа бид 1500 төгрөгөөр яаж 600 ккал бүхий хоол хийж идэх вэ, яг таг заагаад зааварлаад харуулаад өгөх шидтэн байвал үзүүлж өгөөд энэ ард түмнийг 2 талцуулаад байгаа эргэлзээг арилгаад өгөөч

0  |  0
Top