Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй Оросын нэрт зохиолч Ф.И.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн сэтгэл зүйн уран зөгнөлт пост-драмын жүжиг тайзнаа тоглогдох гэж байгаа билээ. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж буй М.Батболдтой уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Оросын нэрт зохиолч Ф.И.Достоевскийн “Гэм зэм” гэх алдартай романыг мэдэхгүй хүн цөөн байх. Яагаад заавал “Гэм зэм”-ийг сонгосон юм бэ. Энэхүү алдарт зохиол дээр хэр баргийн хүн зориглож ажиллахгүй байх?
-Би анх сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж төгссөн. “Гэм зэм” роман нь хүний сэтгэцийг нарийн түвшинд задалж, ялгаж, бүтцээр нь тайлбарласан зохиол тул надтай болон миний анх эзэмшсэн мэргэжилтэй ойрхон буудаг. Тийм ч учраас энэхүү зохиолыг өөрөө маш сайн ойлгох төдийгүй хүмүүст хүргэх гүүр нь болж чадах юм шиг санагдсан. Тус жүжгээр дамжуулан“Гэм зэм” романы агуулга, утга санааг хүмүүст ойлгуулж чадвал миний найруулагчаар нь ажилласан үүрэг биелэгдэж байна гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.И.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан тус жүжгийг олны хүртээл болгохоор ажиллаж байна.
-“Гэм зэм” жүжгийн үнэ цэн, үнэт чанар, үзэгчдэд хүрэх агуулга, утга санаа нь юунд оршиж, юугаар илэрч гарч ирэх вэ?
-Монголын театрын тайзнаа Ф.И.Достоевскийн бүтээлээс анх удаа “амилуулахдаа” сэтгэл зүйн, уран зөгнөлт төрлөөр хүргэж байгаа нь онцлог юм. Энэ жүжиг ерөөсөө л “Аливаа зүйлд гарц байдаг. Тэрхүү гаргалгааг олж авах хэрэгтэй” гэдгийг харуулах юм. Мөн ямар ч хүн гэгээрэлд хүрч, үнэнийг олж, ухаарч болдог гэх утга санааг агуулж байгаа. Нөгөө талаас 150 жилийн өмнөх Санкт-Петербург хотын амьдрал зарим талаараа өнөөдрийн Улаанбаатрын амьдралтай адилхан байгаа юм л даа. Тиймээс бидэнд сэтгэл зүйн хувьд шийдэл, гаргалгаа хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадах цаг үеэ олсон уран бүтээл гэж бодож байна.
-Жүжгийн дүрийн сонголтыг хэрхэн хийсэн бэ. Хэдэн жүжигчин оролцож байна?
-Нийт 16 орчим жүжигчин энэхүү уран бүтээл дээр ажиллаж байна. Тус жүжигт дүрийнхээ шаардлагад нийцсэн, тухайн дүрээ уран, чадварлагаар гаргаж чадах хамгийн шилдэг жүжигчид тоглож байгаа. Тухайлбал,Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, ,Г.Урнаа, Д.Ганцэцэг ажиллаж байна. Мөн Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа зэрэг авьяаслаг залуу уран бүтээлчид дүр бүтээж байна. Жүжигчид маань сонирхолтой хамтралыг бий болгож байгаа.
-Цар тахлын үед ажиллаж, олон нийтэд уран бүтээлээ хүргэнэ гэдэг амаргүй байсан байх?
-Цар тахлын үед бид зүгээр суусангүй. Миний анх байгуулсан “Альфа” пост драмын театр маань дараагийн уран бүтээлүүдээ хүлээж байна. Он гараад эхнээсээ олны хүртээл болох байх. Үүний хажуугаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом”-ын дэргэдэх “Орфей” театртай хамтран “Гэм зэм” жүжгийг үзэгчиддээ толилуулахад бэлэн болсон байна. Цаашдаа ч хамтарч олон уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа. Цар тахлын үед ажлын төлөвлөгөөнүүдийг сайн боловсруулсан. Мөн төлөвлөгөөний дагуу уран бүтээлийн бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Дэлхий нийтээрээ ковид-19 халдварт өвчинд нэрвэгдсэн хоёр жилийн хугацаанд нэг зүйлийг сайн ойлголоо. Амьдралын явцад ямар нэгэн байдлаар биднийг харанхуй ертөнц нөмөрч байдаг. Тэгвэл нөгөө талд нь толины тусгал лугаа адил гэдэг шиг хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх зүйл байх ёстой. Цар тахлын үед соён гэгээрэл гэдэг зүйлийг хүмүүс өөрсдөө нэхээд эхэлж байна л даа. Үүнтэй холбоотойгоор нэг таатай мэдээ гарсан нь арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёлын үйл ажиллагааг нээх шийвдэр юм.
-Хэдэн оноос найруулагчаар ажиллаж эхэлсэн бэ. Аливаа нэг ажилд эхлэлийн цэг гэж байдаг шүү дээ. Тэр эхлэлийн цэг дээр мэдэрч байсан мэдрэмж болон одоо “Гэм зэм” жүжгээ олон түмэнд толилуулах гэж байгаа мэдрэмжээсээ хуваалцахгуй юу?
-Би ОХУ-ын Москва хотноо ГИТИС-ийг 2018 онд төгссөн. Сургуулиа дүүргэж ирээд анх Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” пост-драмын жүжгийг Монгол Улсад анхлан хүргэсэн юм. Тэр үед маш их зориг, эрч хүчийг мэдрэхийн хамт маш их айдсыг мэдэрч байсан. Гэвч цар тахлын улмаас хөл хорионд орох үед бачимдлыг мэдэрсэн. Гараа хүлүүлчихсэн, нүүрэн дээрээ дэр тавиулаад амьсгалж чадахгүй байгаа мэт санагдаж байлаа. Одоо харин эрх чөлөөг мэдэрч байна. “Гэм зэм” жүжгээ олон түмэндээ хүргэх гэж байна шүү дээ.
-Сэтгэцийн эмч мэргэжлээр төгссөн гэсэн. Яагаад энэ мэргэжлээ орхин найруулагч болсон бэ?
-Би багаасаа урлагийн гэр бүлд, театртай ойр өссөн хүн. Урлагт, театрын уран бүтээлд дуртай байсан юм. Хүн нэг л амьдрана. Ямар ч хүнд амьдралын эцсийн мөчид аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдарсан байх нь л чухал шүү дээ. Тиймээс дуртай зүйлээ хийж, түүндээ сэтгэл зүрхээ зориулж амьдрах хэрэгтэй. Би АШУҮИС-ийг сэтгэцийн эмч гэх сайхан мэргэжлээр суралцаж төгссөн ч найруулагч мэргэжилд дурлаж, сонирхож байсан юм. Би хүний дотоод сэтгэлийг мэдэрч, ойлгож, гадагш нь хүргэх дуртай. Энэ нь миний найруулагчийн ажлын арга барил юм даа.
-Ингэж их дурлаж, тэмүүлж орсон урлагийн ертөнцөөс та юу мэдэрдэг вэ?
-Эрх чөлөөг урлагийн ертөнцөөс мэдэрдэг. Миний хувьд энэ салбарт хөл тавьсан нь зөв сонголт байсан. Залуучууддаа хандаж хэлэхэд сонголт хэзээ ч оройтдоггүй юм шүү.
-Найруулагч мэргэжлийн сайхан болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Би бол залуу найруулагч. Тиймээс энэ талаар хэлэхэд арай эрт гэж бодож байна. Гэхдээ найруулагч мэргэжил удах тусам арга барил нь хуучирч байдаг. Тиймээс найруулагч болсон л бол өдөр бүр хөдөлмөрлөж, шинэчлэгдэж байх хэрэгтэй.
-Сайн уран бүтээлийн амин сүнс нь юунд оршдог бол. Нийгмийн шаардлагад нийцэж байх ёстой юу. Эсвэл үүнээс ангид байх ёстой юу?
-Сайн уран бүтээл нийгмийн шаардлага, тогтсон хэм хэмжээнээс ангид байх ёстой. Би орчин үеийн сэтгэлгээ, сэтгэл зүй дээр суурилсан философи үндэстэй уран бүтээлүүд дээр ажиллахыг эрмэлздэг. Сайн уран бүтээлд өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, үзэл бодол бусдаас ялгарах философи байдаг.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )