Тамсагийн сав газар талхлагдаж, аюултай хог хаягдлын “булш” болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

-21 дүгээр талбайн хаягдлын сан хальсан зөрчил илэрчээ-

Хялганат хээрийн их өвсөн далай, цагаан зээрийн гол бэлчээр нутаг болох Монгол орны хамгийн том тэгш талын тухай энд өгүүлэх гэж байна. Дорнод Монголын Мэнэнгийн тал өнөөдөр харийн орны хариуцлагагүй уул уурхайн компанийн хөлд нэрвэгдэж, аюултай хог хаягдлын “булш” болж байгаа талаар орон нутгийн эх сурвалжаас бидэнд мэдээлэл ирүүлээд байна.

Урд хөршийн төрийн өмчит компани гэгдэх  “Петрочайна дачин тамсаг”  Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт орших Тамсагийн сав газрын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайг эзэмшдэг билээ. Газрын тосны баталгаат нөөц нь Тосон-Уул 19 дүгээр талбай 179.08 сая тонн, үүнээс ашиглалтын  баталгаат нөөц нь 20.17 сая тонн хэмээн Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Харин Тамсаг 21 дүгээр талбайн хувьд 127.509 сая тонн батал­гаат нөөцтэй, үүнээс ашиглалтынх нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиг­лах газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 21.018 сая тонноор тогтоосон байна.

Тэртээ 1998 оноос өнөөдрийг хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд тус компани сая сая тонн баррель нефтийг Монголын нутгаас олборлосоор. Зөвхөн энэ оны хувьд л гэхэд 600 мянган тонн газрын тосыг олборлосон тухай албан мэдээ ирлээ. Хамгийн гол нь энэ их нефтийг олборлохдоо газрын гүний усыг хайр найргүй ашиглажээ. “Алтыг аваад авдрыг хаяна” гэдэг шиг Дорнод Монголын төдийгүй Монгол орны гүний усны нөөцийн аюулгүй байдалд заналхийлсэн дээрх үйлдлийг гэрчлэх баримтуудаас сөхье.


“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХОЁР ЖИЛ ХОГ ХАЯГДЛЫН ГЭРЭЭГҮЙ АЖИЛЛАСАН ГЭВ
 

Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга А.Гантулга хэдхэн хоногийн өмнө дараах мэдээллийг хийв.

-Тэрбээр “Пeтрочайнагийн 21 дүгээр талбайн хаягдлын сан 90 хувь дүүрсэн, хог хаягдлын гэрээгүй хоёр жил ажилласан. Мөн хог хаягдлыг хоёр жилийн хугацаанд ямар ч эзэнгүй хаясан зөрчил илэрсэн. 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн шингэн хаягдлын сан дээр шалгалт хийх үеэр дээрх зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг цагдаагийн газарт өгсөн байгаа. Газрын тосны хаягдал өөрөө аюултай хог хаягдлын төрөлд ордог. Гэтэл тус компани хаягдлын сангийн далан дээр үйлдвэрлэлээс гарсан шингэнийг асгахдаа стандартын дагуу булж, булсан газраа нөхөн сэргээлт хийгээгүй. Хаягдлын санд шингэнийг шууд асгасан. Далангийн эрэг орчмоор бохирдол хальсан зэрэг зөрчлийг Экологийн цагдаагийн албаныхан шалгаж байгаа” гэв.

Орон нутгийн цагдаагийн газраас өгсөн мэдээлээр “19 дүгээр талбайн хаягдлын сангийн талбай 90 хувийн дүүргэлттэй. Хэрвээ 2020, 2021 онд үйлдвэрлэлийн цооног өрөмдөх ажил явагдсан бол энэ далан өнөө маргаашгүй дүүрэхэд бэлэн болсон байна. Дүүрч байгаатай холбогдуулан  “Петрочайна дачин тамсаг” компани Матад сум руу хоёр га газрыг  ашиглах хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Тус сумаас  газрыг нь одоогийн байдлаар шийдэж өгөөгүй. Газрын тосны хуучин ашиглаж байсан хаягдлын санд шингэн хаягдал байгаа. Тухайн шингэн хаягдлыг гадагшаа нэвтрүүэхгүй тусгай зориулалтын агууламж байдаг. Хяналт  шалгалтын үеэр тухайн агууламж цоорч, үйл ажиллагааны  явцад гэмтсэн зөрчил илэрсэн. Үүний улмаас байгаль орчны хөрс бохирдсон байх магадлалтай.  Энэ зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллагаар экологи, эдийн засгийн үнэлгээ гаргуулж,  учирсан хохирлыг тооцуулж ажиллана” гэв.

Дорнод Монголын нутагт дураар дургигч Жан Хун Фу-г цагдаад шалгуулж байна

Дорнод аймгийн засаг захиргаанаас “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Жан Хун Фу-г шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ. Тодруулбал, түүнийг Монголын хууль тогтоомжийг мөрдөхгүй, мэдсээр байж санаатайгаар хэрэгжүүлэхгүй, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үүргээ биелүүлэхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг тогтоолгох зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, аймгийн цагдаагийн газар, аймгийн Ерөнхий прокурор гэсэн газруудад холбогдох нотлох баримтуудыг хавсарган хүргүүлээд байгаа аж.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжид адил хэрэгжих учиртай. Гэвч өнгөрсөн хугацаанд “Пeтрочайна дачин тамсаг”-ийн  үйл ажиллагааг таслан зогсоох маш олон төрлийн баримт илэрсээр байгаа ч өнөөдрийг хүртэл тус компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байна. Тухайлбал, тус компанийн  сүүлийн гурван жилийн байгаль орчны мeнeжмeнтийн төлөвлөгөөний биeлэлт 84-45 хувьтай биелэгджээ.

Журмаараа бол 90 хувиас дээш үнэлгээтэй бол дараа жилийн төлөвлөгөө батлагдах учиртай. Гэвч бодит байдал дээр энэ журам хэрэгжиж байгаа зүйл алга. Тус компанийн үйл ажиллагаа зогсох нь бүү хэл улам өргөжиж, газрын тос олборлох талбайгаа нэмэхээр Мэнэнулайран зүтгэсээр. Хамгийн гол нь энэ бүхний хор уршиг Дорнод бүсийн төдийгүй Монголын гүний усны авуогүй байдалд ноцтой заналхийллийг авчраад байгаа юм. Баримт түшье.

Петрочайнагийн нефть олборлож буй арга нь дэндүү хуучирсан буюу гүний усны хэрэглээг хэт өндөр хэмжээгээр хэрэглэдэг аж. Та бод доо, ганцхан литр нефть олборлохын тулд газрын гүний гурван литр усыг ашиглаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар Аймг ийн Засаг дарга Бадамсүрэн “Манай аймгийн тэр орчмын газар нутагт амьдардаг малчдын ундны усны худаг 60-70 метрийн гүнээс гардаг байсан бол одоо гарахаа байсан. Багадаа 100 орчим метр ухаж байж ус гардаг болсон. Энэ хэрээрээ гүний усны түвшин доошилсон. “Петрочайна дачин тамсаг” компани газрын гүний усыг хэтрүүлэн ашигласнаас болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байгаа.

Энэ жил л гэхэд тухайн компани хоёр сая литр ус ашиглаад 600 мянган тонн газрын тос олборлосон. Өөрөөр хэлбэл, нэг литр газрын тосыг гурван литр гаруй ус ашиглаж олборлосон байгаа юм. Энэ тоо жилээс жилд нэмэгдсэн. Өмнө нь нэг литр ус ашигладаг байсан бол одоо зардлаа хямдруулахын тулд усыг маш ихээр ашиглаж байна” гэсэн юм.


ХҮНЦЛЭЭР ХОРДСОН ХӨРС БУЮУ МЭНЭНГИЙН ТАЛ ТАЛХЛАГДАЖ ДУУСАХ УУ!

 

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, “АТТП” гэх компани байгаль орчинд тус компани хэр нөлөө үзүүлж байгаа судалгааг гүйцэтгэжээ. Тус гүйцэтгэлээр Тосон-Уул 19 дүгээр талбайн 29 цооногоос 16-нд ургамлын бичиглэл хийсэн байна. Бичиглэлд хөрсний доройтолд 15.3 га газар нэрвэгдэж, 5.6 га газарт шороон овоолго үүссэн гэжээ. Мөн тус талбайн газарзүйн нөхцөл, хөрсөн бүрхэвч зэргийг харгалзан 18 нэгж талбарт хувааж онцлогийг нь тодорхойлсон байна. Үүнээс 10 нэгж талбар хөрсний доройтолгүй, найман нэгж нь зам, цооногийн орчин, хаягдлын сангийн шороон овоолго зэргээс нийт 54.1 га талбай хөрсний доройтолд орсныг тогтоожээ. “Тамсаг 21” дээр ч хөрсний доройтол үүсч, 55.9 га талбайг хамарчээ.

Харин хамгийн ноцтой зөрчлийг Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалж тогтоосон байна. Тэд Тамсагийн сав газарт газрын тос олборлож буйтай холбогдуулан тус бүс нутгийн хүнцлийн хэмжээг тодорхойлохоор Монгол орны зүүн хэсэгт орших таван сумын хэмжээнд хэмжилт хийжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол орны зүүн хэсэгт хөрсөнд агуулагдах хүнцлийн байгалийн агууламж 17.5 мг/кг байсан бол Тамсаг 21 дүгээр талбайн дундаж агууламж 14.6 мг/кг болж. Энэ нь “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008” стандартаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их болохыг тогтоожээ. Тосон-Уул 19 дүгээр талбай дахь хүнцлийн хэмжээ “Тамсаг 21”-ээс өндөр, 17 мг/кг болж дээд хэмжээнээс бүр илүү давсан байна. Ийнхүү газрын тосны олборлолтоос болж, Тамсагийн сав газрын хөрсний бохирдол хүндхэн байдалд оржээ.

Үүнээс гадна тус компани тос зөөдөг замаа тавилгүй шороон замын тээвэр эрхэлснээс болж, тэр бүс нутгийн хөрс хүнд даацын машины хөлд сүйрсээр. Бүр тодруулбал, Тамсаг-21 талбайгаас Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог Баянхошууны боомтоор газрын тосоо экспортод гаргах хооронд 60 километр зам тавих ёстой. Гэвч “Петрочайна Дачин Тамсаг” дэд бүтцээ эхлээд байгуулалгүйгээр 2010 оны орчим газрын тосны тээвэрлэлтээ эхлүүлчихсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, арван жилийн турш тус компани Мэнэнгийн талыг талхалж байна гэсэн үг. Аалзны тор шиг хаа сайгүй салаа зам гаргаж, газар тариалан, бэлчээрийн талбайг сүйтгэх эрхийг харийн улсын хариуцлагагүй компанийнханд өгөх учиргүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.90.180) 2021 оны 11 сарын 12

Zailuulaachee naad hujaa naraa erni ter ued zovshoorol ogson tuhain ueiin ih hurliin gishuudiig shalgaachee

0  |  0
Зочин(64.119.25.87) 2021 оны 11 сарын 08

Төр хятадын энэ мэт дээрэмчин луйварчдад төмөр нүүрээ харуулах цаг болсон баймаар юм.ямар л хариуцлага торцох ёстойв бүгдийг нь тооцоо.

0  |  0
Top