Монгол, Орос хоёр гуравдагч сувгаар мэлээлэл солилцохгүй гэв

2021 оны 11 сарын 05

Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Монгол Оросын хэвлэл мэдээллийн форумыг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү форум нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн форумд ОХУ-ын нэр бүхий 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 орчим сэтгүүлч, удирдлагууд ирж оролцсон юм. Тухайлбал, ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Иксандер Кубарович Азизов, УИХ-ын гишүү, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нар нээлтийн ёслолд оролцсон. Энэхүү форумын анхдугаар хурлыг хорио цээрийн дэглэмийн улмаас цахимаар зохион байгуулсан аж. Энэ үеэр Ховд аймгийн Ховдын мэдээ сонин, ОХУ-ын Горный Алтай мужийн Алтайская правда сонин хооронд мэдээлэл солилцох хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Харин энэ удаагийн форумаар уг харилцааг илүү өргөжүүлж, ОХУ-ын нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг зорьж буй нь энэхүү форумын гол зорилго аж. ОХУ-аас урилгаар РЕН ТВ телевизийн Ерөнхий захирлын орлогч Татьяна Викторовна Пальвинская оролцсон. Тэрбээр “Мэдээллийн эрин зуунд дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авахыг чухалчилж байна. Үүний нэгэн адилаар бид Монгол Улсад ямар үйл явдал өрнөж буйг мэдэхийг хүсдэг. Тиймээс хоёр улсын хооронд мэдээлэл солилцох шаардлагатай байгаа юм.

Энэхүү форум нь мэдээлэл солилцох гүүрийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна” гэлээ.

Б.Наранбаатар: МАНАЙ ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР АНХДАГЧ ЮМ

Энэхүү форумд илтгэл тавихаар Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар уригдсан юм. Тэрбээр “Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа: боломж ба ирээдүй” сэдэвтэйгээр илтгэлээ хүргэлээ. Илтгэлд “Түүхэн үнэн бол Монгол, Орос орон харилцан хүндлэл, хүлээн зөвшөөрөл дээр оршин байх мөнхийн хөршүүд юм. Гэвч манай хоёр орны хамтын хамтын ажиллагаа албан ёсны дипломат харилцааны түүхээс өмнө хэвлэл мэдээллийн салбарт үүссэн байдаг.

Тухайлбал, 1895 онд Чита хотод гаргасан “Дорнод хязгаарын амьдрал” гэх монгол хэл дээрх анхны сонин, 1913 онд Улаанбаатар хотод гарсан “Шинэ толь бичиг” анхны үндэсний сонин, Монцамэ мэдээллийн агентлаг, радио, телевизийн анхны байгууллагууд зэргийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, Монголд ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтоход оросын ард түмний оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэжээ” хэмээн дурдав. Мөн уг илтгэлд Монгол-Оросын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны өнөөгин байдалд үнэлэлт өгч, цаашид анхааран хөгжүүлбэл зохистой чиглэлийг санал болгосон юм.

З.Боргилмаа: ЭНЭХҮҮ ФОРУМ НЬ ГУРАВДАГЧ УЛСААР ДАМЖУУЛАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХГҮЙ БАЙХАД ЧИГЛЭСЭН

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа тус форумын үеэр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монгол-Оросын хамтын ажиллагааны ирээдүй:Хэвлэл мэдээллийн үүрэг ба оролцоо” сэдвээр ярилаа. 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл”-ийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан түүхэн явдлын талаар дурдсан юм.

Хоёр улсын хоорондын харилцааг эрчитэй хөгжүүлэх улус төрийн хувьд байж болох хамгийн том орон зай бий болсноор худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл зэрэг төрөл бүрийн салбарт бодит төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж болохыг дурдлаа. Илтгэлийн төгсгөлд “Мэдээлэл байхгүй бол харилцаа байхгүй. Мэдээлэл солилцохгүй бол ойлголцол холдоно. Тиймээс хамтын ажиллагааг шууд эх сурвалжаас хүлээн авах үнэн бодит, эргэлзээгүй мэдээ мэдээллээр дүүргэх хэрэгтэй.

Тиймээс гуравдагч улсын мэдээллийн сувгаар дамжихгүйгээр шууд мэдээллээ солилцох боломжтой” хэмээв. Мөн энэ жилийн хувьд UBS телевиз, МҮОНР, Өвөрхангай аймгийн орон нутгийн телевиз зэрэг гурван хэвлэл мэдээллийн байгууллага ОХУ-ын гурван хэвлэл мэдээллийн байгуулагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөж буйг онцоллоо.

АЛАН БҮЖГИЙН ЧУУЛГА БОЛОН КУБАНИЙН КАЗАКУУДЫН НАЙРАЛ ДУУНЫ БҮЖГИЙН ЧУУЛГА ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙНЭ

Монгол болон Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зориулсан баярын арга хэмжээг зохиох ажээ. Тодруулбал, өнөөдөр болон маргааш Соёлын төв өргөөнд Алан бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга хамтарсан тоглолтоо хийх юм байна. Энэхүү тоглолтыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Росконцерт” зохион байгуулахаар болжээ.

Алан бүжгин чуулгын “Кавказ үндэстний бүжиг” хөтөлбөрт “Охидын бүжиг”, Гүрж ардын “Картули” хуримын бүжиг, Аджар ардын “Гандаган” баярын олон нийтийн бүжиг, Дагестан ардын “Лезгин” болон Осет ардын бүжиг дэглэлтийн сувдан шигтгээ болсон “Симд” эртний бүжиг багтах аж. Харин Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга нь “Казакуудын баярын бүжиг”, “Эзэн хааны бие хамгалаагч хишигтэн цэргүүдийн бүжиг”, Некрасовын казакуудын “Жигүүр”, “Жаран хөлт”, “Кубань”,”Кубань нутгаар хэнгэрэг дэлдэх нь” зэрэг бүжгийг сонирхуулахаар төлөвлөжээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.66) 2021 оны 11 сарын 06

Маш сайхан ажил боллоо.Баярлалаа

0  |  0
Top