Соёлын яам монгол зураачийн бүтээл NFT орчинд 350 сая төгрөгөөр үнэлэгдсэнийг зарлалаа.
“Твиттер”-ийн үүсгэн байгуулагчийн анхны жиргээний скрийншот бараг л гурван сая ам.доллар хүрсэн, ганц зураг 69 сая доллараар зарагдсан, “Лос Анжелес Лейкерс”-ийн Лейброн Жеймсийн цагираган дээрээс довтолж буй бичлэг 280 мянган ам.доллараар худалдаалагдсан гээд яривал NFT тойрсон дуулиан ид хүчээ авч байна.
Non-Fungible-Token (NFT) нь цорын ганц давтагдашгүй юмсын төлөөлөл гэсэн агуулгаар монгол хэлнээ бууж байгааг энэ дашрамд онцолъё.
Он гарсаар дэлхий даяар маш олон уран бүтээлч өөрсдийнхөө дижитал арт бүтээлийг интернэт ашиглан худалдаалаад эхэлчихсэн. Дэлхийг хамарсан энэ давалгаа Монголд ч өрнөх нь тодорхой болсон нь Соёлын яамны өнөөдөр цацагдсан мэдээллээс харагдлаа.
Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээлийн дижитал хувилбар 350 орчим сая төгрөгөөр борлуулагдчихаж. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа аль хэдийнэ зарлачихсан. Энэ бодлогынхоо хүрээнд “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг Mongol NFT компани дижитал хэлбэрт оруулжээ. Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг өчигдөр олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар, Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан байна.
Олзуурхмаар нь энэ ажил хийгдсэнээр бусад уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна цахим орчин, технологийн хөгжлийг ашиглан олон улсаас доллар татах гарц нээгдлээ уран бүтээлчид олзуурхаж байна.
Дэлхийн зах зээл дээр дижитал хувилбар нь зарагдсан бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэх аж. Тодруулж хэлбэл дахин давтагдашгүй хуулбар нь үнэд хүрнэ гэсэн юм. Сонирхуулж хэлэхэд Эрмитажийн музей “Хүүхэдтэй Мадонна” бүтээлийнхээ дижитал хувилбарыг багагүй үнээр борлуулсан жишээг дэлхийн хэвлэлүүд онцолдог.
“Дэлхийн нэг өдөр” зургийг дижитал хэлбэрт оруулсан Мongol NFT компанийн гүйцэтгэх захирал Б.Адъяа “Өмнө нь манай уран бүтээлчид жуулчдыг ирэхэд л бүтээлээ зардаг байсан бол одоо гэртээ сууж байгаад олон улсад бүтээлээ зарахад асуудалгүй. Манай компанийн хувьд тэр орчныг нь бүрдүүлж өгч байна. Технологийн хувьд блокчейн дээр үндэслэж байгаа. Блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT. Блокчейн бол дэлхий дээрх нэг том өгөгдлийн сан. Засварлах боломжгүй, нэг л орсон бол өөрчлөгдөхгүй, хөдлөхгүй гэсэн онцлогтой. Энэ давуу тал, онцлогийг нь ашиглаад давтагдашгүй зүйлсийг бүртгэе гэж байгаа юм” хэмээн онцолж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе. Амжилт.