Л.Эрдэнэбулган: Ус бол стратегийн хамгийн үнэт баялаг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Ярилцлагаа усны талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн асуудлаар эхлүүлье?

-Ард иргэдийн эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах, улс гүрэн хөгжин цэцэглэж, хөгжихийн үндэс бол ус юм. Тиймээс ч улс орнуудын ойрын ирээдүйн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал эрчим хүч, шатахууны хомсдол бус цэнгэг усны нөөц, хүртээмж, усны чанар гэдгийг эрдэмтэд нотолж байна. УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан.

Түүнтэй холбогдуулан хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Урт хугацааны бодлогын баримт бичиг буюу “Алсын хараа 2050”, богино хугацааны бодлогын баримт бичиг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэл. Дараагийнх нь дунд хугацааны буюу 10 жилийн бодлогын баримт бичигт долоон хөтөлбөртэй байхаар заасан. Энэ дунд “Байгаль орчны зорилтот хөтөлбөр” орж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 36 хууль, 22 олон улсын гэрээ конвенц, 25 бодлого, үндэсний хөтөлбөр хүчин төгөлдөр мөрдөгдөж, 30 гаруй улс оронтой хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Энэ дунд усны салбарыг онцлоод хэлэх юм бол “Ус” үндэсний хөтөлбөр, Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг онцолж хэлэх хэрэгтэй.

Усны салбар бол онцлогтой.  Усгүй салбар гэж байхгүй. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, салбар дундын уялдаа холбоог сайжруулах нь чухал. Тиймээс манай яамны зүгээс “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг энэ ондоо багтаагаад Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

-“Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжиж, энэ онд дуусаж байгаа. Хөтөлбөрийн үр дүн болон хийгдэж амжаагүй ажлуудын талаар яриач?

-“Ус” үндэсний хөтөлбөрийн үр дүнг дүгнэж үзэхэд, 74.1 хувьтай биелсэн гэж гарсан. Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө 60 орчим хувьтай дүгнэгдсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, томоохон бүтээн байгуулалтын ажил хийгээгүйтэй холбоотой. Тэр нь Орхон, Хэрлэн голууд дээр  урсацын тохируулга  хийх  замаар говийн бүсийн ус хангамжийг шийдвэрлэх төсөл  ураг­шаа явж чадаагүйтэй шууд холбоотой. Яг өнөөдрийн байд­лаар Орхон, Онги төслийн урьд­­чилсан ТЭЗҮ бэлэн болсон.

УУЛ УУРХАЙНХАН ЖИЛДЭЭ 70 САЯ МЕТР.КУБ УС АШИГЛАЖ БАЙНА

-Томоохон төслүүдийн ТЭЗҮ-г баталсан гэж байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх нь чухал?

 -Яг тийм. Батлагдсан зураг төслийг албажуулж, ажил хэрэг болгоход хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд гардаг. Гэхдээ дээр дурдсан “Ус” үндэсний хөтөлбөр, Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлснээр Монгол орны усны бодлогын асуудлын засаглал төлөвшиж, салбар дундын хамтын ажиллагааг зохицуулах “Усны агентлаг” ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 21 усны сав газрын захиргаа ажиллаж байна. Усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглэх “Усны зөвшөөрлийн механизм”-ыг сайн хяналттай  явуулахын төлөө ажиллаж байна. Жишээ нь, хоногт  100 метр.кубээс дээш ус ашиглуулах дүгнэлтийг усны газар гаргаж, Сав газрын захиргаа нь гэрээгээ байгуулдаг. Хоногт 50-100 метр.куб ашиглах усны зөвшөөрлийг Сав газрын захиргаа нь гаргаад аймаг, нийслэлийн Байгаль орчны газрууд гэрээ байгуулж, хянаад явж байна. Харин 50-аас доош метр.куб ус ашиглах дүгнэлтийг тухайн сум орон нутгийнхан нь хянаад гэрээ байгуулаад явдаг.

-Ус ашигласны төлбөрөө манай улс хэдээр тогтоосон байдаг юм бэ?

-Ер нь бол манай улсад ус ашигласны төлбөрийн хэмжээ харьцангуй багаар тогтоосон байдаг. Бүр зарим салбарт үнэгүй байх жишээтэй. Дэлхий дээр манайх шиг улс орон байхгүй шүү. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар манай улсын усны нийт хэрэглээний  60-70 хувийг эзэлж байгаа. Гэтэл тэрхүү мал аж ахуй, газар тариалан дээр ус ашигласны төлбөр авдаггүй. Мэдээж нүүдэлчин малчин ардаасаа бол ус ашигласны төлбөр  авах нь хаашаа юм.

Гэхдээ өнөөдөр хэдэн арван мянган мал өсгөж, бизнесийн ашиг олох зорилгоор ажиллаж байгаа  хүмүүс олон бий. Энэ бүхнийг ялгаж, салгах цаг болсон уу гэвэл, болсон. Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан  мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна. Тийм болохоор дээрх бүхнийг бодолцох цаг ирсэн.

-Уул уурхайн салбараас л ус ашигласны төлбөр авдаг хэрэг үү?

-Өнөөдөр ус ашигласны төлбөрт улсын төсөвт жилдээ 42 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүний дийлэнхийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Ус ашиглахтай холбоотой Засгийн газрын 326, 327 дугаар тогтоол гэж байдаг. Тэр хоёр тогтоолын хүрээнд ус ашигласны төлбөрийг ногдуулдаг. Төлбөрийг  ногдуулахдаа салбараар нь ангилж, харилцан адилгүй үнэлгээ тогтоосон байдаг. Хүн амын унд ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт ус ашигласны төлбөр авдаггүй. Уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглалтын төлбөр авч байгаа. Уул уурхай дээр бол гадаргын усыг нэг метр.кубыг 120-270 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Газрын доор усыг нэг метр.кубыг нь 630-1510 төгрөгийн хооронд сав газраасаа шалтгаалаад төлбөрөө төлдөг. Уул уурхай нь жилдээ 70 сая метр.куб ус ашиглаж байгаа. Энэ нь Монгол орны усны нийт хэрэглээний 12.6 хувийг эзэлж байна.

-Нэгэнт уул уурхайн салбарын усны хэрэглээний талаар ярьсных сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Петро чайна дачин тамсаг” ХХК гүний усны хэрэг­лээгээ гурав дахин нэмэг­дүүлсэн гэх шүүмжлэл яваад байна. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Уул уурхайн төслүүдийн хувьд тулгарч байгаа, шийдвэр­лэхэд түвэгтэй асуудлын нэг бол эдгээр үйлдвэр, уурхайн усан хангамжийг цаашид байгаль орчинд халгүйгээр хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг асуудал юм. Яамны зүгээс бол “Газрын доорх усны ордын хяналт сүлжээ”-гээрээ дамжуулаад уул уурхайн усны хэрэглээг хянадаг. Тухайн усны нөөц зөвшөөрөгдөх хэмжээнээс доошоо буурч байна уу гэдгийг дээрх хяналт сүлжээгээрээ шалгадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид газрын доорх усны ордууддаа мэдээлэл дамжуулах зориулалттай цооногуудыг байршуулсан. Тэрхүү байршуулсан цооногоос мэдээлэл дамжуулалт хийх ”Онлайн”, “Оффлайн” гэсэн хоёр төрлийн мэдээллийн технологиор газрын доорх усны ордын түвшний хэмжилт мэдээлэл авдаг. “Петро чайна  Дачин тамсаг” дээр бол нийтдээ арван хяналтын цооног байршуулсан.

Хэрвээ газар  доорх усны ордын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээсээ буурах л юм бол хяналтын сүлжээнд мэдээлэл ирдэг. Одоогоор тэдгээр цооногоос газрын доорх ус зөвшөөрөгдөх хэмжээнээс буурсан гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Ирэх онд тус газарт нэмж, 10 цооног ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Ингэснээр бид улам нарийвчлалтайгаар хянах боломж бүрдэнэ гэсэн үг. Улсын хэмжээнд 291 ийм хяналтын цооног байршуулсан байгаа.

-Тэрхүү хяналтын цооногоос газар доорх усны түвшинг бүрэн дүүрэн хянах боломжтой гэж үү?

-Бүрэн боломжтой.

-Оюутолгойн гүний усны хэрэглээ хэт өндөр гэж шүүмжилдэг. Энэ талаар танай газраас ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?

-Оюутолгойн хувьд нийтдээ 28 худгаас  200 мянган метр.куб багтаамжтай хоёр усан санд усаа цуглуулж, жилдээ 15 сая орчим метр.куб ус ашигладаг. Тус компанийн хувьд усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлсэн гэж үздэг. Мөн адил гүний усны хяналтын цооногуудыг байршуулсан.  Тэр цооногоороо дамжуулж, гүний усыг хянах бүрэн боломжтой. Оюутолгойн хувьд нэг зүйл дээр анхаарч байгаа. Тэр нь Засгийн газрын 326 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, усны төлбөрийн үнийг нэмэгдүүлэх явдал.

Мэдээж тодорхой учир шалтгааны улмаас уг асуудлыг хөндөнө. Үүнд тухайн бүс нутгийн  газрын доорх усны ордын түвшин ямар хэмжээнд хүрсэн, цаашдаа зөвшөөрөгдөх хэмжээнээс буурах тал ажиг­лагдаж байгаа эсэхийг анзаарч дээрх асуудлыг тавих бүрэн боломжтой. Бид саяхан Оюутолгой дээр томилолтоор ажиллахдаа мониторингийн цооногуудынхаа мэдээллийг харлаа. Энд компьютер дээр ирж байгаа  мэдээлэл, газар дээр нь очоод хэмжиж байгаа мэдээлэл зөрөөгүй. Эндээс үзэхэд БОАЖЯ Оюутолгойн ус ашиглалтыг бүрэн хянаж байгаа гэж хэлж болно.

-Яамнаас Монгол орны хэмжээнд сэргэсэн болон ширгэсэн гол, горхи, нуурын бүртгэлийг хийдэг гэж дээр ярьж байсан. Тоон мэдээлэл өгвөл?

-Сав газрын захиргаадын орон нутагт хийж байгаа нэгэн чухал ажил бол жил болгон усны тооллого явуулах. Өнгөрөгч 2020 онд нийтдээ 84 гол, 107 нуур, 268 булаг шанд сэргэсэн байна. Харин 116 гол мөрөн, 180 нуур тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.

УС АШИГЛАСНЫ 42.1 ТЭРБУМ ТӨГРӨГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРСӨН

-Уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас шалт­гаалж, ийм олон гол горхи ширгэж байна уу?

-Дан ганц уул уурхай гэж өрөөсгөл ойлгож болох­гүй. Монгол Улс газар зүйн байршлын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд өртөх хамгийн өндөр бүсэд ордог. Тодруулбал, сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхийн агаарын хэм 0.7 хэмээр дулаарсан бол манай орны уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин их буюу 2.2 хэмээр дулаарч, жилд  орох хур тунадасны хэмжээ найман хувиар буурсан. Эндээс үзэхэд гол мөрний ширгэлтэд уур амьсгалын өөрчлөлт болон бусад олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

Манай говийн бүсэд л гэхэд жилдээ 100 мм орчим л хур тунадас ордог гэсэн судалгаа гарсан. Энэ нь тухайн бүс нутгийн газрын доорх  усны тэжээгдэл муу байгааг илтгээд байгаа юм. Уур амьсгалын энэ бүх өөрчлөлтөөс болж, ган зуд болох, гол горхи ширгэх, цөлжилт ихсэх  зэрэг олон асуудлууд тулгарах болсон. Өнөөгийн байдлаар манай орны нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн. Үүнээс нэн хүчтэй доройтсон газар 22.9 хувийг эзэлж байна. 

Гадаргын ус хатаж ширгэж байна гэдэг нь газрын доорх усны үндсэн тэжээгдэл багасч байгаа л гэсэн үг. Одоогийн байдлаар нөөц нь батлагдсан 385 гүний усны орд байна.Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэх тал дээр гадаргын усаа түлхүү ашиглаж, газрын доорх усыг бага ашиглах чиглэлд ажиллах л хэрэгтэй. Газар доорх болон гадаргын усны үнэ тарифаас ч харсан тэр бодлогыг яамнаас баримталж байгаа. Үүнээс гадна ашигласан усаа дахин боловсруулж хэрэглэх асуудлыг онцгойлж ярих ёстой.

-Энэ тал дээр хийж хэрэг­жүүлж байгаа ажил байна уу?

-Аливаа зохистой менежментийг хийхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төлбөрийн механизмыг зөв нутагшуулах нь чухал байдаг. Ус дахин ашиглахад бид дээр өгүүлсэн зөв менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг 2012 онд баталсан байдаг. Долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй. Улмаар 2019 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ус бохирдуулсны төлбөрөөр улсын төсөвт 370 сая орчим  төгрөг төвлөрүүлсэн. Таны үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч байгаа хаягдал усанд бохирдуулагч бодисын хэмжээ их байвал ус бохирдуулсны төлбөр өндөр төлнө.

Хэрвээ бохирдлын хэмжээ бага байвал бага төлбөр төлнө гэсэн үндсэн зарчимтай. Хаяж байгаа усан дээр төлбөр ногдуулаад ирэхээр аж ахуй нэгжүүд усаа хаяхгүй байхыг хичээж, түүнийгээ дахин ашиглах эрмэлзэлтэй болоод ирдэг. Дэлхийд төдийгүй манай дотоодод ч гэсэн усаа дахин ашиглаж байгаа шилдэг технологийг нэвтрүүлсэн олон аж ахуй нэгж бий. Бусад тэднээс нь үлгэрлэх ёстой.

-Усны хэрэглээ, тэр дундаа гүний усны хэрэглээг зохистой ашиглахад уул уурхайн компаниуд дээр онцгой анхаарал, шаардлага тавих хэрэгтэй санагддаг. Учир нь тэнд усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Энэ тал дээр та бүхэн хяналт шалгалт хэр хийж байна вэ?

-Уул уурхайн компаниуд дээр Байгаль орчны нөлөөл­лийн нарийвчилсан үнэлгээ/БОННҮ/, Байгаль орчны менежментийн төлөв­лөгөө /БОМТ/-г нь манай яамны Мэргэжлийн зөвлөлөөс баталдаг. Тэр үнэлгээ батлагд­санаар тухайн уул уурхайн аж ахуй нэгжийн байгаль орчинд зарцуулах хөрөнгө төсөв тодорхой болдог. Тухайн төсвийн хүрээнд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хэдэн удаа хийх, байгаль орчны чиглэлд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь тодорхой болдог. БОМТ дээр гэхэд 90 хувиас дээш үнэлэгдсэн  аж ахуй нэгжүүдийн  дараа жилийн менежментийн төлөвлөгөөг баталдаг болсон.

Энэ бол  аж ахуй нэгжүүдээс байгаль орчинд илүү ээлтэй байхыг шаардаж байгаа илрэл юм. БОННҮ болон БОМТ дээр үндэслээд тухайн орон нутгийн удирдлагууд байгаль орчны хяналтуудаа хийдэг.

Нэгэнт энэ асуудлаар ярьсных усны төлбөрөөс төсөвт төвлөрсөн мөнгийг зориу­лалтаар ашиглах хэрэгтэй байна. Учир нь өнгөрсөн онд л гэхэд ус ашигласны төлбөрт улсын төсөвт 42.1 тэрбум төгрөг орж ирсэн. Гэтэл энэ мөнгөнөөс усны салбарт 9.7 тэрбум төгрөгийг л зарцуулсан байна. Эндээс дүгнэхэд нутгийн захиргааны байгууллага буюу тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төсөв батлахдаа бай­­галь орчны асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй.

Ядаж  усны төлбөрөөс орсон төлбөрийг хуулийнх нь дагуу усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулмаар байна. Ус бол стратегийн хамгийн үнэт баялаг гэдгийг ухаарч, усаа хайрлаж, гамнаж, зөв зохистой ашиглах тал дээр олон талын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцлон цохож хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.176.35) 2023 оны 01 сарын 12

Л.Эрдэнэбулган даргатай хамт ажиллаж байлаа. Ажилаа сайн мэддэг жинхэн төрийн хүн ээ. Сайхан ярилцлага гарчээ. Танд амжилт хүсье

0  |  1
Top