Тэртээх 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан Цэргийн төв эмнэлэг өнөөдөр цэргийн алба хаагчид төдийгүй ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсолтгүй үүрэг гүйцэтгэсээр нэгэн зууны түүхийг өртөөлж байна. Эл түүхэн ойн хүрээнд тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Одыг “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.
-Юуны өмнө танд Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойн баярын мэндийг уншигч олныхоо нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Таны хувьд эмнэлгийнхээ түүхт ойгоор удирдах албан тушаал хашиж ажиллах хувьтай, бахархалтай цаг хугацааг угтаж байна.
-Баярлалаа. Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойн баярын мэндийг тус эмнэлгийн хамт олон, үе үеийн ахмадууддаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд өргөн дэвшүүлье. Таны хэлснээр энэ түүхэн цаг үед миний бие тус эмнэлгийг толгойлж байгаа минь хариуцлага, бахархал, бага зэргийн айдас зэргийг давхцуулж байгаа.
-Бүтэн 100 жилийн турш цэргийн ч тэр, энгийн ч тэр олон олон ардыг эмчилж, сувилж явсан түүхэн уламжлалтай эмнэлэг бол Цэргийн төв эмнэлэг. Тус эмнэлэг Монгол Улсын анагаах ухааны хөгжлийн түүхэнд ямар ач холбогдлыг дагуулдаг вэ? Мэдээж энэ түүхэн хөгжлийг ахмадуудгүйгээр төсөөлшгүй биз.
-Ардын хувьсгалтай нас чацуу олон салбар бий. Тэдгээрийн дотроос эрүүл мэндийн салбартаа шинжлэх ухааны ууган эмнэлэг болж "төрсөн" нь манай Цэргийн төв эмнэлэг юм. Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Монгол, Төвдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсан нь манай эмнэлгийн үндэс суурь болсон. Анхны дарга нь орос хүн байснаас эхлээд бүхий л түүхийн турш үе үеийн дарга нар өөрсдийн гэсэн онцлогийг шингээсэн өвөрмөц ажлуудыг хийж бүтээж байсан нь архивд хадгалагдан үлдсэн байдаг. Би ахмад үерээ маш их бахархаж явдаг. Тэдний хүчээр л бид өдий зэрэгт хүрч, Монголын ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй үйлчилж байна. Тиймээс ахмад үеийнхнийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний гол зорилго болдог.
Жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улс даяар эмнэлгийн ажилчдын баярыг тэмдэглэдэг. Угтаа бол энэ өдөр манай Цэргийн төв эмнэлгийн баярыг тэмдэглэж байгаа гэсэн үг. Энэ нь манай орны анагаах ухааны салбарт шинжлэх ухааны анхдагч нь гэдгээ улам бүр баталж өгдөг. Манай эмнэлэг Ардын хувьсгалаас эхлээд Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн зэрэг олон үйл явдлыг дамнаж олон олон дайчин, баатрын амь насыг авран хамгаалж явсан түүхтэй. Дээрээс нь улсын хэмжээнд өрнөсөн томоохон цар тахал, онцгой үйл явдлын үед хамгийн түрүүнд дайчлагдан ажиллаж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд "Ковид-19" цар тахлын эмчилгээ, сувилгааг өнөөг хүртэл хийж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд хамгийн анх оролцсон хоёр ажиглагчийн нэг нь Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмчээр ажиллаж байсан хурандаа Р.Даваадорж юм. Энэ бол бидний бахархлын нэг хэсэг. Түүнээс хойш 2006 оноос эхлэн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд I, II шатлалын хээрийн эмнэлгийг дэлгэн үүрэг гүйцэтгэсэн туршлага бий. Өөрөөр хэлбэл, манай цэргийн эмч нар олон улсын энхийг дэмжих ажиллагаанд анхнаасаа тун идэвхтэй хамрагдаж, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн.
-Тус эмнэлгээс олон шилдэг эмч, сувилагч түүхэн цаг хугацааныхаа явцад төрөн гарсан гэдэгт итгэлтэй байна ...
-Өнгөрсөн түүхийн явцад манай эмнэлгээс Монгол Улсын баатар эмч 1, Ардын эмч 2, Төрийн соёрхолт 2, Хүний гавьяат эмч 20 гаруй төрөн гарсан. Отгон гавьяатуудын цувааг үргэлжлүүлж бэлтгэл хурандаа Л.Жамбалжав Төрийн соёрхол, хурандаа Г.Наранхүү Хүний гавьяат эмч, хурандаа С.Батболд, сувилагч А.Сольхүү нар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн нь бидний бахархал юм. 1970-аад оны дундуур Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах ажлын хүрээнд улсдаа хамгийн өндөр боловсрогдсон, шилдэг залуусыг шилж Цэргийн госпитальд бодлогоор томилж ажиллуулж байсан. Улмаар Анагаах ухааны их сургуульд таван дамжаа бүхий Цэргийн факультет нээгдэж цэргийн эмч нарыг бэлдэж байсан. Гол нь тус факультетаар дамжсан эмч нар сүүлийн 20 гаруй жил манай эмнэлгийн удирдах бүрэлдэхүүнийг бүрдүүлж байгаа.
Манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд өөр өөрийн онцлогтой гэдгийг дээр дурдсан. Ялангуяа 1996-1998 оны хооронд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Л.Зориг манай эмнэлгийг долоон жил удирдахдаа Цэргийн төв эмнэлгийн шинэ байгууламжийн суурийг тавьсан нь маш том, үр өгөөжтэй ажил болж чадсан.
-Түүхэн ойн жилээ аюулт цар тахлаас иргэдээ авран хамгаалах үйлсийн эзэн болж байгаа нь манай Цэргийн төв эмнэлгийн хамт олон юм даа ...
-Тэр үнэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид "Ковид-19" цар тахлаас ард олноо хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцож, бүхий л талын тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн гурван яамны сайдын тушаалаар манай эмнэлгийн хагас, тухайн оны 3 дугаар сарын 15-ны тушаалаар бүтэн хэмжээнд үйл ажиллагаагаа зогсоож, улсын хэмжээний галт буу зэвсэг, хордлого, нийслэлийн хэмжээний хүйтэн зэвсэг, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргийн яаралтай мэс засал, Баянзүрх дүүргийн төлөвлөгөөт мэс засал зэрэг иргэдэд үйлчилдэг таван төрлийн тусламж үйлчилгээгээ тараан байршуулсан. Улмаар "Ковид-19" цар тахлын ажиглалт, тусгаарлалтыг 100 хувь зохион байгуулж ажилласан. Тухайн үед Улсын Онцгой комиссын шийдвэрээр 74 тусгай үүргийн нислэгийн 1600 орчим ард иргэдийг тусгаарлаж 24 төрлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Харин тухайн оныхоо 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн манай эмнэлэг "Ковид-19"-ын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилгээ, сувилгааг тасралтгүй хийх шийдвэр гарсан.
Улмаар эмнэлгийн бүтцийн хувьд ажиглалт, тусгаарлалтаас эмчилгээний зохион байгуулалт руу шилжин ажилласан. Манай Цэргийн төв эмнэлэгт ямар нэгэн халдвартын эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, систем байдаггүй. Улмаар жирийн эмнэлгийн системийг цар тахлын үед шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай болгохоор бид өөрсдөө улаан, шар, ногоон бүсчлэлийг долоо хоногийн дотор зохион байгуулсан. Энэ үед дотоодоосоо халдварт өртсөн тохиолдол гарсан ч бусад эмнэлгүүдийг бодоход гурав дахин бага.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид нийт 6000 орчим хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Түүнээс 5800 орчим тохиолдлыг нь эдгээж, 200 орчим өвчтөнг эмчилж байна. Энэ үйл ажиллагаанд манай эмнэлгийн ажилтан, алба хаагчдын 70 орчим хувь, давтагдсан тоогоор 50 гаруй баг оролцсон. Тэдгээр эмч, сувилагч нар маань мэс заслын, гэмтлийн, дотрын гэж ялгахгүйгээр бүгд л өвчнийг анагаахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Тэр ч утгаараа энэ өвчнийг анагаах дадлага, туршлагыг хуримтлуулж чадсан. Үйлчлүүлэгч нар аль болох манай эмнэлгийг зорихыг хичээдэг болчихсон. Бид тэр болгонд нь огт цааргалахгүйгээр тусламж үйлчилгээгээ түргэн, шуурхай үзүүлж, эцэст нь "Баярлалаа" гэдэг үгийг сонсоод гаргадаг нь манай эмч, эмнэлгийн ажилчдад хамгийн сайхан мэдрэмж байдаг. Би ч өөрөө хэд хэдэн багийг удирдаж улаан бүсэд ажилласан. Амаргүй цаг хугацааг хамтдаа туулж байна шүү гэсэн бахархал бидэнд бий. Энэ хугацаанд өмнө нь манай эмнэлгээр үйлчлүүлдэг байсан ахмад дайчид болон бэлтгэл, чөлөөнд гарсан ахмадууд маань бидэнд эмнэлгээ хэвийн үйл ажиллагааны горимд оруулах талаар идэвхтэй санал хүргүүлж байсан. Тиймээс цар тахлын тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан хоёр байгууламжийнхаа нэгийг хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна. Дээрээс нь өнгөрсөн гурван жилд хийгдээгүй засвар үйлчилгээг сүүлийн нэг сар хагасын хугацаанд чанарын өндөр түвшинд шуурхай хийхэд эмнэлгийн ажилтан албан хаагчид маань өөрсдөө сэтгэлээрээ гар бие оролцсон явдалд удирдлагын хувьд маш их бахархаж, баярлаж байгаагаа энэ ташрамд хэлэхийг хүсэж байна. Батлан хамгаалах яамны дэмжлэг, оролцоо ч их байсныг энд онцлохыг хүсэж байна.
-Та бүхэн түүхэн ойгоо угтаж ямар ажлуудыг хэрэгжүүлсэн бэ?
-Бид 2019 онд хоёр жилийн хугацаатайгаар тус ойг угтсан ажлуудаа шат дараатайгаар төлөвлөж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлаас үүдэж тус төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай байгаагүй. Түүхт ойн өдрөө буюу энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд л бид ид ачаалал дунд өнгөрсөн. Харин дараахан нь дахин шинэчилсэн төлөвлөгөө гарган ямар ч л байсан түүхт 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ёстой гэж үзээд цэргийн эмч, албан хаагчдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхэтгэлийг гаргасан. Хоёрдугаарт, сүүлийн хоёр жил ажиллаагүй эмнэлгээ дахин ажиллуулж эхлэхдээ "Цэргийн төв эмнэлэг-Цахим шинэчлэл" уриатайгаар илүү шинэчилсэн формоор ажиллахаар бэлтгэлээ хангасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн түүхийнхээ явцад өвчний түүхийг гараараа бичиж, түүнийгээ бодит цаасаар нь архивлан хадгалдаг байсан бол орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өвчний түүхийг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлж байна. Уг ажил нь маш их цаг завыг хэмнэх, тухайн өвчтөний бүхий л мэдээллийг цуглуулж өөрийн гэсэн дата бааз бий болгох, бусад эмнэлгүүдээс тухайн өвчтөний мэдээллийг түргэн шуурхай авахаас эхлээд гаднын улсуудтай харилцаа тогтооход ч илүү хялбар болно. Цаашид энэ ажлыг улам хөгжүүлэхээр зорьж байна.
-Эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд тогтмол сургалтад хамрагдах нь маш чухал байдаг. Энэ утгаараа ихэнх эмнэлгүүд гадаадын улс орны томоохон эмнэлгүүдтэй харилцаа тогтоож, алба хаагчдаа чадваржуулахад анхаарлаа түлхүү хандуулдаг. Цэргийн төв эмнэлгийн гадаад харилцааг хөгжүүлэх талаар ямар бодлогыг баримтлан ажиллаж байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Сургалт гэдэг зүйл эмнэлгийнхэн бидний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Гадаад харилцаа талдаа гэвэл Цэргийн төв эмнэлэг хоёр чиглэлд ажиллаж байна. Нэг нь НҮБ-ын шугамаар БХЯ, ЗХЖШ-аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу хилийн чанадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Нөгөө талаар бид алба хаагчдадаа тогтмол сургалт олгох журмаар гадаад харилцаандаа уялдуулж илүү цар хүрээтэй ажлыг төлөвлөсөн. Энэ талаар Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газартай санал бодлоо солилцсон. Манай эмнэлэг 2015 онд БНСУ-ын хоёр эмнэлэгтэй эмч солилцох гэрээ байгуулж байсан. Энэ харилцаагаа буцаан сэргээх нь нэн тэргүүний зорилт болж байна. Мөн Япон Улсын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа К.Хигашияагаар дамжуулж Японы талтай хамтран гамшгийн үеийн яаралтай тусламжийн сургалтуудыг зохион байгуулахаар болсон. Мөн АНУ дахь эмнэлгийн анхан шатны офицерын дамжаа, ХБНГУ-д эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх хоёр жилийн сургалтуудад манай эмч нар сүүлийн 15 жил тасралтгүй хамрагдаж байгаа гэх мэтээр манай гадаад харилцаа үргэлжилнэ. Ерөнхийд нь авч үзэхэд манай эмнэлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад эмнэлгээс гадаад харилцаа талдаа илүү гэж боддог. Цаашдаа бид Европын болон Ази, Номхон далайн цэргийн эмч нарын холбоонд элсэхээр зорьж байна. Ингэснээр манай цэргийн эмч нар тасралтгүй сургалтад хамрагдах маш зөв тогтолцоо үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, тус холбооноос явагдаж буй бүх сургалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг.
-Ер нь цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын онцлогийн талаар асууя гэж бодож байна. Улс оронд өрнөсөн дайн байлдаанаас эхлээд бүхий л хүндрэлтэй цаг үед цэргийн эмнэлгийн салбарынхан дайчлагдаж ажилладаг. Чухам энэ хүмүүст энгийн салбараас ялгагдах ямар онцлог, давуу чанар байдаг вэ?
-Аливаа гүйцэтгэлийг өндөр төвшинд, чанартай гүйцэтгээд буцаад дарга, удирдлагадаа илтгэдгээрээ манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд онцлог, давуу чанартай. Хоёрдугаарт, цэргийн салбарын эмнэлгийн ажилтнуудад чадахгүй, болохгүй гэж хэлэх эрх байдаггүй. Захирагч, дарга нарынхаа хэлсэн үгийг заавал гүйцэтгэдэг. Харин бусад эмнэлгийн байгууллагад энэ төрлийн ямар ч ойлголт байдаггүй. Энэ нь эргээд “хүнд суртал” болон хувирдаг. Мөн цэргийн эмч, сувилагч нар бусад эмч нараа бодвол аливаад дасан зохицох чадвар хавь илүү байдаг нь харагддаг. Манай Цэргийн төв эмнэлэг гэхэд л бусад эмнэлгээс ялгаатай нь тусгай томилгоот бүлгүүд ажилладаг байх жишээтэй. Энэ нь нөгөө л байнгын бэлэн байдал гэдэгтэй агаар нэг.
Би цэргийн хүнийг хамгийн ухаалаг гэж боддог. Өнгөрсөн түүхэн цаг хугацааны хүрээнд авч үзэхэд ямар ч улс орныг цэргийн хүмүүс л толгойлж байсан. Өнөөдөр ч ямарваа орны батлан хамгаалах чадавх гэдэг хамгийн чухал асуудалд тооцогддог шүү дээ. Энэ утгаараа цэргийн салбарын эмч, сувилагч нар хувь хүний хөгжил, ачаалал даах чадвар, мэргэжлийн ур чадвар талаасаа илүү гэж би хувьдаа боддог. Надтай хамт их сургуульд сурч байсан бусад найз нөхөдтэйгөө өөрийгөө харьцуулахад илүү цэргийн тал руугаа ууссан нь мэдрэгддэг шүү.
-Таныг удам дамжсан цэргийн эмч гэдгээр нь энэ салбарынхан илүүтэй таньдаг. Аав тань таныг эмч гэх энэ хариуцлагатай мэргэжлийг сонгоход хүргэсэн гол тусгал байсан болов уу гэж бодогдож байна. Чухам таны хувьд энэ салбартай хэрхэн холбогдсон бэ?
-Тийм ээ. Миний аав амьдралынхаа ихэнх цаг хугацааг цэргийн эмнэлгийн салбарт зориулсан хүн. Дээр дурдсанчлан МАА-ийг өргөтгөн зохион байгуулах үед аав маань Армийн Дотрын ерөнхий зөвлөх эмчээр томилогдож байсан. Дараа нь Батлан хамгаалахын сайдын эмч, БХЯ-ны Эмнэлгийн хэлтсийн дарга, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн захирал, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч зэрэг шат шатны албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Харин би 21 жилийн дараа аавынхаа ажлыг авч энэ эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Баяртай, бахархалтай санагдахын хажуугаар илүү том хариуцлага үүрсэн гэдгээ ойлгож байгаа. Аав намайг энэ албан тушаалд томилогдоход "Шударга бай, шуналгүй бай, чи бүгдийг нь чадна" гэж захисан. Товч бөгөөд тодорхой энэ үг олон утга санааг илэрхийлдэг дээ. Ер нь надад мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөхийн зэрэгцээ адуу, мал ярих нь элбэг. Миний өвөө 800 гаруй адуутай адуучин хүн байсан. Тиймээс өвөөгөөсөө дамжиж ирсэн залгамж, дээрээс нь хурдан морины удмаа тасалдаггүй уламжлал манай гэр бүлийнхэнд бий. Манай хурдан буянгуудаас Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор айрагдаж, бүсийн наадмуудыг өнгөлж явсан түүх бий.
Цэргийн төв эмнэлгийн үе үеийн бүхий л дарга нар хойч үеэ бэлдэж байсан уламжлалтай. Үүний адил би аавыгаа залуу үеэ гэсэн сэтгэлтэй том сурган хүмүүжүүлэгч гэж боддог. Одоо ч гэсэн бусдад үргэлж зааж зөвлөж байдаг. Гэхдээ намайг хэзээ ч эмч бол, эсвэл цэргийн хүн бол гэж хэлж байгаагүй. Аав маань зүгээр л өөрийнхөө байгаа байдлаараа надад үлгэр дуурайл болж, би анагаах ухааны салбарт хөл тавьсан. Бүр багаасаа л эмч мөртлөө цэргийн хүн гэхээр их л сонирхолтой санагддаг байлаа. Улмаар Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Цэргийн төв эмнэлэгт найман төрлийн шалгуурыг давж орж байсан. Дараа нь зүрх, дотрын чиглэлээр сурсан минь ч бас аавтайгаа адилхан зам мөрөөр явж байгааг баталдаг. Одоо бодоход мэргэжлээ маш зөв сонгожээ гэж бодогддог шүү. Хэдий аав минь надад үг хэлдэггүй ч өөрийнх нь мэргэжлийг үргэлжлүүлж яваа үртэйдээ баярлаж л явдаг байлгүй дээ. Би 2005 онд энэ эмнэлэгт хөл тавьснаас хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Ординат эмчээс эхлээд тасгийн ахлах эмч, тасгийн дарга, Дотрын эмнэлзүйн төвийн захирал зэрэг шат дараалсан албан тушаалыг хашсан. Өнөөдөр би Цэргийн төв эмнэлгийн удирдлага гэж хэлүүлж байгаа хэдий ч эмчийн мэргэжлээсээ огтхон ч холдохгүй шүү дээ. Цэргээс тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд маань одоо хүртэл надтай холбоотой байж, эмнэлгийн үйлчилгээгээ авдаг.
-Та хэд хэдэн энхийг дэмжих болон цэргийн хамтын ажиллагаанд цэргийн эмчийн үүргийг гүйцэтгэсэн. Дэлхийн халуун цэгт цэргийн эмч хэрхэн ажилладаг нь сонирхол татаж байна ...
-Би анх 2007 онд НҮБ-ын Сьерра Леон Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийн эмчээр үүрэг гүйцэтгээд цэргийн эмч хүн ямар байх ёстой талаар анх мэдэрч эхэлсэн. Дараа нь 2010 онд Афганистан Улсад явагдсан "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд цэргийн багийн эмнэлгийн бүлгийн даргаар, 2013 онд БНСУ(Судан)-д Монголын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар, хамгийн сүүлд 2017 онд БНСУ-ын Дарфур муж дахь "Unamid" ажиллагаанд штабын эмнэлгийн офицер, тус ажиллагааны Хүчний командлалын эмнэлгийн хэлтсийн даргаар жил орчим үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр ажиллагаануудаас чамгүй туршлага хуримтлуулсан. Манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн бусад орны алба хаагчдыг бодвол биеэ авч яваа байдал, сахилга бат, зохион байгуулалтын хувьд хамгийн сайн нь байдаг. Өвчлөл ч маш бага гардаг. Учир нь урьдчилан сэргийлэх үзлэгийг манай цэргийн эмч, сувилагч нар маань маш сайн зохион байгуулдаг. Өвчлөл гарсан тохиолдолд арга хэмжээгээ түргэн хугацаанд авдаг. Ер нь ажлаа хамгийн сайн мэддэг нь манай эмч, сувилагчид байдаг.
-Та Цэргийн төв эмнэлгийн даргаар томилогдоод удаагүй байна. Байгууллагын удирдлагын нүдээр харахад шийдвэрлэвэл зохих ямар ажлууд байгаа вэ?
-Шат дараатайгаар төлөвлөсөн олон ажил бий. Эхний ээлжид хүчил төрөгчийн үйлдвэрийн асуудал хүлээгдэж байна. Манай эмнэлэг бусад эмнэлэгтэй харьцуулахад илүү механик талдаа ажилладаг гэх үү дээ. Энэ асуудлыг тун ойрын хугацаанд шийдвэрлэж байж байгууламжуудаа хүчилтөрөгчөөр хангаж чадна. Баллон зөөдөг "эрин үе" хэдийнээ өнгөрсөн шүү дээ. Дараа нь цахим шилжилттэй холбоотойгоор шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг хүлээн авах хэрэгтэй. Мөн 2015, 2016 онуудад явагдсан Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай эмнэлэг шинэ үеийн олон сайн төхөөрөмжүүдийг хүлээн авсан. Үр дүнгээ ч маш сайн харуулж байгаа. Харин хоёр дахь төсөл нь энэ оны 8 дугаар сарын 16-нд эхэлсэн. Дараа жилийн өдий гэхэд манай эмнэлэгт илүү өргөн цар хүрээтэй тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн. Энэ нь оношилгоо, эмчилгээ шинэ түвшинд хүрнэ гэсэн үг. Үүнийгээ дагаад зүрхний мэс засал илүү хөгжинө. Тус ажлын хүрээнд ангиографи, электрофизиологийн хавсарсан лабораторийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэж байна. Энэ нь өргөн утгаараа Монгол Улсын Зэвсэгт хүчнийхний дундах зүрх, судасны өвчлөл үлэмж хэмжээнд багасна гэсэн үг. Би өөрөө яг энэ чиглэлээр 2015, 2016 онуудад БНСУ(Солонгос)-д суралцсан. Надаас хойш хоёр ч эмч энэ чиглэлээр бэлтгэгдсэн. Цаашид ч суралцах зүйлс их бий. Манай Зэвсэгт хүчний хэмжээнд бөөр, давсагны чулуутай хүмүүс олширч, зүрхний өвчлөл, цус харвалт маш түгээмэл болсон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр бид судалгааны ажлаа боловсруулсан. Удахгүй энэ талаарх зөвлөмжийг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд руу хүргүүлнэ.
Дээрээс нь Цэргийн төв эмнэлэг цаашдаа дөрвөн төрлийн төвийг байгуулахаар зорьж байна. Үүнд Зэвсэгт хүчний зүрх, судасны, Цус харвалтын, Тулгуур эрхтэн тогтолцооны болон Гемодиализийн төвүүд багтана. Эдгээр төвүүдийг байгуулахын тулд хүний нөөцөөс эхлээд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх ёстой.
-Цэргийн төв эмнэлгийн цаашдын зорилгын хувьд ...
-Манай Улсын Зэвсэгт хүчин өөрийн гэсэн онцлогтой. Зэвсэгт хүчний нэг хэсэг болсон Цэргийн төв эмнэлэг ч мөн адил тэрхүү онцлогт тохируулан ажиллахын зэрэгцээ гадаадын шилдэг эмнэлгүүдийн туршлага, сургамжийг хүлээж авах ёстой. Томоохон гүрнүүдийн цэргийн эмнэлгүүд тухайн орондоо хамгийн шилдгүүд нь байдаг. Бид ч гэсэн улсдаа тэргүүлэгч болохыг зорьж ажилладаг. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй байхын тулд манай эмнэлэг ч мөн адил хамгийн чадварлаг хүчин байх ёстой. Цаашид анги, салбарт байгаа эмч, сувилагчдыг ч Цэргийн төв эмнэлэгт сэлгэн ажилладаг боломж, нөхцөлийг судалж байгаа. Тэгж байж бид бие бүрэлдэхүүнээ чадваржуулж чадна гэж ойлгож байна.
Дэслэгч Т.ИДЭР
Сэтгэгдэл ( 0 )