Хуулиар халхавчилсан хулгайн савар Монгол орны газар нутгийг хаа сайгүй сэндийчиж байна. Бидний хэлж заншсанаар “нөхөрлөл”-ийн бүлэглэлүүд төрийн хуулийг цоохортуулах хүртлээ эрх мэдэлд тухалж, байгаль орчныг хамгаалж буй нэртэй ч байгалийг эвдэн сүйтгэх бодлогыг хуульд шигтгэж өгөөд удлаа. Хуучны ногоон түмпэн үүрч, ганц нэг хүрз барьсан этгээдүүдийг “нинжа” хэмээн төсөөлдөг байсан үе хэдийнэ ард хоцорчээ.
Тэд одоогийн хилийн цэргийн нэг сумангаас ч илүү техникжиж, тоноглосон, мэргэжлийн уурхайн хэмжээний хэд хэдэн том оврын ухагч, зөөж тээвэрлэдэг хүнд механизмтай болтлоо бяр суусан байна. Улсын хэмжээнд ийм үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийг нийлүүлбэл “нөхөрлөл” нэртэй алт ухагчдын бүхэл бүтэн арми бий болоод байна.
Үнэндээ тэд өнөөх л зүсээ хувиргаж, хүчирхэг “техникжсэн нинжа” нарын арми юм. Гол ус, газар дэлхийг сөнөөх ажил ийм далайцтайгаар улсын хэмжээнд гаараад байгаа. Байгаль орчны эсрэг үйлдэж байгаа тэдний гэмт хэргийг таслан зогсоох чадвар өнөөгийн төр, засгийн тогтолцоонд алга байна. Төр гэхэд ахадсан хэдий ч төрийн тамгын дор батлагдсан хууль, журмуудад тийм чадал алга болчихоод байгаа хэрэг. Ганцхан жишээ дурдъя.
УИХ-аас баталсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн хүрээнд гарсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар “нөхөрлөл”-д бага хүчин чадалтай техник ашиглан бичил уурхай эрхлэх боломж олгосон байдаг юм. Энэ журам амьдрал дээр хэрэгжихдээ, “нөхөрлөл”-үүдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс дутахааргүй өндөр хүчин чадалтай техникүүд ашиглан олборлолт явуулахыг дэмжсэн. Өнөөдөр ч дэмжсээр байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танхим “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан нь байгалийг хайр найргүйгээр ухаж сэндийчих кампанит ажлыг улам өргөжүүлсэн.
Тухайн үед уг журмыг батлахдаа “Үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино” хэмээн уран сайхны тайлбар зүүсгэл хийсэн ч байдал эсрэгээрээ байна. Сая дурдсан өгүүлбэр тэр чигтээ Засгийн газрын тэмдэглэлд дурайж буй. Үүн дотроо “нөхөрлөл” гэдэг ойлголтыг оруулсан. “Нөхөрлөл нь ес хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй, 3500 шоо.метр хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос илүүгүй механизмыг ашиглана” гэж заажээ. Үндсэндээ уул уурхайн салбарт үүсээд буй алдаа завхралыг хууль, журмаар нь бүр ч хөгжөөсөн байгаа биз. Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор судалгаа явуулжээ. Судалгааны дүнтэй танилцвал энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг аймаг, сум, газруудыг тодорхойлсон байна. Ингэхэд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны хоёр, бусад ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр, 18 мянга орчим иргэн дайрч орж, хууль бусаар ухсан болохыг тогтоосон. Ийнхүү бидний “нөхөрлөл” гэх төсөөлөл 18 мянган албан ёсны “нинжа” төрүүлтлээ халиад байна.
“Бичил уурхайчид”, “нөхөрлөл” гэх мэт сайн сайхан нэртэй тэдэнд өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Усны тухай хуулиуд болон бусад дүрэм, хурам үйлчлэхгүй байгаагаас ийм хэрэг гэрлийн хурдаар нэмэгдэх болсон юм. Усны тухай хуульд зааснаар голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг юм. Бүр тодруулбал, голын ойролцоох 50 метрийн дотогш олборлолт хийх хориотой. Усны тухай хуулиар “Голын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан. Гэтэл байгаль орчны эсрэг нөхөрлөгчид, бичил нарын бүлэглэлд хуулийн энэ заалт огт үйлчлэхгүй байсаар байна.
Орон нутгийн эрхтэн дархтнуудын зүгээс байгалийн нөхөн сэргээлт хийх нэрээр “бичил уурхайчид" голын хөвөөг зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ухахыг нүдээ аниж дэмжсээр ирэв. Тэд ухаж, сэндийчиж, нөөцийг нь авсан хэрнээ нөхөн сэргээлтийн тухай эргэж, харахгүй хаядаг. Энэ нь шууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд байгаль экологийн эсрэг гэмт хэрэгт хутгалддаг явдалтай холбоотой юм. Орон нутгийн удирдлагууд ч өөрсдөө байгаль орчин, гол усаа хамгаалах хууль журмаа мэдэх, мэдэхгүй мөрдөхийг хүсдэггүйтэй нь илт. Үүнээс “50 метрийн онцгой хамгаалалтын бүс” гэх ойлголт амьдрал дээр огт хэрэгжиж, нийцэхгүй байгааг харж болно. Нэгэнт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хууль өөрөө “нөхөрлөл”-үүдэд таатай боломж олгож, байгалийг зүй бусаар сүйтгэж байгааг хариуцлагажуулах нэн шаардлагатай байна. Гэтэл хариуцлага, хариуцлагатай уул уурхай гэдэг нь мэргэжлийн компаниудын л түвшинд яригддаг зүйл шүү дээ. Монголд төдийгүй бүс нутагтаа байгаль орчны нөхөн сэргээлтээр жишиг болох үндэсний компаниуд бий болсон энэ үед төр тэдэнд давуу байдал олгоход ч гэмгүй юм. Ингэх нь байгаль орчиндоо ч, эдийн засагтаа ч үр өгөөжтэй хувилбар байх нь тодорхой.
Өнөөгийн мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөцийг сорчлолгүйгээр бүрэн дүүрэн ашигласан байх ёстой гэсэн заалт хүчинтэй үйлчилж байгаа. Нийгмийн амьдралын цаг үеийг дагаад бүхий л хууль, тогтоомжууд шалгагдаж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх учиртай. Харин нийгэмд эмх замбараагүй байдлыг өөгшүүлж, дэмжсэн, хууль бус үйлдлүүдийг газар авaхуулсан хууль, тогтоомж, журмуудыг даруй өөрчилж эдийн засгийг зөв хөгжилд оруулах нь тулгамдсан асуудал болоод байна.
“Бичил уурхайчид болон “нөхөрлөл” нэрийн дор онгон дагшин тусгай хамгаалалттай газар нутгуудад олборлолт явуулах, голын голдиролуудыг ашиглах үзэгдэл газар авч, цаашдаа ч 50 метрийн хамгаалалтын бүсийг ухуулахгүй байж чадахгүй болсон нь ил тод ойлгогдож байгаа юм. Ийм хууль бус үйл ажиллагаанаас улс ямар ч татваргүй, ямар ч валютггүй, ямар ч эрдэнэсгүй л үлдэж таарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )