Б.Ганзориг: Малын гоц халдварт өвчний вирус үүсгэгч хүйтэнд илүү тэсвэртэй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригоос малын гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

 

-Энэ жил шүлхий өвчний тархалт их байлаа. Улсын хэмжээнд өвчлөл буурч байна уу?

 

-Шүлхий өвчин дэгдээд хэдэн сар боллоо. Шүлхий өвчний яаралтай дархлаажуулалт хийх вакцин ОХУ-аас энэ сарын 11-нд ирсэн. Нийт 4.1 сая тун вакциныг Засгийн газрын Нөөцийн сангаас 2.9 тэрбум төгрөгийг гаргаж, үлдэгдэл зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ерөнхийлөн захирагчийн зардлаас гүйцээж худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний 67 голомт хорио цээрийн дэглэмээ цуцалж, 28 голомт хязгаарлалтын дэглэмтэй, 46 голомт хорио цээрийн дэглэмтэй байна. Эдгээр хорио цээрийн дэглэмтэй 45 голомтод яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. ОХУ-аас авсан 4.1 сая тун вакцинаас яаралтай дархлаажуулалт хийхээс гадна өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор тодорхой хувийг нь нөөцөлнө.

-Шинээр ирсэн 4.1 сая тун вакцинаа аль аймгуудад өгөх вэ?

-Архангай, Төв, Сэлэнгэ, Ховд, Дархан-уул, Дорнод аймгуудад вакцины тараалт хийж эхэлсэн.

-Шүлхий өвчин гарсан аймгуудаас хот руу мах оруулахгүй гэж байсан. Энэ нь хэрэгжиж байна уу?

-Аймгууд гэхээс илүү хорио цээрийн дэглэмтэй сум, орон нутгаас мал, махыг Улаанбаатар хот руу гаргахгүй гэсэн шийдвэр гарсан.

-Яг хэдэн сум, орон нутаг шүлхий өвчний хорио цээрийн дэглэмтэй байгаа вэ?

-Аймгуудын Мал эмнэлгийн газарт аль суманд хорио цээрийн дэглэм тогтоох чиглэлийг хүргүүлсэн. Одоогоор 45 голомтод хорио цээрийн дэглэмтэй байна.

-Хорио цээрийн дэглэмийг нь хэзээ цуцлах уу?

-Голомтот өвчин гарч хамгийн сүүлийн малд шинж тэмдэг илэрснээс хойш 28 хоногт өвчлөл нэмэгдэхгүй бол хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж 14 хоног болгож бууруулдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн мал өвчилснөөс хойш 42 хоногт хорио цээрийн дэглэмийг цуцалдаг.

-Сүүлийн мал өвчилснөөс хойш 42 хоногийн дараа байдал хэвийн гэж үзэх үү?

-Хорио цээрийн дэглэм дууссаны дараа хаалтын ариутгал халдваргүйтгэл хийж, цээрийг бүрэн цуцална.

-Мялзан, цэцэг өвчний дэгдэлт одоо байна уу?

-Цэцэг өвчнөөр хорио цээрийн дэглэм тогтоосон газар одоо байхгүй. Өмнө нь өвчилсөн голомтууд бүгд хорио цээрийн дэглэмээ цуцалсан. Өнгөрсөн аравдугаар сарын 11-ний өдрөөс хойш улсын хэмжээнд бог малын мялзан өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өчигдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр аймгийн нийт таван суманд таван голомт хорио цээртэй. Гурван аймгийн дөрвөн сумын долоон голомт, Улаанбаатар хотын нэг дүүрэг хязгаарлалтын дэглэмтэй, хоёр аймгийн найман сумын 24 голомтын хорио цээр бүрэн цуцлагдаад байна.

-Үхрийн арьс товруутах өвчин зүүн аймгуудад гарсан. Энэ өвчлөл буурсан уу?

-Өвчлөл хумигдаж байгаа. Нэг голомт хязгаарлалтын дэглэмд шилжсэн. 59 голомт хорио цээрийн дэглэмд байна. Голомт бүхий аймаг, сумдаас үхрийн гаралтай мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхгүй. Харин хонь, ямаа, адууны махыг тээвэрлэж болно. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт өвчлөл гарсан байснаас одоогоор Хэнтий аймагт өвчлөл нэмэгдээгүй. Өчигдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймгуудад аймгийнхаа хэмжээнд өдөрт таван үхэр өвчилсөн гэсэн мэдээ ирсэн.

-Энэ жил малын гоц халдварт өвчнүүд урьд жилүүдээс их гарав уу. Энэ нь юутай холбоотой бол?

-Энэ жил малын гоц халдварт өвчний тархалт нэлээд байлаа. Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрснээс эрүүл бүсээс олон тооны мал эрсдэлтэй бүсэд орж өвөлжсөн нь нөлөөлсөн. Ер нь малчид хариуцлагатай байх, үзлэг тандалт хийсний дараа тогтоосон нүүдлийн зам дагуу бүртгэл хийлгэж, мал эмнэлгийн хяналт дор нүүдэл хийж хэвших хэрэгтэй байгаа юм.  

-Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад малчдын зүгээс өөр яаж анхаарах ёстой вэ?

-Малчид отор нүүдэл хийхдээ сум орон нутагтаа мэдэгдэж Мал эмнэлгийн гэрчилгээ авч шилжилт хөдөлгөөн хийж байх, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулж хариуцлагатай байх, малаа байнгын хариулга маллагаатай байлгах хэрэгтэй. Мал эмнэлгийн нэгжид үйлчилгээ үзүүлэхэд хамтарч дэмжиж ажиллах гэх мэт олон асуудал байна. Манай ард түмэн мал маллагааны олон зуун жилийн арвин туршлагатай, соёлын үнэт өвтэй. Тиймээс нүүдлийн иргэншил, амин хайртай малаа хайрлан хамгаалж, зөв зүйтэй өсгөн үржүүлэх хэрэгтэй.

-Малын гоц халдварт өвчний сөрөг нөлөө юу вэ. Өвөл нэмэгддэг малын өвчлөл байдаг уу?

-Гоц халдварт өвчин нь вирусээр үүсгэгддэг, үүсгэгч нь хүйтэнд илүү тэсвэртэй. Гэхдээ манай орны хувьд өвөлжөөнд бууснаар малчдын малын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж харьцангуй гайгүй болдог. Малын гоц халдварт зарим өвчний үед Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас өвчилсөн малыг шууд устгах заалттай байдаг. Гоц халдварт өвчин ер нь сөрөг талтай. Хамгийн чухал нь аливаа улс орны худалдааны чөлөөт байдалд саад болдог.

Тиймээс мал эмнэлгийн салбар тухайн өвчний эсрэг голомтонд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлдөг малын гоц халдварт өвчний талаар зарлан мэдээлж, малчид, иргэдэд таниулж байх ёстой. Өвчний шинж тэмдэг илэрсэн, онош баталгаажсан тохиолдолд мал эмнэлгийн салбартаа, тухайн сум орон нутгийн иргэд, олон нийтэд мессэжээр сэрэмжлүүлэх мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хүргүүлдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top